-“Шарилжгүй Улаанбаатар” аяныг хотын гэр хороололд өрнүүлэх үү?
Б.БАЛЖИННЯМ (Баянзүрх дүүргийн XXVIII дугаар хорооны иргэн)
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулдаг “Шарилжгүй Улаанбаатар” аяныг тав дахь жилдээ өрнүүлж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 13.8 сая ам метр талбайн шарилж, лууль, хөл газрын зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгасан. Энэ жил 4.8 сая ам метр талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэхээр төлөвлөлөө. Үүнд 200 сая төгрөг төсөвлөсөн юм. Цэвэрлэгээний ажил хоёр үе шаттай. Нэгдүгээр шат нь энэ сарын 30 хүртэл үргэлжлэх бол хоёр дахийг нь ирэх наймдугаар сарын 10-25-нд зохион байгуулна.
Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцын хороолол дундах ногоон байгууламж, далан, гуу жалга зэргийг цэвэрлэнэ. Аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүд хүрээлэн буй орчныхоо хөл газрын ургамлыг өөрсдөө цэвэрлэхийг аян зохион байгуулж буй комиссынхон уриалсан. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айлуудын ойр орчмын шарилжийг цэвэрлэх боломжгүй. Иргэд өөрсдөө цэвэрлэнэ. Захирагчийн ажлын албаны 136 хүн, нийслэлийн есөн дүүргийн тохижилт, үйлчилгээний компанийн 950 гаруй ажилчин, Туул гол, гэр хорооллын гудамжийг цэвэрлэх 250 иргэн аянд оролцож буй. Ажилчдыг нэг удаагийн амны хаалт, бээлий, тоног төхөөрөмжөөр хангасан.
Б.МӨНХЖАРГАЛ (Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн)
Хотын зам, талбайд жил бүр үнэлгээ хийдэг
-Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг засаж, сайжруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд юу хийж байна вэ?
Б.ҮҮРИЙНТУЯА (Баянзүрх дүүргийн XIII хорооны иргэн)
-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн. Жишээ нь, явган хүний зам, талбайн MNS 6808:2019 стандарттай. Гэхдээ цаасан дээрх хууль, дүрэм бодит байдалд хэрэгждэггүй. Явган хүний зам, талбайд гэрэлтүүлгийн шон, сандал, ТҮЦ гэх мэт саад их бий. Мөн явган хүний замыг чанаргүй материалаар хийснээс хурдан эвдэрдэг. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж хөтөч хавтан хийдэг ч түүнийгээ стандартад нийцүүлдэггүй. Явган хүний замын голд, хамгийн багадаа 30 сантиметр өргөн хөтөч хавтан тавих стандарт бий. Түүнчлэн уг хөтөч хавтан манай орны цаг уурын нөхцөлд тохирдоггүй, өвөл халтиргаа гулгаа үүсдэг. Явган хүний зам, талбайг нийслэлийн Авто замын хөгжлийн газар хариуцдаг юм. “Түгээмэл хөгжил” төвийнхөн жил бүр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран барилга байгууламж, зам, талбайд үнэлгээ хийдэг. Өнгөрсөн онд бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлагтай хамтран үнэлгээ хийсний дараа “Шангри-Ла” төвийн эргэн тойрны явган хүний зам, талбайг стандартын дагуу засаж, сайжруулсан.
Б.НЯМ-ОЧИР (“Түгээмэл хөгжил” төвийн дэд бүтцийн хүртээмж хариуцсан ажилтан)
Борооны усыг хуримтлуулж, нийслэлийн 2-3 жилийн хэрэгцээг хангах боломжтой
-Борооны усыг цуглуулж, дахин боловсруулах технологийг олон улсад ашигладаг. Монголд борооны усыг дахин ашиглах технологи нэвтрүүлэх боломжгүй юм уу?
Э.БАТТУЛГА (Баянгол дүүргийн IV хорооны иргэн)
-“Туул” усан цогцолборыг баривал хуримтлуулсан борооны усаар нийслэлийн 2-3 жилийн усны хэрэгцээг хангах боломжтой.
Б.ДАШНЯМ (“Монконсалт” ХХК-ийн төслийн дарга, агрономич)
-Монголд энэ технологийг нэвтрүүлэхгүй байгаа нь усны үнэ цэн асар доогуур, менежмент муу байгаатай холбоотой. Мөн инженерийн дэд бүтэц муу. Засвар, үйлчилгээ хийдэг ч төдийлөн сайжирдаггүй. Гал унтраах байдлаар түр зуур аргацаах маягтай ажилд ханддаг. Түүнчлэн усны аюул гамшгаас хамгаалах бодлого, стратеги алга.
Д.БАСАНДОРЖ (“Усны түншлэл” ТББ-ын тэргүүн, доктор)
Караоке, пабуудад аюулгүй ажиллагааны чиглэл хүргүүлсэн
-Караоке, пабуудын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж байна вэ?
