“Би 10 гаруй ном бичсэн хүн. Номынхоо дээжээс Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагад өргөн барихаар яваад газраа олсонгүй ирлээ. Барьж явсан хэдэн номоо суусан машиндаа орхичихож” хэмээн халаглах, харамсахын зуурт өгүүлэх хүмүүнийг Гажидын Баатарчулуун гэдэг. “Ийм уймраа хүн байгаагүй юм шүү. Эрийг нас, уулыг цас дарна гэдэг л болж байна” хэмээн эхнэр Н.Нямаа нь өмөөрөнгүй хэлэв. Г.Баатарчулуун гуай залуудаа ид гялалзаж, Монголын сэтгүүл зүйн салбарт томоохон хувь нэмэр оруулсныг ахмад сэтгүүлчид, тэр дундаа МОНЦАМЭ-гийн үе үеийн удирдлага, хамт олон андахгүй.
Г.Баатарчулуун гуай 99 жилийн түүхтэй, Монголын цахилгаан мэдээний агентлаг болох МОНЦАМЭ-д амьдралынхаа 35 жилийг зориулжээ. “МОНЦАМЭ-гийн хурдан цагаан”, “МОНЦАМЭ-гийн монхор цагаан”, “Саарал ордны шуурхай сурвалжлагч” хэмээн түүнийг дуудаж нэрийддэг байсан нь яах аргагүй ажил мэргэжлээ амьдралаа болгосныг нь илтгэнэ. Нэрийн хуудас болсон агентлагаасаа долоон жилээр дүү, өдгөө 92 настай эрхэм хүмүүний эгэл амьдралаар аялъя.
ТЭЖЭЭВЭР ХҮҮХЭД
Одоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Их шанхай уулын Цагаанхад гэх газар 1928 онд малчин эмэгтэй Гажидын есдүгээр хүү болж тэрбээр мэндэлжээ. Ингэний сүү амлаж, хүн болсон тул “тэмээний сүүний тэжээвэр хүүхэд” гэж өөрийгөө нэрлэх юм билээ. Тэрбээр тухайн үеийн хүүхдүүдийн адил мал маллаж, ахуй амьдралдаа тусалсаар бага насаа өнгөрөөжээ. Тэднийх үхрээс бусад 500 гаруй малтай, ойр хавьдаа чинээлэгт тооцогдохоор айл байж. Арваад насандаа сумын төвд зуны гурван сарын түр сургуульд монгол бичиг, дөрвөн аргын тоо сурсан байна. Үүний дараахан нь шинэ үсгийн бүлгэмээр кирилл бичиг заалган уншиж, бичиж сурсан гэнэ. Г.Баатарчулуун гуайн ижий бичиг үсэг мэдэхгүй хэдий ч 1939 оноос “Үнэн” сонин захиалж, хүүгээрээ уншуулахаас гадна цэрэгт явсан залуучуудаас гэр бүлдээ ирүүлсэн захидлыг дуудуулдаг, бүр хариу бичүүлдэг байжээ. Эх хүний их ухааны ачаар тэрбээр бичиг, номдоо гаргуун болж, 16 настайдаа Санхүүгийн техникумд суралцахаар Улаанбаатарт хөл тавьсан байна. Тэрбээр ярианыхаа дундуур байсхийгээд л ижийнхээ тухай дурсах юм. “Ижий минь харц ардын охин хэдий ч багаасаа малд гярхай, ажилсаг, хичээнгүй, үйлэнд уран, цовоо, цайлган байжээ. Хошууны захирагч ноёны хүү ээжийг минь богтлон авч анхны эхнэрээ болгосон гэдэг. Удалгүй бага эхнэртэй болж, мал хөрөнгө, хэдэн хүүхэдтэй нь орхиод явчихаж. Тэр үед нь намайг төрүүлжээ. Хожим ижий минь ноёны хүүгээс мал хөрөнгө таслан авч, өрх толгойлон амьдрах болсон юм. Үр хүүхэд биднийгээ мал маллах, гэр орны ажилд тун чамбай сургахын зэрэгцээ баг, сумын ажлын төлөвлөгөө биелүүлэхэд идэвхтэй оролцдог байлаа. Багийн хурал манай гэрт олон ч удаа болсон доо. Ноос, махны дутууг гүйцээх гэж шөнө дүл болтол хуралдана. “Үнэн” сонин захиалж, надаар уншуулан, тэр хавийнханд нам, засгийн бодлого шийдвэрийг ухуулдаг байлаа” хэмээн ээжийнхээ тухай дурсан сууна. 13 хүүхэд төрүүлсэн М.Гажид гуай 1961 онд хүүгийнхээ гар дээр таалал төгссөн байна.
