Улсын онцгой комиссоос есөн сард хийх тусгай үүргийн нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр, "УОК-ийн шадар сайдын зөвшөөрлөөр 2020 оны есдүгээр сард гадаад улс руу хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталлаа. Иймд долоон улс руу нийт 12 удаагийн нислэгээр 3120 иргэнийг татан авахаар төлөвлөж байна.
- БНСУ-ын Сөүл хот руу 3 удаа
- Франкфурт руу 2 удаа
- Токио руу 2 удаа
- Стамбул, Сидней, Сиатль чиглэлд тус бүр нэг удаа нислэг хийнэ. Энэ сард нэмээд 2 удаагийн нислэгийг Хонконг руу үйлдэх юм. Үүгээр АНУ, Австрали, Канад, Зүүн Өмнөд Азиас иргэдийг авах боломж бүрдэж байна.
Өнөөдрийн байдлаар 48 улсаас 12409 иргэн нутаг буцах хүсэлт гаргасан байна. Өнгөрсөн хугацаанд татан авсан 19437 гаруй иргэнийг шалтгаанаар авч үзвэл УОК-оос тавьж буй таван шалтгаан болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд байсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас наймдугаар сарын 26-ныг хүртэл 12,793 иргэн эх орондоо ирсэн.
Энэ хугацаанд 4168 иргэн гадаадын улс оронд зорчсон бөгөөд эдгээр иргэнээс эх нутагтаа ирэх хүсэлтээ өгч байна. Мөн хүмүүнлэнгийн шалтгаанаар буюу хүнд өвчтэй иргэдээ гадаадад зорчиход нь Гадаад харилцааны яам тусалж, тухайн улсын ЭСЯ-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн иргэнийг БНХАУ-д зорчуулж, хүнд хагалгаанд оруулан, амжилттай болсон тохиолдол бий" гэж хэлэв.