Дархан хотоос Улаанбаатар хот руу иргэдийг гаргах үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр хувийн тээврийн хэрэгслээр явах иргэдийг буцаасан бол өнөөдрөөс нийтийн тээврийн хэрэгслээр явахаар бүртгүүлсэн 967 иргэний шинжилгээний хариу гарсан учир буцаах ажил эхлээд байна.
Мөн өнөөдөр дотуур байранд байсан 230 оюутнуудыг аймгууд руу нь гаргасан байна. Эдгээр иргэдийг гаргаснаар Дарханд хөдөлгөөний хязгаарлалтад орсон иргэдийн урсгал буурна гэж тооцож байгаа юм.
Бүртгэлд хамрагдаагүй үлдсэн иргэдийг Авто тээврийн төвд өдрийн 13:00 цагаас эхлэн бүртгэж эхэлсэн байна. Нэмэлт бүртгэл хийлгэсэн иргэд цөөн тоогоор байвал өнөө оройдоо багтаан шинжилгээнд хамруулна. Тэдний шинжилгээний хариу маргааш гарч Дарханаас гаргах боломж бүрдэнэ. Мөн шинжилгээнд хамрагдсан хувийн тээврийн хэрэгсэлтэй өчигдөр гарч амжаагүй иргэд өнөөдөр гарах боломжтой гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал ярьлаа.