Сурвалжлагч Г.Баатарчулуун их урлагийн уран бүтээлчдийн ажил үйлсээс олон нийтэд тогтмол хүргэхээ эрхэм үүрэг гэж үздэг байжээ. 1960-аад он.
САНХҮҮЧ МЭРГЭЖЛЭЭ СЭТГҮҮЛЧЭЭР СОЛЬСОН НЬ
16 настайдаа аймгаа орхиж, их хөлийн газар ирсэн Г.Баатарчулуун гуай Санхүүгийн техникумд суралцав. Тус сургуульд зохиолч Ц.Уламбаяр гуайн удирддаг Утга зохиолын дугуйлан хичээллэж байсан нь түүнд аз болов. Багаасаа ном унших, шүлэг зохиолд дуртай байсан тэрбээр Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч Б.Явуухулан, Ц.Гайтав нартай тохой нийлүүлэн суралцаж, уран зохиолын амтанд гүн орсон гэдэг. Сургуулиа онц дүнтэй төгссөн тэрбээр 1945 онд Сангийн яамны Хянан байцаах газарт хуваарилагдан 1951 он хүртэл ажилласан байна. Яаманд ажиллаж байхдаа гэр бүл зохиож, амьдрал ахуй нь өөдлөв. Залуу хүн мэдлэг, чадвараа улам сайжруулахын төлөө хичээж, Намын дээд сургуульд сурчээ. Социализм байгуулах үеийн бараг л бүх удирдах боловсон хүчин уг сургуулийг төгссөн түүхтэй.
Г.Баатарчулуун дотор хүнийхээ дуу хоолой, ятгалгаар мэргэжлээ солихоор эрс шийдсэн гэнэ. Чамгүй сайн санхүүч болсон ч бичиг цаасны ажил түүнийг “дуудаад” байж. Ингээд 1958-1993 он хүртэл буюу 35 жил МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн албаны шуурхай сурвалжлагчаар ажилласан байна. Энэ хугацаанд 60 000 орчим мэдээ бичсэн бөгөөд сурвалжилга, нийтлэл гээд сэтгүүл зүйн бичлэгийн бусад төрлийг нийлүүлбэл “том тоо” гарах нь. Сэтгүүлч хүн үзгээрээ тухайн цаг үеийнхээ түүх, сайн, муу, сайхан, муухайг тэр чигт нь сийлэн үлдээдэг. Үүнийг гэрчлэх мэт “Үнэн” сонины шарласан хуудас бүхий хэдэн арван хавтас түүний гэрийн хойморт залаастай харагдана. МОНЦАМЭ агентлагт тоймч сурвалжлагч, хариуцлагатай редактор, редактороор гурван арванаас илүү ажиллахдаа нам, засгийн бодлого, үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, соёл, урлаг, спорт гээд бүхий л салбарыг сурвалжлан мэдээлж иржээ. “Үйл явдлаас хоцрохгүй, үнэнийг тусган өгүүлэх нь сэтгүүлчийн үүрэг гэж хатуу итгэн ажилладаг байлаа” хэмээн яриагаа эхэлсэн Г.Баатарчулуун гуай “Нам, засгийн удирдагчдын хэмжээнд болсон чухал үйл явдлыг байнга сурвалжлан мэдээлдэг сэн. МОНЦАМЭ, радиогоос төр, засгийн ордонд нэвтрэх эрхтэй ганцхан сурвалжлагч нь би байлаа. Миний бичсэн мэдээ “Үнэн” сонинд ихэнхдээ “МОНЦАМЭ” нэрээр гардаг байв” хэмээн хуучлав. Үүнийгээ батлах гэсэн мэт хоймортоо залсан зузаан хавтаснаас нэгийг авч үзүүлсэн юм. Эхний хуудсыг эргүүлэхэд “Хүүхдийн ясли-цэцэрлэгийн комбинат үзэв” гэсэн гарчиг бүхий мэдээ нүдэнд туслаа. Мэдээний баруун дээд буланд “Үнэн” 1990.03.04 Г.Баатарчулуун” гэж хар бэхээр нямбайлан бичсэн байв. МОНЦАМЭ-д ажиллаж байхдаа ЗХУ-д М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцан, сэтгүүлч мэргэжлийн диплом өвөртөлснөөр хос морьтой болжээ.
