2020.08.15. Усан хилийн манаанд гарахын өмнө
Цэрэг эрсийн амьдралыг бүсгүй хүний нүдээр харж, зураглах үүрэг хүлээсэн зургаан эмэгтэй Монгол Улсын зүүн хязгаарыг зорьсон юм. “Эх орны манаа”, “Зууны мэдээ”, “Өглөөний сонин”, “ТВ-8”, “Wizard” студийг төлөөлсөн бидний хэдэн сурвалжлагч энэ сарын 12-ны өглөө ХХЕГ-ын гадна зурагчин, зураглаачтайгаа цугларч, ийн зам нийлэв.
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Долгорын Нямаа гуайн
Явж байгаад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ
Явж явж асуулаа, Мэнэнгийн тал гэнэ
Үдэш болоход асуулаа, Мэнэнгийн тал гэнэ
Үүр цайхад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ
Мэнэнгийн тал... Мэнэнгийн тал...
хэмээн тэрлэсэнчлэн өдөр, шөнийг эвхэн, алдарт талыг туулсаар хилийн 0306 дугаар ангид очлоо. Энд удаан саатсангүй, тус ангийн захирагчийн I орлогч, Штабын дарга, дэд хурандаа Г.Билэгбаяр, захирагчийн орлогч, Ар тал, хангалтын албаны дарга, хошууч Д.Буянжаргал нараас зарим мэдээлэл, тодорхой чиглэл авч, цааш хөдөллөө. Тус ангийнхны хамгаалах хилийн цэсийг тэртээ 1733 онд тогтоосныг энд эргэн дурсъя. Халхын Сэцэн хааны захиргааны харьяа Буйр нуурын урдуур нутаглаж асан барга монголчууд Манжийн найрал төв хааны мэдэлд шилжих хүсэлт гаргажээ. Ингэснээр тэдийг Хар мөрөн мужид хамааруулж, халхчуудаас тусгаарласан гэдэг. Манжийн найрал төв хааны 12 он буюу 1734 онд баргууд халхуудаас салснаас үүдэн Халхын хэрлэн барс хотын чуулганы дарга хан Чойжав, Манжийн Хар мөрөн мужийн амбан Загдан нар хэлэлцэж, халх, баргын нутгийг анх удаа хуваарилан, хилийн цэс тогтоож, холилдон суухыг хориглосон байна. Халх баргын хооронд Хавцгайтаас Хулд уулын баруун өмнө орших Өмхийбулагийн адаг хүртэл 16 овоо босгон улсын хил тогтоожээ. Хожим 1938 оны нэгдүгээр сарын 31-нд Дотоод явдлын яамны 23 тоот тушаалаар тэнд хилийн 27 дугаар отряд байгуулж, өнөөгийн 0306 дугаар анги хөгжих суурийг тавьсан түүхтэй. Түүхэндээ 1921, 1939, 1945 онд Манж-Го, Японы милитаристууд, цагаантнууд Монголын хилийг хэдэнтээ зөрчиж, зэвсэглэн довтолсон ч хилийн 27 дугаар отрядын дайчин эрс эх орныхоо дархан хилийг хамгаалах тэмцэлд бууж өгөлгүй, уулгалах дайсныг хөөн зайлуулсан аж.
Дээрх 16 овооноос одоогийн хилийн 0306 дугаар ангийнхан Енчийн, Хуцын Ар булагийн, Ар булагийн модон тэмдэгт, Модон хашаатын, Модон хашаатын модон тэмдэгт, Замын худгийн, Булан дэрсний, Улаан гангын овоог хамгаалж байж. Мөн 1963-1964 онд хилийн тус ангийн хамгаалдаг хилийн хэсгийн овоодын оронд 24 сүлдэт багана босгожээ.
Бидний суусан “Фургон” усан бороог зүсэн урагшилсаар 21.37 цагт Монгол Улсын баатар Ш.Гонгорын нэрэмжит хилийн 0219 дүгээр салбарт ирэв. Аль ч анги, салбарт очсон улаан шугамаар гаднын хэн ч орох учиргүйг бататгах шиг жижүүр машины дугаар, зорчигчдыг шалган, байдлыг даргадаа илтгэснээр бид дотогш нэвтэрсэн. Буйд нутагт шөнө орой ирсэн хэдий ч энд нам гүм бус, амьдрал ид өрнөх аж. Хилчин бүсгүйчүүд Улаанбаатар луу нэгдсэн цугларалтад явсан тул эзгүй байв. Гэсэн ч эрчүүд зохион байгуулалт хийж, ажлаа хуваарилан авчээ. Салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшин биднийг хүлээн авч, урьдчилан бэлтгэсэн цэргийн майхан, гэрт хүргэлээ. Цэргийн бус биднийг хилчидтэй нэг дор байрлуулахгүй хэмээн ийнхүү бэлтгэжээ. Задгай тэнгэрийн доор, хээр хонох болоход бага зэрэг жиндүүхэн санагдав. Гэхдээ замын ядаргаа, агаарын сайханд “цохиулан”, хилчдийн хамгаалалтад тайван сайхан амарсан.
