Ливид үүссэн нөхцөл байдал намжих хандлагатай байгааг ажиглагчид онцолж байна. Босогчдын арми илүү зохион байгуулалттай болсон нь М.Каддафийн цэргүүдийг түгшээх болжээ. Үүний зэрэгцээ НАТО-гийнхан агаарын цохилтоо багасгаж эхэлсэн. Эсэргүүцлийн цуглаанаар эхэлсэн үймээн иргэний дайн болон даамжирч, олон хүний амь эрсэдсээр байгаа энэ үед Триполид байгаа дипломатчид босогчидтой хэлэлцээр хийх хүсэлтэйгээ илэрхийлэв.
НҮБ-ын хориг арга хэмжээний дагуу цэргийн ажиллагаа явуулж буй НАТО-гийн цэргүүдийн цохилт цаг агаарын байдлаас болж түр хугацаагаар зогссон тухай АР мэдээлжээ. Босогчдын эгнээнд цагдаа, эдийн засагч, дипломатууд ч нэгдсэн байна. Одоогоор Итали улс Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрсөн аж. Ливийн Засгийн газрын төлөөлөгч Муса Ибрагим “Бид босогчидтой тохиролцоход бэлэн. Гэхдээ тодорхой болзол тавина.
Тухайлбал, М.Каддафи Засгийн эрхэнд үлдсэн тохиолдолд улс төрийн өөрчлөлт шинэчлэл хийнэ” хэмээн сэтгүүлчдэд мэдээлснийг “Аль-Жазира” дамжуулав. Түүнчлэн санал асуулга зохион байгуулж, сонгууль явуулна хэмээн тэрбээр онцолжээ. М.Каддафийн хөвгүүд хэлэлцээр хийх саналыг энэ сарын 4-нд босогчдод тавьсан ч тэд хүлээж авсангүй.
Х.ОДОН