Үндэсний үйлдвэрлэгч, монгол компаниудын санхүүжилтээр барьж буй Мөсөн Өргөө цогцолборыг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулахаар болжээ. 200 гаруй дотоодын аж ахуй нэгж, байгууллагын 500 орчим ажилчдын хөдөлмөрөөр босож буй эл бүтээн байгуулалт нь олон улсын Олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн талбайтай гэдгээрээ онцлогтой. Одоогоор тус бүтээн байгуулалтад 40 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд мөсөн талбайг монгол инженерүүд барьжээ. 3500 хүний багтаамжтай эл цогцолборын барилгын ажилд одоогоор 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.
Мөсөн Өргөө 3500 хүн хүлээн авах хүчин чадалтай
Мөсөн Өргөө төслийн захиалагчаар “Степпе Арена” ХХК, гол санхүүжигчээр “Ачит Ихт” ХХК ажиллаж буй. Үүнээс гадна “Степпе линк”, “МАК”, “UPC” зэрэг үндэсний үйлдвэрлэгч компаниуд хөрөнгө оруулан, хамтран ажиллажээ.
Барилгын зураг төслийг Монголын “Анаграм”, Канадын HDR/CEI болон VDA Architecture Limited компанитай хамтран гаргаж, 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд шав тавих ёслолыг зохион байгуулсан аж. Харин олон улсын Олимпын хорооны стандартад нийцсэн гэх 60х30м хэмжээтэй мөсөн талбай, тоног төхөөрөмжийг угсрах, гүйцэтгэх тендерт Австрийн АST компани шалгарчээ. Харамсалтай дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоож, улс хоорондын нислэг хязгаарлагдмал болсон учир тус компанийнхан эл ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон аж. Тиймээс монгол инженерүүд мөсөн талбайг өөрсдөө барьсан гэнэ. Энэ талаар “Степпе Арена” компанийн хяналтын инженер Т.Энхтайван “Мөсөн талбай нь суурь, халаалт, хөргөлт, мөс гэх дөрвөн давхаргаас бүрдэнэ. Суурийн давхарга нь 200, халаалтынх 60, хөргөлтийнх 130, мөснийх 35 мм-ын зузаантай. Тус ордон 2500-3500 хүний суудалтай бөгөөд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээнээс гадна мөсөн талбайг зориулалтын хучлага шалаар таван цагийн дотор хучиж, сагсан бөмбөг, гар бөмбөг, гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах боломжтой” гэв.
Дотор гэрэлтүүлгийн 70 хувийг нарны эрчим хүчээр хангана
Мөрөөдөл биелэх “Мөсөн өргөө” ордон нийтдээ 105 метр урт, 65 метр өргөн, 7897 ам метр талбайтай. Барилгын суурь болон хийцэд 121 багана, холбоос дам нуруунд 425 тонн арматур зангидаж, 3500 шоо метр бетон цутгалт хийгджээ. Автомашины зогсоолыг хоёр эгнээгээр оруулж, гурван эгнээгээр гаргах зохион байгуулалттай хийжээ. Нарны эрчим хүчээр дотор гэрэлтүүлгийн 70 хувийг хангахаар тооцоолсон бөгөөд нарны шууд тусгал оруулахгүйгээр барилгын зургийг бүтээсэн гэнэ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүч ашигладаг монголын анхны спорт цогцолбор болох аж. Одоогоор барилгын ажил 85 гаруй хувьтай үргэлжилж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль ч өнцгөөс тоглолтыг үзэх боломжтой
Мөсөн Өргөө барилгын дээврийн өвөрмөц төмөр хийцийг “Огторгуйн хийц” хэмээн олон улсад нэрлэдэг. 68 метр үргэлжлэх залгаасгүй дээвэр, 64 метрийн алслалттай огторгуйн хийцийг БНХАУ-д үйлдвэрлэж, Монгол инженерүүд угсарчээ. Энэ талаар төслийн менежер Г.Нарантуяа “Монголд үйлдвэрлэдэггүй, төмөр хийц, шаардлагатай барилгын материалыг урд болон хойд хөршөөс захиалан, үйлдвэрлүүлсэн. Харин барилгын бусад материалыг үндэсний үйлдвэрлэгч компаниудаас худалдан авсан. Ер нь монгол инженерүүд болон үндэсний үйлдвэрлэгчийн хүч, хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалт гэхэд хилсдэхгүй. Барилгын доод хэсэгт техникийн удирдлагын хэсэг болон эзэн, зочин багийнхны хувцас солих өрөө, тамирчдын бие халаах өрөөнүүдтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдаас ялгаж, өөр газар суулган, тодорхой орон зайг зааж өгөх нь манай улсад нийтлэг үзэгдэл болоод уджээ. Манай Мөсөн Өргөө цогцолбороор үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулалтын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлж, өөрийн хүссэн өнцгөөс тэмцээн, уралдааныг харж, саадгүй үзэх боломжтой. Бид тэдний тав тухыг хангахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан” гэлээ.