Эрх баригчдын удаа дараагийн оновчгүй шийдвэр иргэдийг туйлдуулж гүйцэв. Тэвчээр нь алдарсан залуусын төлөөлөл өчигдөр төв талбайд цуглаж, наадам хийхийг эсэргүүцэж буйгаа шулуухан илэрхийлсэн. Барьцаж буй аятай уяачид өнөөдөр Сүхбаатарын талбайд морьтойгоо ирж, “наадам хийнэ” хэмээн хийрхэцгээв. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан төр засаг оновчгүй, хуудуутай, заримдаа “нялцгай” шийдвэр гаргаж ирсэн нь залуус хийгээд уяачдыг “No naadam”, “Yes naadam” хэмээн хоёр талцахад хүргэсэн. Ерөөсөө л өчигдөр, өнөөдрийн үйл явдалд Засгийн газар 100 хувь буруутай гэхэд хилсдэхгүй. Тодорхой хэлбэл, Ерөнхий сайд “Зургадугаар сарын 15 гэхэд өвчлөлийг хумина. Ковидгүй зун болно, наадмаа хийнэ” гэсэн нь иргэдэд хүлээлт үүсгэсэн. Үүнд нь итгэсэн уяачид, бөхчүүд, харваачид бэлтгэлээ базааж эхэлсэн. Харамсалтай нь, ковидыг хумих дорвитой ажил хийгээгүй. Энэ нь аж ахуйн нэгж хийгээд иргэдэд хүнд туссан.
Ер нь эрх баригчид ковидгүй зуны төлөө гэсэн уриалгынхаа эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, Ерөнхий сайдыгаа “хорлочихсон”. Халдварын тоо багасаж, хэвийн амьдралдаа удахгүй шилжинэ гэсэн итгэл, найдварыг тээсэн иргэд өдий хүртэл төр засгийн шийдвэрийн өмнө харин ч хүлээцтэй хандсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж, өөрсдийн гаргасан хууль дүрмээ зөрчиж, хүний бөөгнөрөл үүсгэж, ногоон бүс байсан аймаг, сумдад коронавирус халдварыг зөөвөрлөн тарааснаар наадам хийх боломжгүй болсон.
Чухамдаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулснаар халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, нас баралт өдөрт 15-аас буурахаа байсан. Тодорхой хэлбэл, альфа буюу Их Британи хувилбарын мутацилагдсан вирус манай иргэдийн дунд хурдтай тархаж, өнөөдөр өвдсөн хүмүүсийг эмчлэх эмч олдохгүйдээ тулаад буй.
Анхнаасаа л бүх эрсдэлээ мэдсээр байж наадмаа өнжих зоригтой шийдвэр гаргаагүй нь төр засгийн буруу гэх хүн цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, дээдсүүд “Наадмаа орон нутагт хийхгүй, нийслэлд хийнэ. Гэхдээ цахимаар хийнэ” гэх мэтээр шуум тарааж, иргэдийн санаа бодлыг тандаж, тодорхой бус байдал гаргаж дүлэгнэсээр өнөөдрийг хүрсэн. Тиймээс иргэдийн тэвчээр алдарч, нийлж, нэгдэн төрийн өөх ч биш булчирхай ч биш шийдвэрийг эсэргүүцсэн. Аргагүйн эрхэнд төр өнөөдөр зөв харж инээж, буруу харж уйлсаар наадмаа цуцлах шийдвэр гаргав. Яг наадмаа цуцалсан уу гэвэл бас үгүй. Наадмын нээлт, хаалт хийнэ гэхчлэн араас нь мэдээлэл хийсэн. Гэхдээ хэдэн төгрөг зарцуулж буйгаа нууцална лээ. Яг яах гээд байгаа нь тодорхой бус, эргэж буцсан эдгээр “нялцгай” шийдвэрүүд нь иргэдийн ийн хоёр хуваагдахад хүргэсэн юм. Эрүүл бол ирэх жилийн наадам үзнэ гэдэг. Анхнаасаа иргэдийнхээ төлөө энэ жил наадам хийхгүй гэдэг шийдвэрийг зоригтой гаргасан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байв. Төрийн дээр дурьдсан “нялцгай” шийдвэрийн улмаас коронавирусийн халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй эндсээр. Тэр ч бүү хэл коронавирусийн халдварын улмаас хорвоод мэндлээд удаагүй хоёрхон сартай хүүхэд нас барсан. Бас эмнэлгийн байгууллага нь халдвараар өвчилсөн иргэдээ эмчилж чадахгүйд хүрч, эмч, эмнэлгийн ажилчид ковидын өмнө үнэхээр туйлдаж, цөхөрч буйгаа илэрхийлсэн. Эрх баригчдаас иргэдээ гэсэн сэтгэлтэй эрхэм нэг ч алга бололтой. Тиймдээ ч ард түмэн өнөөдөр туйлдаж, аргагүй эрхэнд төв талбайд ирж үзэл бодлоо илэрхийлж, улмаар санал зөрөлдөв.
Уг нь бид хоорондоо муудалцаж наадам хийнэ, хийхгүй гэж талцах биш, харин нийлж нэгдээд ийм байдал үүсгэсэн эрх баригчдаас хариуцлага нэхэх учиртай сан.