Архангай аймгаас Улаанбаатар хотыг зорьж ирсэн 58 настай эмэгтэй О шалган нэвтрүүлэх товчоогоор орж чадалгүй нас барсан гэх харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарсан. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Архангай аймгаас Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд аймагтаа PCR шинжилгээ өгөөгүй байсан бөгөөд бид тэднээс шинжилгээг авахаар ажиллаж байсан. Энэ үеэр тухайн машины зорчигч иргэн О-гийн биеийн байдал муудсан тул түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламжийнхан ирж иргэн О-д анхны тусламж үзүүлсэн бөгөөд энэ үеэр тус иргэн нас барсан. Нас барсан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байна" гэв.
Голомттой бүс нутгийн иргэдийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхдээ заавал PCR шинжилгээний хариуг үзэж буй. Гэвч дээрх иргэд түргэвчилсэн оношлуурын хариугаар нэвтэрнэ гэсэн ойлголттой ирж, 22-ын товчоон дээр гацсан бололтой.
Иймд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг зорих гэж буй иргэд тухайн орон нутагтаа PCR шинжилгээ өгөх шаардлагатайг Нийслэлийн онцгой комиссоос анхааруулж байна.