Иргэдээс Скаймедиа болон Юнивишн компанитай холбоотой багцыг автоматаар сунгаж төлбөр тооцоо авдаг, хурд муу, их гацдаг гэх мэт санал гомдол ШӨХТГ-т иржээ. Тодруулбал, ирж буй санал гомдлын 2.5%-ийг Скаймедиа компани, 3.5%-ийг Юнивишн компанитай холбоотой санал гомдол эзэлж байна.
Уг асуудлын талаар ямар хяналт шалгалт хийж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр, Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Скаймедиа, Юнивишн компаниудын хувьд хэт их ачаалал гэнэт орж ирсэнтэй холбогдуулан гацалт үүссэн, багцыг автоматаар сунгаж байна, илүү төлбөр тооцоо авдаг, төлбөртэй суваг зэрэг дөрвөн асуудал дээр өнөөдрөөс эхлэн Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хяналт шалгалтыг хийж байна" гэв.
Мөн иргэдээс ирсэн санал гомдлын талаар өчигдөр ШӨХТГ-аас компаниудын удирдлага, тухайлсан асуудал хариуцсан албан тушаалтнуудтай цахим хурлыг хийжээ.
Хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгчээ. Үүнд:
- Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарсан хяналт шалгалтыг хийх
- Тодорхой асуудлууд дээр, тухайлбал багцыг автоматаар сунгадаг асуудал дээр хэрэглэгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэх албан шаардлага хүргүүлэхээр болжээ
- Техник технологийн чадавхыг эх үүсвэрээс нь тодруулах, тухайн улсын Шударга өрсөлдөөний хороо, олон улсын байгууллагад хандаж шалгуулах
- Гомдол гаргагч иргэдийн листийг нэг бүрчлэн гаргаж тус компаниудад хүргүүлэх, тус компаниуд гомдлын мөрөөр ажиллаж шийдвэрлэх үүрэг өглөө.
- Интернет хурдыг гомдлын дагуу компаниас томилогдох баг очиж шалгалт хийх
- Гадаадаас хандсан хэрэглэгчийн гомдлыг барагдуулж төлбөрийг буцаан олгох.
- Аж ахуйн нэгжүүдэд тулгарсан асуудлыг төрийн холбогдох байгууллагад ШӨХТГ-аас санал хүргүүлэхээр боллоо. Бусад мэдээллийг хяналт шалгалт хийгдсэний дараа нэгтгэн мэдээлэх ба тус гомдлын мөрөөр байнгын хяналт тавьж эцэслэн ажиллах юм байна.