Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн нутаг дэвсгэрт тус аймгийн харьяат 52 настай Г гэгч нь эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг 2020 оны нэгдүгээр сарын 27-нд гарсан билээ.
Тодруулбал, "Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шижээравдан “Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв” гэсэн утга бүхий тайлбартай бичлэгийг өөрийнхөө цахим хаягт байршуулсан. Үүнээс болж 52 настай эрэгтэй Г сэтгэл санааны гүн хямралд орж, улмаар амиа егүүтгэсэн байж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлж байсан.
Тэгвэл уг хэрэгт “Босоо хөх Монгол” ТББ- ын гишүүн П.Шинжээравдан болон А.Дарьсүрэн нарыг Эрүүгийн хуулийн 10.4.1 (Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх), 13.5-2.1 (Заналхийлэх) зүйл ангиар холбогдуулан шалгаж, улмаар арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд болсон.
Хуралдаанаар П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг гэм буруутайд тооцож, П.Шинжээравданд нэг сая төгрөг, А.Дарьсүрэнд 600 мянган төгрөгийн торгох ял оноожээ.