Казахстанд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарчээ. Тус улсыг 20 гаруй жил удирдаж буй Н.Назарбаев 95 хувийн санал авч ялалт байгуулсан тухай “РИА Новости” мэдээлэв. Казахстаны иргэдийн 90 гаруй хувь нь санал хураалтад оролцсон байна. Сонгуулийн төв хорооны мэдээлж буйгаар нэр дэвшигч Гани Касымов хоёр хувийн санал авсан аж.
Сөрөг хүчний намууд энэ сонгуульд оролцоогүй юм. Н.Назарбаевын төлөө саналаа өгөхгүй бол сургуулиас нь хөөнө гэж оюутнуудад шахалт үзүүлсэн хэмээн АР агентлаг мэдээлсэн байна. 2012 онд болох ёстой байсан сонгуулийг энэ жил явуулах болсон нь “Арабын орнуудыг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн Казахстанд “халдварлана” хэмээн эрх баригчид эмээснийх” гэж ажиглагчид үзэж буй.