90 ГАРСАН Ч БИЧИЖ ТУУРВИСААР БАЙНА
Г.Баатарчулуун 16 дахь номоо хэвлүүлэхээр бэлдэж буй аж. Шүлэг, өгүүллэг, найраглал, тэмдэглэл, сурвалжилга гэх мэтчилэн нямбайлан ялгасан олон хуудас бүхий хавтас ширээн дээр нь харагдана. 93 нас дөхөж буй ч үзэг, цааснаасаа салж түвдэхгүй суугаа өвгөн бичээч, ахмад сэтгүүлчээр бахархах сэтгэл төрсөн юм. Өрөөлийн сайн сайхны төлөө өөрийн амьдралаа зориулсан түүнд хэдхэн номноос нь өөр өмч хөрөнгө үгүй юм билээ. Гэвч бага балчраасаа шимтэн дурласан сэтгүүлчийн мэргэжил сонгосондоо харамссан нь үгүй гэнэ. Санхүүчээрээ өдий олон жил ажилласан бол хуучны гурван давхар барилгын умгар өрөөнд ингэж суухгүй л байсан болов уу хэмээн бодсоноо нуух юун. “Хүү минь, чи ингэхэд бичсэн зүйлээ хадгалдаг биз дээ” гэх асуулт бодлыг минь хоромхон зуур үргээж орхилоо. Хариулахын завдалгүй “Өөрийн нэрээр гаргасан бүх материалаа хадгал. Хожим хэрэг болно. Би гайгүй сайн хадгалж ирсний хүчинд хэдэн номтой үлдсэн” гэв. Тэрбээр мөн үргэлжлүүлэн “Сэтгүүлч хүн чөмгөө дундартал гүйж л хоолоо олдог юм шүү дээ. Одоо үед сэтгүүлчид гүйх нь багасаад байх шиг. Ярилцлага авах гэж буй хүнээ өөрийнхөө хэмжээнд судлаад очих хэрэгтэй. Хоёр танихгүй хүн уулзаад юу ярих билээ. Сэтгүүлчийн ганц асуултаар л чамайг дүгнээд амжина. Нэг хүнтэй уулзаж сурвалжлахад нэг шинэ зүйл мэдэж авдаг юм. Тиймээс залуучууд та нар байнга уншиж, хүн гололгүй түүнээс асууж, сонсож бай” хэмээн үнэт сургаал хайрласан юм. Тэрбээр МОНЦАМЭ агентлагт ажиллахаасаа өмнө “Залуучуудын үнэн” сонинд мэдээ бичиж, хэвлүүлж байжээ. Тус сонины 1948 оны есдүгээр сарын 14-ний дугаарт “Жимс түүв” гэсэн гарчигтай анхны мэдээгээ бичсэн гэнэ. Уг мэдээг сонирхуулахад “Сангийн яамны дэргэдэх эвлэлийн үүрийн гишүүн Бандгаа нар аяллаар явж, жимс түүв. Эвлэлийн гишүүн Бандгаа 105 кг, энгийн залуу Цэндсүрэн 112 кг жимс түүж, хүнсний байгууллагад тушаав” гэжээ. Энэ жижиг мэдээнээс тухайн нийгмийн дүр зураг харагдахын зэрэгцээ энгийн нэгэн залуу эвлэлийн үүрийн гишүүнээс илүү ажилсаг болох нь харагдана. Сэтгүүлчдийн ажил ийнхүү өчигдрийг мөнхөлж, өнөөдрийг бүтээн, маргаашийг бий болгодог аж.
