Бидний аялах дуртай “Хуарангийн шөнө”, “Насны намар”, “Зүрхний уяа” “Сүүн далай ээж”, “Монгол омогшил”, Зүүдэн бороо” зэрэг олон дууны аяыг зохиосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Магсаржавыг өнөөдрийн “Онцлох зочин”-оор урилаа. Түүнтэй хүмүүний амьдралыг хөглөж ирсэн, хөглөсөөр ч байх дуу хөгжмийн талаар хөөрөлдлөө.
- Ард түмний аялах дуртай олон сайхан дууг зохиосон байх юм. Тэр ая эгшиг таниас хэрхэн ундардаг юм бэ?
-Монгол түмний зан заншил болон аж амьдрал, хүний сэтгэл хөдлөлийг мэдэрч, тэр мэдрэмжээ ая эгшиг болгож хүмүүст хүргэхийг зорьдог. Би дөрвөн настайгаасаа баянхуур хөгжимтэй нөхөрлөсөн. 15 настайдаа анхны уран бүтээл “Сүүн далай ээж” дууныхаа аяыг зохиож байв. Багаасаа л уран бүтээл хийж эхэлсэн минь ард түмэнтэйгээ ойр дотно байсны илрэл болов уу.
-Ямар үед ихэвчлэн аялгуугаа зохиодог вэ. Зохиолчдынхоор бол онгод хөг тань хэзээ орж ирдэг вэ?
-Ямар ч үед онгод ирж болно. Онгод гэдэг их сонин зүйл. Яг тийм үед онгод ороод ая эгшиг зохиодог гэж хэлэхэд бэрх. Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөх эсвэл гуньж гутрах ч юм уу, гэнэт унтаж босож ирээд дууны ая зохиох гэх мэт тодорхойгүй зүйл. Уран бүтээл хийдэг хүн бүрт онгод бий. Харин хэрхэн илэрч гарч ирдэг нь ялгаатай. Миний хувьд шүлэг дээр их ажилладаг. Тухай шүлгийн хаана нь өргөлт оруулах уу, гуньж гутарч, баярлаж байгаа хэсэг дээр нь ямар хөг, аялгуу оруулах уу гэдэгт ихээхэн анхаардаг.
-Аян замын уртад хэн гэдэг уран бүтээлчтэй хамтарч хамгийн их дуу зохиов, алтан “портнёр” гэж бий юу?
-Бүх дуучин нартай хамтарч ажилладаг. Хамгийн их ойр дотно байж уран бүтээлээ хамтарч хийдэг хүмүүс бол яруу найрагчид. Дараа нь дуучиндаа тохируулж дуугаа өгдөг. Сүүлийн үед илүү олон хүнтэй хамтрах болсон. Нэрлэвэл урт жагсаалт гарна. Бараг 600 гаруй хүн бий. Эдгээрээс миний алтан портнёр гэвэл бурхны оронд очсон Гавьяат жүжигчин Н.Төмөрхуягийг нэрлэнэ. Бид хоёр их дотно байсан. Их авьяаслаг дуучин. Миний аялгуу түүний дуу хоолойтой их сайн зохицдог байлаа.
-Та дөрвөн настайгаасаа дуу хөгжимтэй нөхөрлөсөн хүний амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлбөл яах бол?
-Их сонин асуулт байна. Хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлнө гэхэд бэрх. Би эхээс төрөхдөө таван кг байсан учраас аав намайг бөх болгохыг мөрөөдөж байсан. Харин урлаг хэмээх гайхамшигтай ертөнц рүү орох замналыг ээж минь нээсэн. Сонирхуулж хэлэхэд нэг настай байхдаа радиогоор хөгжим дуугарахаар хөгжмийн хэмнэлээр хөл нь хөдөлж байхыг ээж минь анзаарч их авьяаслаг гэдгийг минь мэдэрсэн гэдэг.
