Өсвөр насны хүү 16 настай төрсөн дүүгээ хөнөөж, улмаар мөчилж, шуудайд хийгээд гудамжинд хаясан аймшигт хэрэг өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард гарч байсан. 18 настай хүүгийн гарын хээ, бусад ул мөр цогцсоос олдсон гэдэг. Мөн шуудайтай зүйл үүрч яваа хүүгийн бичлэг гудамжны хяналтын камерт үлдсэн гэдгийг эх сурвалж хэлдэг. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусаж, прокурорт шилжүүлсэн бөгөөд улмаар шүүх уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцэхээр товлосон. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийг ирэх сарын 12-нд хэлэлцэхээр хурлыг хойшлууллаа. Учир нь хохирогчдийн өмгөөлөгч "Ковид-19" цар тахлын улмаас хөл хорионд орсон гэнэ.
Хэргийн талаар эргэн сануулахад, 16 настай охин 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ явахаар гэрээсээ гарсан гэнэ. Улмаар ар гэрийнхэн нь охиноо сураггүй болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрэн сурвалжилж байсан юм. Харин арваннэгдүгээр сарын 23-ны 21.45 цагт нэгэн иргэн сураггүй болсон гэх охины цогцсыг гудамжнаас олж, 102 дугаарт дуудлага өгснөөр хэрэг илэрсэн билээ.