Нам, засгийн ажлыг сурвалжлах онцгой эрхтэй Г.Баатарчулуун гуай Засгийн газрын ордонд нэвтрэх үнэмлэхийг хамгийн олон жил авчээ. Өөрөөр хэлбэл, 30 гаруй жил саарал ордонд чөлөөтэй нэвтэрч, сурвалжилж ирсэн бөгөөд хамгийн сүүлд олгосон цэнхэр хавтастай үнэмлэхийг дурсгал болгон хураалгалгүй авч үлдсэн аж. Энэ үнэмлэх түүний хувьд маш үнэ цэнтэй. Өргөмжлөл, дурсгалын бичиг бишгүй байх ч цэнхэр үнэмлэхээ л шүүрэн авч, “гайхуулах” юм. Тэрбээр 35 жил сэтгүүлчээр ажиллахдаа гадаад, дотоодын алдар, хүндтэй олон хүнтэй уулзаж сурвалжлахын зэрэгцээ гэрэл зурагчин болох үе ч бишгүй байж. Монгол Улсад ирсэн гадаадын зочид гийчдийг Г.Баатарчулуун л дагаж, сурвалжлах дархан эрхтэй. Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Ж.Батмөнх, Д.Содном, Д.Моломжамц зэрэг удирдагчийн өрөөгөөр мөн ч олон удаа “зочилсноо” хожим дурсан сууна. Тэдэн дундаа Ю.Цэдэнбал даргатай их ойр байж, бүх л ажлыг нь сурвалжлан бичжээ. Сансрын анхны эмэгтэй нисэгч, ЗХУ-ын баатар Валентина Терешковатой уулзаж, Далай ламыг Монголд айлчлахад нь найман удаа сурвалжилжээ. Мөн социалист орнуудын Төрийн тэргүүнүүдийг Монголд айлчлахад нь сурвалжлахын зэрэгцээ гадаадын цөөнгүй оронд томилт өвөртлөн очиж байв. Тэрбээр “БНАСАУ-ын удирдагч асан Ким Ир Сен Монголд айчлахдаа ор, сандалтайгаа ирсэн” хэмээн сонирхуулан ярлаа.
Нас өндөр гарсан ч бие эрүүл, ухаан саруул юм. Багаасаа мал малласнаас гадна шатар, даам, цана, тэшүүр, гар бөмбөг, теннис тоглодог, спортод чамгүй авьастай нь эрүүл чийрэг байхад нь их дэм болсон гэж тэрбээр хэлсэн. Гурван арваны хугацаанд та бишгүй олон хүнтэй, уулзаж ярилцжээ. Сэтгэлд тань тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаач гэхэд “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын тангараг өргөсөн ёслол, эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнтэй сүүлчийн удаа уулзсан сурвалжилга, төр, засгийн нэрт удирдагч Ю.Цэдэнбалыг оршуулах ёслолоос бичсэн тэмдэглэл гээд мартахын аргагүй олон үйл явдлын гэрч болжээ, би. Үүн дотроо эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнд БНМАУ-ын Ардын уран зохиолч цол хүртсэний тэмдэг үнэмлэхийг Улсын нэгдсэн тусгай эмнэлэгт хэвтэж байхад нь очиж гардуулсан үйл явдлыг сурвалжилсан минь санаанд тодхон. Охин Анна нь аавыгаа сахиж байв. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн Н.Жагварал, АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов нар тэнд очиж, уг шагналыг гардуулсан. “Монголын утга зохиолыг хөгжүүлэхэд оруулсан их гавьяа зүтгэлийг тань нам, засгаас дээдлэн үнэлж, Ардын уран зохиолч цолыг Монгол Улсад анх удаа олгож байна” гээд Ц.Дамдинсүрэн гуайн баруун энгэрт Төрийн сүлдтэй тэмдэг зүүж, үнэмлэхийг нь гардуулж билээ. Ц.Дамдинсүрэн гуай “Чи хэн бэ” гэж надаас асуухад нь “Сурвалжлагч Г.Баатарчулуун” гэхэд “Аан тийм. МОНЦАМЭ байна шүү дээ” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм” гэв.
МОНЦАМЭ-гийн нэрийн хуудас болсон ахмад сэтгүүлчээр мэдээ бичих А үсэг заалгасан сэтгүүлч цөөнгүй бөгөөд гарын шавь 30 гаруй бий гэнэ. Өндөр насны тэтгэвэрт гарсан хойноо ч ахмад үеийнхнээ сурвалжлан бичиж, ном зохиолоосоо хөндийрөлгүй өдий хүрчээ. Ажил мэргэжилдээ үнэнч, өндөр бүтээмжтэй, тууштайгаар зүтгэсэн түүний энгэрт Гавьяатын тэмдэг гялалзаагүй юм билээ. Гэхдээ залуу насныхаа эрч хүч, нөр их хөдөлмөрөө шингээн туурвисан бүтээлүүд нь гавьяа шагналаас ч илүү тод “гялалзаж” харагдана.