Мөн дуу хөгжим рүү ороход нөлөөлсөн зүйл нь манай нутгийн авьяаслаг ард түмэн. Би Увс аймгийн Тэс сумын харьяат. Манай сумд маш олон авьяаслаг хүмүүс их бий. Айл болгон шахуу морин хуур бас баянхууртай. Нэг айлаас гараад, нөгөө айлд ороход л концерт болох шахуу юм болно. Энэ нь надад их нөлөөлсөн. Жишээ нь ардын дууч Д.Бурмаагийн аавынд хүүхдүүд нийлж концерт тоглодог байлаа. Тэдний хүүхдүүд их авьяаслаг. Тэр хүүхдүүдээс олон түмэндээ хүндлэгдсэн сайхан дуучин олон төрөн гарсан. Ингээд л дөрвөн настайгаасаа дуу хөгжмөөр хөглөгдөж, ээжийнхээ захиасыг чанд биелүүлснээр нууц авьяас минь илүү их хөгжсөн.
-Баянхуур хөгжмийг харахад хүнд санагддаг. Хэдэн кг байдаг юм бэ?
-Дөрвөн настай хүүхэд шиг 20 гаруй кг жинтэй. Баянхуурыг өвдгөн дээрээ тавьж байгаад тоглодог байлаа. Хөгжмийн зохиолч болоход “Баянхуур” хөгжим их нөлөөлсөн.
-Дуу хөгжмөөр дамжуулж хүнд нөлөөлнө гэдэг амаргүй. Сайн л аялгуу зохиохгүй бол ард түмэн тоохгүй. Харин таны зохиосон ая болгон тэднийг хөглөдөг. Яаж чаддаг юм бэ та ?
-Хүмүүст уран бүтээлээ хүргэхийн тулд маш их хөдөлмөрлөнө. Миний хувьд дууны төрөл, хэв маягийг их судалсан.Хүний амьдрлын үнэн түүх шүлэг, аялгуунд шингэж дуу “төрвөл” ард түмэнд илүү их хүрдэг. Хийсвэр уран бүтээл хийх дургүй. Аль болох бодит амьдралаас урган гарсан үйл явдлаас сэдэвлэж уран бүтээлээ хийдэг нь миний нэг давуу тал болов уу. Ганцхан уран бүтээлийг хийхийн тулд хөгжмийн зохиолч бүрээс асар их хөдөлмөр, мэдрэмж шаарддаг. Хөдөлмөр шингэсэн аялгуу минь ард түмэнд хүрэх тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй сайхан. Мөн миний бусдаас ялгарах нэг онцлог бол яруу найрагчидтайгаа маш их зөвлөлдөж шүлэг дээрээ их ажилладаг.
-Уран бүтээлээрээ дамжуулж хүнд юуг мэдрүүлэхийг хүсдэг вэ?
-Дуу хөгжим бол гайхамшиг. Дөрвөн мөртэй шүлэг, түүнд тохирсон аялгуу нь асар олон утгыг илэрхийлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, урлаг нь хүнд гоо зүй, ухаарал, ёс суртахуун зэрэг маш олон зүйлийг ухааруулж, ойлгуулах увидастай. Дуу хөгжим байхгүй бол хорвоо ертөнц их уйтгартай байз дээ.
-Танд хөгжим тоглохоос өөр нууц авьяас байдаг уу?
-Өөрийгөө уяан зөөлөн, их мэдрэмжтэй нэгэн гэж боддог. Хүн бүр мэддэггүй нэг нууц авьяас гэвэл багшлах юм уу даа. Миний ээж мэргэжлийн багш биш мөртлөө багш шиг хүн байсан. Орон нутгийнхан маань ээжээс ирж зөвлөгөө авдаг байв. Хүний мэдэхгүй, яах учраа олохгүй байгаа зүйлийг олж харж, хүнийг нээнэ гэдэг багш хүний л чадах ажил. Ээжийн минь энэ авьяас надад өвлөгдөн 15 настайгаасаа багшилсан түүх надад бий. Ямар ч сахилгагүй ангийг сахилга баттай болгож хүмүүжүүлдэг л байсан. Хүнд юм сургаж чадна гэдэг нэг төрлийн авьяас гэж боддог.
-Хамгийн багадаа 600 гаруй хүн шүлгээ барьж танд ханддаг гэсэн. Сэдвээ харж аялгуу зохиодог уу?
- Би нийгэмдээ тохирсон уран бүтээлийг хийе гэж маш их боддог. Залуучууд ямар зүйлийг илүү их сонирхож байгааг анзаарч аялгуу зохиохыг хичээдэг. Сүүлд жааз маягийн дууны ая зохиосон. Түүх нь их сонин. н.Болдбаяр гэдэг жолооч залуу бүжиглээд дуулдаг хэмнэлтэй дуу хийлгэмээр байна гээд надад шүлэг авчирч өгсөн. Би жааз маягийн дууны ая бичдэггүй. Гэхдээ орчин үе тийм дуу шаардаад байгаа юм шиг санагдсан. “Хайрт минь чамдаа” дууны аяыг зохиох гэсэн нэг л болж өгдөггүй. Тэгээд ая тоглож байсан чинь миний хань босож ирээд бүжиглэсэн. Түүнээс нь сэдэл аваад “Хайрт минь чамдаа” гэдэг дууны аяыг зохиосон түүхтэй. Ингэж л нийгэм, цаг үе, амьдралтайгаа холбож уран бүтээлээ хийх нь тохиромжтой санагддаг. Миний хувьд ардын дуу, нийтийн дуун дээр тулгуурлаж үйл явдалтай дууны ая зохиодог. Жишээ нь “Ээжийн чанасан цай” дуу нь зүгээр нэг ээж биш ээж хүн цай чанаж байгаа талаар яагаад бичиж болохгүй гэж бодоод дуучин С.Жавхлангийн аавтай зөвлөлдөж бичсэн. Мөн хилийн штабаар явахад хар нүдэн бүсгүйг хараад “Хар нүдэн бүсгүй” гэдэг дуу бүтсэн. Дуу бүр өөр өөрийн гэсэн бүтсэн түүхтэй гэдэг нь энэ.
-Монгол Улсын үндэсний урлагийн их театр таныг урьсан гэж сонслоо
-Уг театраас надад ажиллах санал ирж, ерөнхий хормейстрээр ажиллахаар болсон. 70 жилийн түүхтэй Үндэсний урлагийн их театрт ажиллах болсондоо баярлаад ханшгүй. Миний шүтэн биширч явдаг алдартнууд тус театрт ажиллаж байсан. Төрийн хошой шагналт, Монгол Улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдөж, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүлтгэлтэн Д.Мяасүрэн зэрэг олон алдартнуудын ажиллаж байсан газар ажиллах болсондоо таатай байна.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн олз омог арвин байх болтугай. Сүүлийн хормыг танд үлдээе
-Сүүлийн үед ханьтайгаа хамтарч өөр өөр сэдвээр олон дуу хийж эхэлсэн. Жишээ нь “Амин зүрхний дуулал” дуу нь хүний амьдралыг бүхэлд нь багтаасан сайхан уран бүтээл болсон. Энэ дууг эхнэрийнхээ дүүд зориулж бүтээсэн. Дүүг маань н.Чулуун гэдэг. Дөрвөн өнчин хүүхэдтэй үлдсэн. Дүүгийнхээ сэтгэлийг дэмжих зорилгоор уг уран бүтээлээ хийсэн түүхтэй. Дүү маань дуунд их дуртай. Машиндаа байнга сонсож сэтгэлээ хөглөж явдагт нь баярладаг.
Мөн “Гэхийн цагт” гэж эмчийн тухай дууг МУГЖ Ж.Уранчимэг удахгүй ард түмэндээ хүргэнэ. “Хүний амьдрал сайхан” гэдэг их содон нэртэй шинэ уран бүтээлээрээ удахгүй ард түмнийхээ сондрыг мялаахаар хөдөлмөрлөж сууна даа.