Украины Ерөнхийлөгч асан Леонид Кучмаг одоогоос 10 жилийн өмнө нас барсан сэтгүүлч Георгий Гонгадзегийн үхэлд буруутай хэмээн үзэж байна. Киевийн Прокурорын ерөнхий газарт түүнийг дуудаж, байцаасан бөгөөд хотоос гарахыг нь хориглосон аж.
Тэрбээр “Би тайван байна. Хууль сахиулагчид энэ хэргийн үнэн мөнийг тогтооно гэдэгт итгэж байгаа. Би хэрэгт холбоогүй, буруугүй болохоор санаа зовохгүй байна” гэжээ. “Украинская правда” сонинд ажилладаг байсан сэтгүүлч Георгий Гонгадзегийн цогцсыг 2000 оны есдүгээр сард Киевээс холгүй газраас олсон билээ.
Түүнийг нас барсны дараахан Леонид Кучматай төстэй дуутай хүн “Сэтгүүлчийг дуугүй болго” гэж хэлснийг бичсэн хальс олдсон бөгөөд энэ хуурцаг Ерөнхийлөгч асныг гэмт хэргийн “захиалагч” гэж үзэх үндэслэл болжээ.