Ирэх сарын 3-нд Казахстанд ерөнхийлөгчийн сонгууль болно. Ливи, Японыг тойрсон асуудал олон улсын анхаарлын төвд байгаа ч ээлжит бус энэ сонгуулийн талаар ажиглагчид дуугүй өнгөрөхгүй нь бололтой. 2005 оны арванхоёрдугаар сарын 4-нд долоон жилийн хугацаагаар тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Назарбаев ирэх сонгуулийн гол баатар байх нь. 2007 онд Казахстаны Парламент Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаагаар сонгох тухай хууль баталснаар 2015 оны арванхоёрдугаар сард болох ёстой байсан сонгууль наашилсан юм. Түүнчлэн Н.Назарбаев 2005 онд амлаж байсан мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлсэн аж.
Тус улсын ард түмэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2020 он хүртэл сунгах санал дэвшүүлж байсан. Харин Н.Назарбаев үүнийг эсэргүүцэж, сонгууль явуулахаар шийдсэн билээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг есөн жилээр сунгах бүх нийтийн санал асуулга явуулахыг АНУ, Европын холбоо шүүмжилснийг дурдах хэрэгтэй болов уу. Ерөнхийлөгчийн сонгуульд эхлээд 22 хүн нэр дэвшсэн ч ямар нэгэн шалтгаанаар тэдний 18 нь нэрээ татжээ. Одоо саналын хуудсан дээр дөрвөн хүний нэр тунаж үлдээд байна.
Хүн амын дунд явуулсан санал асуулгын дүнд Казахстаны иргэдийн 97 хувь нь Н.Назарбаевыг сонгох хүсэлтэй байгааг тогтоожээ. Тэгэхээр хэн Ерөнхийлөгч болох бол гэсэн элдэв таамаглал дэвшүүлэх шаардлагагүй юм. Сөрөг хүчний намаас сонгуульд нэр дэвшсэн хүн алга. Сонгуулийн кампанит ажил бараг дуусах талдаа орж буй энэ үед Н.Назарбаев 2016 онд болох дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн мэдэгдэв.
СӨРӨГ ХҮЧНИЙХЭН “ЖҮЖИГ”-Т ТОГЛОХГҮЙ
Үйл явдал ингэж өрнөсөнд Казахстаны сөрөг хүчнийхэн бэлэн биш байж. Сөрөг хүчний “Азат” нам сонгуульд оролцохгүй болсон шалтгаанаа ийнхүү тайлбарлав, “Ээлжит сонгууль 2012 онд болох ёстой байсан. Сонгуульд оролцох бүх нам хэвлэл, олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах, кампанит ажлынхаа тухай мэдээлэх эрхтэй. Энэ нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд би оролцохгүй.
Эрх баригчид өөрсдийнхөө зохиосон жүжигт өөрсдөө тоглоцгоог” гэж Болат Абилов мэдэгдсэн. Бусад нам ч үүнд санал нэгдэж, сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ. “Жүжиг”-т оролцох шалгуурыг хэн давсан бэ? Нурсултан Назарбаев, Коммунист намын тэргүүн Жамбыл Ахметбеков, “Эх оронч” намын тэргүүн Гани Касымов, "Табигат" ногоон хөдөлгөөний тэргүүн Мэлс Елеусизов нар.
Барууны ажиглагчдын үзэж буйгаар Н.Назарбаев сонгуульд ялна гэдгийг нөгөө гурав нь сайн мэдэж байгаа, тэд ялахын төлөө бус “хань болох”- ын тулд л нэрээ дэвшүүлсэн аж. Тухайлбал, Мэлс Елеусизов “Би ялахын тулд биш, экологийн тулгамдсан асуудлын талаар ард түмэнд хүргэх зорилготой” гэсэн нь үүний нэг баталгаа гэнэ.
КАМПАНИТ АЖИЛ
Н.Назарбаев сонгуулийн өмнө кампанит ажил бараг явуулсангүй. Тэрбээр зөвхөн он гарсны дараа ард түмэндээ хандан ойрын таван жилд хийх ажлынхаа тухай танилцуулсан юм. Түүнээс гадна мужуудын захирагч (аким) нарыг ил, далд сурталчилгаа явуулахыг хориглосон. “Хэрэв Ерөнхийлөгч хот тосгоноор явж, хүмүүсийн өмнө ухуулга хийгээд зогсоод байвал төрийн ажил цалгардана” гэж Засгийн газар үзэж байна. Бусад нэр дэвшигч ч телевиз, радио, сониноор дамжуулан сонгогчидтой харьцаж буй аж.
Сонгуулийн өдрийн өглөө 07.00 цагаас орон даяар санал хураах 9700 хэсэг ажиллана. Гэхдээ хэдэн хүн саналаа өгсөн байх нь хамаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, зарим оронд байдаг шиг босго тогтоогоогүй байна. Хүн амын 30 хувь нь саналаа өгсөн байсан ч сонгууль явагдсанд тоо цох юм. “Freedom House” байгууллагын мэдээлснээр сөрөг хүчнийхэн саналаа өгөхгүй байхыг ард түмэнд уриалсан аж. Ажиглагчдын үзэж буйгаар хэрэв хүн амын дийлэнх нь саналаа өгөөгүй тохиолдолд сонгуулийн дүнг хүчингүйд тооцохыг сөрөг хүчнийхэн шаардаж магадгүй байгаа гэнэ.
Засгийн газар үүнээс л болгоомжилж босго тогтоохгүй байхаар шийдсэн гэх таамаглал байна. Сонгуулийн явцыг олон улсын байгууллагууд, 100 гаруй хэвлэлийн төлөөлөгчид ажиглах юм. Сонгуулийн дараа Сайд нарын танхим болон Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийнэ гэж ажиглагчид үзэж байгаа. Ерөнхий лөгч суудалдаа үлдсэн ч Казахстанд өөрчлөлт гарна хэмээн тэд өгүүлжээ.
Х.ОДОН