Зимбабвегээс уул уурхайн бүтээгдэхүүн олборлодог гадаадын компаниудыг зургаан сарын дотор хувьцааныхаа 51-ээс багагүй хувийг орон нутгийн иргэн, эсвэл компанид эзэмшүүлэхийг ноён Мугабе шаардсан байна. Энэ журмаа өнгөрсөн даваа гаригт олон нийтэд танилцуулснаас гадаадын хөрөнгө оруулалт бүрхэг болж буйг AFP онцолжээ.
Өнгөрсөн сард тус улсын уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын зардал 2000 хувиар өсөж, нэг сая ам.долларт хүрсэн бөгөөд бэлэн мөнгөний их урсгалыг уул уурхайгаас шахан зайлуулах гэж Ерөнхийлөгч Роберт Мугабе оролдож байгаа нь энэ аж. Өнгөрсөн онд баталсан дээрхийн ижил заалттай хуульд 500 мянган ам.доллараас багагүй хөрөнгөтэй гадаадын компаниуд Зимбабвегийн үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцааныхаа 51-ээс доошгүй хувийг эзэмшүүлэхээр тусгасан байж.
Гэтэл өнгөрсөн даваа гаригт танилцуулж, мөрдөж эхлээд буй эл журамд нэг доллараас багагүй хөрөнгөтэй уул уурхайн компани хэмээн тодотгож өгсөн байна. Тус улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд тавдугаар сарын 9 гэхэд худалдааны төлөвлөгөөгөө холбогдох албаныханд хүргэж, хувьцааны шилжүүлгийг есдүгээр сарын 25 гэхэд гүйцэтгэсэн байх ёстой аж.
“Их британи, америкчууд аа сонс. Хэрвээ танай компаниуд манай уул уурхайн салбарт орохыг хүсвэл үүд хаалга нээлттэй. Гэхдээ манай улсын иргэд гол хувьцаа эзэмшигч нь байх ёстой. “Anglo American”, “Rio Tinto” та нар ч гэсэн хувьсаж, Зимбабвегийн компани болох учиртай. Бид хар хүмүүсийг хүсэж байна” хэмээжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН