Богд Зонхов Лувсандагвын их дүйчэн ЗУЛЫН 25-ны өдрийг зургаан зууны тэртээгээс Буддын шашинт улс орнууд буяны өдөр болгон тэмдэглэж ирсэн. Богд Зонхова нь VI жарны “Алтан унжлагат” хэмээх тахиа жил буюу 1357 оны өвлийн эхэн сарын 25-ны үүрээр орчлонд мэндэлсэн бол VII жарны шороон гахай жилийн 1419 оны 10-р сарын 25 буюу өвлийн эхэн сарын 25-ны үдэш таалал барьжээ. Тэр өдрөөс хойш шашинтан бүгд энэ өдрийг Зулын 25 хэмээн нэрийдэж, зул хүж өргөн, буян үйлдэж ном хурдаг дүйчэн өдөр болгон тэмдэглэснээр уламжлал болсон юм. Монголчууд Зулын 25-аас өмнө өвлийн идэш хоолоо базааж, ЗУЛЫН 25-нд зул өргөж, маани, тарни уншин, нүгэл хилэнцээ наминчлан, амь биеэ өргөсөн амьтдын төлөө залбирал, даатгал үйлддэг юм.
Зул өргөсний ач тус: Өөрийн болон бусдын мунхагийн харанхуйг арилгах хийгээд оюун ухаан билгүүний гэгээ улам гийж, дэлгэрэх бөгөөд бурхны хутагийг түргэн олох тэргүүтэн тус эрдэм олон байгааг судар номонд айлдсан байдаг.Зул өргөхдөө УМ ВАНА ВАРИ СУХА тарнийг гурван удаа эсвэл мэгзэм уншиж өргөвөл буян цаглашгүй хураасны хүчээр хүний аж амьдрал, ажил үйлс санасан зүйл бүгд сэтгэлчлэн бүтэх нь дамжиггүй билээ.Мөн талийгаач нарын өөд болсон өдрийг нь марталгүй зориуд хичээн, зул өргөн буян үйлдвэл зүүдэнд сэтгэл зохисгүйгээр орж ирэхгүй, амгалантай байх болно.
Зул өргөхдөө: 3000 мянган ертөнцийн орны эргэн тойрон тэгш түгэх болтугай• Зул өргөсний буян нь сүмбэр уул мэт болох болтугай. Тос нь далай мэт арвижих болтугай. Гэрэл нь ертөнцийн үзүүрээс доош там хүртэлх харанхуй бүхнийг арилгаад түүнд оршин буй амьтад бурхан бодьсадын орныг илтэд үзэх чадал лугаа төгөлдөр болох болтугай хэмээн олонтаа бодон сайныг ерөөж өргөөрэй.