Лалын шашны ариун судар кораныг АНУ-ын пастор Уэйн Сапп шатаасан нь олон хүний дургүйцлийг төрүүлэв. Энэ явдлын дараа Афганистаны Кандагар хотод хэдэн мянган хүн гудамжинд гарч, америкчуудыг эсэргүүцэн жагсаал хийжээ. Тэднийг цагдаа нар тараах гэсний улмаас мөргөлдөөн үүсэж, 10 хүн нас барж, 70 гаруй нь бэртсэн байна.
Зарим хэвлэлд бичсэнээр “Талибан” хөдөлгөөний дайчид ч эсэргүүцлийн цуглаанд очсон гэнэ. Кандагарчууд эхлээд хотын төвд цугларч, дараа нь НҮБ-ын салбар руу очсон бөгөөд “Америкчуудыг түйвээнэ”, “Тэд ариун судрыг шатааж, биднийг доромжиллоо”, “Америкийн цэргүүдийг гарга” гэхчилэн хашгирч байжээ. Түүнчлэн ням гаригт ч үймээн үргэлжилж, хүний амь эрсэдсэн байна. НҮБ-ын хоёр ажилтан, Норвегийн нисгэгч эмэгтэй ч энэ үймээний үеэр нас баржээ.
Түүнчлэн Кабул, МазариШариф хотод ч ийм хөдөлгөөн өрнөв. Кабулд орших НАТО-гийн цэргийн бааз руу афганчууд гал нээсэн байна. Тэд АНУ-ын далбааг шатаасан аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж, энэ байдлын талаар хэлэлцсэн бөгөөд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни “НҮБын төлөөлөгчид Афганистаны төлөө ажиллаж байгаа. Тэдний амь насанд аюул учруулахгүй байхыг уриалж байна” хэмээжээ. Кораныг шатаасныг америкчууд ч буруушаав.
АНУ-д ажиллаж, амьдардаг лалын шашинтнууд “Ариун судрыг шатаасан нь лалын ертөнцийг бүхэлд нь доромжилж байгаа хэрэг” гэж үзжээ.
Х.ЧИМЭГ