Сэлэнгэ аймгийн Мандал сумаас тархины цус харвалт гэсэн оноштой ирсэн 10 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Талийгаач охин, ээжийн хамт арваннэгдүгээр сарын 20-ний 20:00 цагт ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт ирсэн байна. Гэтэл хүүхдийг нь эцэг эхээс нь PCR шинжилгээ өгөөгүй хэмээн салгаж коронавирусийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу гартал хүүхдийг улаан тууз татсан, халдвартай гэсэн өрөөнд тусгаарлан хэдэн цаг болжээ.
Хариу нь 21-ний 17:15 цагт сөрөг гарсан. Улмаар хүүхдийг Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлж олон улсын дүрмийн дагуу Сэхээний тасаг дахь тусгаарлах өрөөнд хүүхдийг оруулсан байна. Хүүхдийн ээжийн шинжилгээний тухайд манайд хийгдээгүй, тусдаа хийгдсэн. Хүүхэд цус харвасан, маш хүнд байдалтай байсан юм. Баасан гарагийн орой ирснээс эхлээд хагас, бүтэн сайн өдөр эмч, сувилагчид бүтэн ээлжээр тухайн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг хянаж, эмчилгээ хийж байсан.
Хүүхдэд эмчилгээ хийгээгүй гэсэн яриа гарсан. Хүнд байдалтай хүүхэд тээвэрлэгдээд ирэхэд эмчилгээ хийхгүй байна гэж байхгүй. Хүүхдэд хийсэн эмчилгээ, онош стандартын дагуу байсан гэдэг нь задлан шинжилгээгээр тохирсон гэх тайлбарыг ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг өгсөн.
Тэгвэл охины ээжийг коронавирусийн шинжилгээ өгөөд хариу гараагүй гэх шалтгаанаар охинтой уулзуулахгүй гурав хоносон байна. Ингээд гурав хоногийн дараа буюу даваа гарагт охины зүрх нь зогсжээ. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлын талаар талийгаач охины ээж Х.Ураннавчаас тодрууллаа.
Тэрбээр “Охины чинь зүрх зогсчихлоо, одоо ороорой гэж гурав хоногийн дараа хэлсэн. Яагаад заавал нас барсан хойно нь биднийг уулзуулж байгаа юм бэ? Бид хамгаалах хувцсыг нь өмсөөд хүүхэдтэйгээ цуг байя гэж дотор ажиллаж байсан эмч нараас гуйсан. Гэтэл хамт байж болохгүй гээд биднийг гаргасан. Тэгээд ухаангүй болсон хойно нь биднийг охинтой минь уулзуулсан. Яагаад ухаантай байхад нь биднийг уулзуулж, эцсийн үгийг нь сонсгоогүй юм бэ ? Нас барсны дараа нь 10 минут л биднийг охинтой минь уулзуулсан. Энэ асуудлаар ярих үнэхээр хэцүү байна. Дахиж хэн нэгэнд ийм зүйл битгий тохиолдоосой гэж л хүсэж байна” гэлээ.