НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тэмдэглэдэг.
"Авлигын эсрэг конвенц"-д нэгдсэн улс орнууд энэ өдрийг авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах, олон нийтийг авлигатай тэмцэх арга барилд сургах, дээрх конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд танилцуулах ёстой.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ жил авлигын эсрэг олон улсын өдрийг угтан“STOP THE VIRUS. STOP THE CORRUPTION” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Дэлхийн улс орнууд нөөц боломжоо дайчлан цар тахалтай тэмцэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байгаа ч зарим улс орон шуурхай үр дүнд хүрэхийн тулд хуулийг сахин биелүүлэх, хэрэгжилтийг хянах ажлыг түр хойш тавьсан нь авлигын гэмт хэрэг гарах нөхцөлийг нэмэгдүүлээд байна.