Өглөө нар тусахтай зэрэгцэж босоод, гарлаа. Нарны туяа мандал дээр нь тусаж, нуур гялтагнан цайрах нь нүд алдам гайхалтай агшин ажээ. Уул, усны чимэг болсон шувууд сүрэг, сүргээрээ зэллэн нисэж, нуурын хөвөөг далавчаараа балбан жагссан цэргүүд шиг жигдхэн цуварч буух нь юутай үзэсгэлэнтэй. Алсад хөвөх үүл бага багаар нүүсээр удалгүй тэнгэр цэлмэж сайхан болов. Урд хэсэгт Буйр нуурын ус мэлтэлзэж, хойд хэсэгт Халх голын шугуй харц баясган, хөл доор зөөлөн хонгор элс алтран шаргалтана. Шувууд өдөртөө нууранд өнжиж, шөнөдөө шугуйн дотор зассан үүр лүүгээ буцаж, өглөө, оройдоо энэ мэтээр сүрэглэн нүүдэг гэх. Ийм сайхан эх орныг минь бүрэн бүтэн байлгах гэж цэрэг эрс энд үүрэг гүйцэтгэдэг.
Нуурын эрэгт байлдагч, гэрээт хилчид юу ч юм бэ хийж харагдав. Тус салбарын Хөнгөн хөлөг, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалт эрхэлсэн орлогч, ахлагч О.Оргилболд дайчдаа ахлан урд шөнийн давлагаанаар нурсан инженерийн байгууламжаа засаж, сэлбэж байгаа нь энэ аж. Борооноор нуурын мандал хүчтэй давлагаалж, хөвөгч усан зогсоолыг дотогш түржээ. Мөн бэхэлгээний олс нь зангуунаасаа тасарсан байна. Цэрэг, дайчид зураг авах боломж олгохгүй шахам урдах ажлаа гялалзуулж дуусгалаа. Бүгд зориулалтын хувцас өмсөж, тусгай техник, хэрэгсэлтэйгээр ажиллах аж. Инженер, шаардлагатай бол эмч, аврагч ч болчихдог О.Оргилболд орлогч үг дуу цөөнтэй нэгэн. Цэрэг хүний хэлэх үг, явах газар хязгаартай гэж энэ байх. Хилийн 0219 дүгээр салбарын бүсгүйчүүдийг эзгүйд, гэрээт хилчин Ө.Зориг цэрэг, дайчид, ахлагч, офицеруудын хоол ундыг бэлтгэж буй гэнэ. Урьд орой нь хоол, унд болж, түмэн завгүй гүйж явсан тэрбээр хэдийд унтсан юм, бүү мэд. Ямартай ч үүрийн таван жингээр боссон бололтой, тэр олон хүнд хоол хийж, шинэхэн талх барьчихаад, дараа нь биднийг бас дайлахаар хоёр туслахаа дагуулаад иржээ.
Ө.Зоригтой хилчний амьдрал, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.
-Гэрээт хилчний албаны юу нь хамгийн сайхан бэ?
-Би 17 настайдаа цэргийн алба хаахаар сэтгэл зүрх шулуудсан. Ингээд хилийн 0146 дугаар ангид цэргийн алба хаасан. Дараа нь гэрээт хилчин болох хүсэлт гаргаж, 0166 дугаар ангид хуваарилагдсан.
-Цэргийн алба хаахыг тэгтлээ хүссэн шалтгаан тань юу вэ?
-Би айлын ганц хүү. Багад ээж маань өөд болсон. Тиймээс аавтайгаа өссөн. Аав Д.Өлзийбат минь цагдаагийн байгууллагад нэг насны амьдралаа зориулсан даа. Ажилдаа дуртай, тэр хэрээрээ амжилт гаргасан гэж боддог. Хүн амины томоохон хэргүүд илрүүлсэн. Буутай хүнийг ч буулган авч, бусдыг аварч байсан онц сэргийлэгч хүн. Ааваараа бахархдаг учраас багаасаа цэрэг, цагдаа болохыг мөрөөддөг байлаа. Аав минь намайг 16 настайд хүнд өвдсөн юм. Шөнө нь аавыгаа эмнэлэгт сахиж, өдөр нь “Бродвей” зоогийн газарт ажилладаг байлаа. Удалгүй аав минь өөд болсон. Тиймээс өөрийгөө зоригжуулж, чанга байхын тулд цэргийн албанд мордсон. Монголынхоо өмнөд, умард хязгаарт цэргийн алба хаалаа. Одоо зүүн хязгаараа манаж байна. Би эх орныхоо торгон хилийг манаж буйгаараа үргэлж омогшдог. Хилийн манаанд явж, эх оронтой эр цэрэг гэдгээ мэдрэх ямар сайхан гээч.
