Сирид ажиллаж амьдарч буй АНУ-ын иргэд, тэр дундаа дипломатчдыг тус улсаас гарахыг зөвшөөрчээ. “Сирид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсаас гарах, эсвэл өөрийн болон гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг та бүхэнд уриалж байна” хэмээн АНУ-ын Төрийн департамент иргэддээ хандан мэдэгдсэнийг АР дамжуулав.
Ойрхи Дорнод, умард Африкийн улсуудад гарч буй эсэргүүцлийн хөдөлгөөнд гадаадын иргэд өртөж, нас барсаар байна. Түүнчлэн сиричүүдийн дунд Америкийн эсрэг үзэл газар авч, тус улсад байгаа гадаад иргэдийг тагнуулч хэмээн баривчлах нь ихэсчээ. АНУ-ын Засаг захиргаа өөрийн иргэддээ онгоцны тийзийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн байна.
11 жилийн турш Сирийг удирдаж буй Ерөнхийлөгч Башар Асад өөрийн улсад болж буй жагсаал, цуглааныг тайван замаар тарааж, иргэдтэйгээ тохиролцоонд хүрнэ гэж мэдэгдсэн. Гэвч томоохон хотуудад газар авсан үймээний үеэр 120 гаруй хүн нас барсан гэх мэдээлэл байна.
Х.ЧИМЭГ