Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Уг шийдвэрийн дагуу нийслэлд гацсан иргэд болон хөдөө орон нутагт ээлжээр ажилладаг хүмүүс заавал PCR шинжилгээ өгч байж хөдөө орон нутаг руу зорчино. Иймд шинжилгээ авч байгаа цэгүүдэд ачаалал үүссэн эсэх, мөн иргэд шинжилгээ өгөх цагтаа орж чадаж байна уу, иргэдийн бөөгнөрөл үүсэж байна уу , шинжилгээ авч байгаа цэгүүдийн нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжлахаар бид Монгол гуравдугаар сургуулийг зорилоо.
Биднийг очиход 5-6 цагдаагийн албан хаагчид хүн хоорондын зайгаа барихыг анхааруулж, бусад шинжилгээний цэгүүдийн хажууд иргэд нэг дороо бөөгнөрөл үүсгээгүй, зохион байгуулалт сайтай харагдав. Сургуулийн хоёр талд иргэд уртаас урт дараал үүсгэн хүн хоорондын зайгаа барин дараалан зогсож байлаа. Ямар учраас хоёр талд дараалан зогсож байгаа талаар иргэдээс тодруулахад, "Сургуулийн баруун талд коронавиусийн шинжилгээ өгөх цаг авсан иргэд урт дараалал үүсгэн зогсож байгаа бол нөгөө талд нь цаг авах гэсэн боловч дүүрсэн учир ийнхүү хоёр талд шинжилгээ өгөхөөр зогсож байна" гэдгийг иргэд хэллээ. Мөн шинжилгээ өгөхөөр маш удаан хугацаанд дараалан зогсож байна, харьяа дүүргийнхээ шинжилгээ өгөх цэг дээр цаг авах гэсэн боловч цаг нь дууссан учир өөр дүүрэг дээр цаг авч шинжилгээ өгөхөөр зогсож байна гэв. Иймд иргэд шинжилгээ авах цэгүүдийг нэмэх хэрэгтэй гэдгийг онцлов. Учир нь хөдөө орон нутгийг зорих иргэд цөөнгүй байгаа учир шинжилгээний цэгүүд нь хүрэлцээ муутай учраас шинжилгээ авч байгаа цэгүүдэд ихээхэн ачаалал үүсэж байгаа юм.
Тэгвэл Нийслэлд одоогийн байдлаар коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байгаа талаар холбогдох албаны хүмүүс тодруулахад дараах мэдээллийг өглөө. Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Мөн Сонгино-Хайрхан, Баянзүрх дүүрэг зэрэг хүн ам олонтой дүүрэгт гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг тус бүрд шинжилгээ авах хоёр цэгийг ажиллуулж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Шинжилгээний сорьцыг шинжлэх лаборатори дүүрэг бүрд ажиллаж байна. Мөн ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвүүдэд ажиллаж байгаа бөгөөд цаашид шинжилгээний цэгүүд байнга ажиллана гэв.