-Гэрээт хилчин болоод юу сурав?
-Маш их зүйл сурсан. Их, дээд сургуульд сурснаас илүү их мэдлэгтэй болсон гэж боддог. Энд ирэхээс өмнө биднийг нийслэлд усан спортын сургалтад хамруулсан. Ирсэн хойноо ч газар орчны нөхцөлд тааруулж, нуурын усанд умбах, аврах сургалтад хамрагдан, их зүйл сурлаа. Мөн цэргийн эрдэм заадаг. Бие бялдраа хөгжүүлэх боломжтой. Зав чөлөөгөөрөө өөрийгөө хөгжүүлдэг. Энэ бүгдийн эцэст хүн тууштай болдог юм билээ. Энд уйдах зав гардаггүй. Ер нь л хил дээр амьдрах сонирхолтой. Уг нь аав минь цагдаагийн хүн болоорой гэж захисан. Гэхдээ хил дээр удах тусам эх орноо хайрлах, омогших сэтгэл төрөөд эндээ үлдмээр, аавынхаа захиснаар хот руу буцаж, цагдаа болох уу гэдэг бодолд ээрэгдэж, сонголт хийхэд хэцүү болж байна гэв.
Түүний нэгэн адил гадаад, дотоодод их, дээд сургууль төгсөн тэнд ажиллаж буй офицер, ахлагч, гэрээт хилчин, байлдагч нар ч хязгаар нутагт, тэр дундаа усан хил хамгаалалтыг гардан зохион байгуулж байгаагаараа бахархдаг хэмээсэн.
Буйр нуурын 92 хувь нь Монголынх, үлдсэн нь БНХАУ-д харьяалагддаг. Эндээс тус салбарынхан улсынхаа усан хилийг хамгаалж буй нь төвөггүй ойлгогдох биз ээ. Нуурын гүн ойролцоогоор 16.5 метр, эзлэхүүн нь 3734 сая шоо метр, эргийн урт 118 км гэсэн. Хилийн усан хамгаалалтыг сайжруулахад ХХЕГ-аас 2001 оноос онцгойлон анхаарч буй аж. Хамгийн сүүлд гэхэд 2018-2020 онд хэрэгжүүлсэн “Усан хил хамгаалалт” дэд хөтөлбөрийн хүрээнд уг заставынхныг хөнгөн хөлөг, орчин үеийн бусад хөвөгч техник, хэрэгсэл, камераар бүрэн хангажээ. Мөн усан хилчдийн ур чадвар, мэдлэг боловсролд түлхүү анхаарч буйг ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайван сэтгүүлчдэд тайлбарласан. Дээрх салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшин “ОХУ-ын Благовещенск хот дахь Холбооны аюулгүй байдлын албаны Амурын бүс нутгийн хилийн удирдах газрынхан 2009 оны наймдугаар сард Монголд ирж, хөнгөн хөлгийн жолооч, механикч бэлтгэх сургалт зохион байгуулан гол, нууртай хэсэгт усан хил хамгаалдаг анги, салбараас 25 хүн хамруулсан. Улмаар наймдугаар сарын 15-нд Монголын усан хилчдийн баярыг анх удаа тэмдэглэж, цаашид уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон” гэсэн юм. Тэрбээр алба хаагчдаа дэмжиж, урам өгч, зохион байгуулахдаа сайн аж. Өөрийгөө гэхээсээ алба хаагчдынхаа ажил үйлсийг илүүтэй онцолж, салбарын амжилт ололтоо тэдэнтэйгээ холбон ярьж байв. Түүний гурван орлогч ч ажил, албандаа хариуцлагатай ханддаг нь үйл хөдлөл, үг ярианаас нь анзаарагдах.
Ийм л эрмэг залуусаар эх орноо мануулж буй бид юутай азтай. Ардын уран зохиолч, буурал найрагч П.Бадарчийн өгүүлснээр, Алтай таван богдын мөсөн дуулгат оргилоос аварга халимын сэрвээ шиг Буйрын мөнгөн долгио хүртэл, аралт тэргэнд хотойсон Монгол шарын даваанаас алтан элс молцоглосон Овоон ингэний ус хүртэл миний эх орон оршдог. Монгол Улсын хил бусдын мөр үгүй, тайван амгалан байна.
Үргэлжлэл бий.