Д.СОДНОМБАЛЖИР (Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн)
-Цар тахлын улмаас үйл ажиллагааг нь зогсоогоод байсан караоке, пабуудыг нийслэлийн Засаг даргын зургадугаар сарын 30-ны А/930 дугаар захирамжийн дагуу энэ сарын 2-ноос эхлэн 07.00-00.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Үүнтэй уялдуулж бид дээрх байгууллагуудад заавал дагаж мөрдөх ёстой журам, чиглэлүүд хүргүүлээд байна. Мөн тэдгээрийн биелэлт, хэрэгжилтэд өдөр тутам хяналт тавьж байгаа юм. Харин дотоод эрүүл ахуйдаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүргийн дагуу үйлчилгээний газрууд өөрсдөө санаачилга гаргаж ажиллах ёстой. Тэд холбогдох чиглэлийн байгууллагуудтай хамтарч ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг. Тухайн аж ахуйн нэгжүүд хүргүүлсэн журмын заалтуудыг хэр хэмжээнд биелүүлж буйд бид одоогоор хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлууд шат дараатай явуулж байна.
Э.НОМИН (НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч)
Эрүүл мэндийн даатгалаараа рашаан, сувилалд эмчлүүлээрэй
-Эрүүл мэндийн даатгалаараа ямар рашаан, сувилалд хөнгөлөлттэй үйлчлүүлж болох вэ?
О.ЭНХСАЙХАН (Дундговь аймгийн Луус сумын иргэн)
-Энэ онд улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх гэрээтэй рашаан, сувиллын 58 газар байна. Үүнээс 24 нь нийслэлд, 34 нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Цар тахалтай холбоотойгоор зарим сувиллын газарт гадаадаас ирсэн иргэдийг хүлээн авч байгаа. Тиймээс дээрх 58 байгууллагын дэлгэрэнгүй мэдээллийг www.emd.gov.mn цахим хуудаснаас орж хараарай.
Өнгөрсөн онд сувиллын газарт нэг удаагийн үйлчилгээнд 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан. Харин энэ оны хоёрдугаар сараас 250 мянган төгрөг болж нэмэгдсэн юм. Рашаан, сувилалд таваас дээш хоног эмчлүүлсэн тохиолдолд нийт зардлаас нь дээрх хэмжээний мөнгө хасагдах бөгөөд бүх насныхан хамрагдах боломжтой. Ингэхдээ харьяа сум, дүүргийн өрхийн эмч, сэргээн засахын болон дотрын эмчээс сувилалд эмчлүүлэх шаардлагатай гэсэн бичиг авах ёстой. Иргэд ямар эмчилгээ хийлгэхээс шалтгаалан цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохими, хэвлийн ЭХО, рентген зургаа авхуулсан байх шаардлагатай. Мөн өвчний түүх болон оношилгооны бичгээ заавал авч очно. Сувиллын тусламж, үйлчилгээнд сэргээн засах, уламжлалт, байгалийн баялагт тулгуурласан эмчилгээг багтдаг. Тухайлбал, рашаанд орох, шавших, шавар эмчилгээ, халуун шавар зүү төөнүүр зэрэг 10 төрлийн эмчилгээ хийлгэж болно.
Б.ТҮВШИНЖАРГАЛ (Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн)
Хотын нэгдүгээр бүсийн авто зогсоолыг аравдугаар сард багтаан шийднэ
-Нийслэл дэх авто зогсоолын тоог нэмэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
С.ГАНБОЛД (Баянгол дүүргийн XXIII хорооны иргэн)
-Улаанбаатарт төлбөртэй зогсоол 70-80 бий ч төвийн хэсэгт хамаарах нь тун бага. Тиймээс энэ сараас хотын тус бүсэд зогсоол хангалттай хэмжээнд байгуулахаар зорьж байна. Эргэн тойронд хяналтгүй, сул орон зай маш их байдаг. Эдгээрийг эзэнтэй болгох, зогсоолуудыг чөлөөтэй байлгах, удаан хугацаагаар машин зогсоохгүй байх хууль, эрх зүйн болон техник, технологийн шийдлүүдийг бид эрэлхийлж байгаа. Түүнчлэн төрийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гаднах талбайн 70-аас доошгүй хувийг дээрх шугамаар ашиглахаар төлөвлөсөн. Шинэ зогсоолуудад үйлчлүүлэгчид хэдий хэр хугацааг өнгөрөөх, зөрчил үүссэн тохиолдолд хэрхэх зэрэг бүх журам зааврыг урьдчилан боловсруулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан болон мотоцикл, унадаг дугуйн зогсоолыг ч цогцоор нь шийдэхийг чухалчилсан юм. Долоогоос аравдугаар сард нэгдүгээр бүсийн зогсоолын асуудлыг бүрэн зохицуулж дуусгана. Түүний дараа хоёрдугаар бүс рүү шилжих байх. Одоогоор нийслэлд зөвшөөрөлтэй, 2382 автомашин багтаах зогсоол бий. Хэрэв эдгээрийн үйл ажиллагааг төлөвлөсөн журмын дагуу явуулбал 25 мянган автомашин зогсох боломж бүрдэнэ. Зогсоол сэлгэлтийн асуудлыг ч тодорхой хэмжээнд шийдсэн. Ингэснээр тээврийн хэрэгслийн зогсоолд байрших дундаж хугацаа багасна. Одоогоор зогсоолын сэлгэлт маш бага, 10 хүрэхгүй хувьтай байгаа. Улаанбаатарын жолооч нарын 25 хувь нь зогсоол хайж, 300-500 метр зайг 25-30 минутад 10-15 км цагийн хурдтай явж өнгөрөөдөг гэсэн албан ёсны судалгааны дүн байдаг. Зогсоол хайх хөдөлгөөнөөс үүдэн түгжрэл үүсдэг. Сэлгэлтийг нэмснээр энэ байдал арилах юм. Шинээр байгуулах бүх зогсоол төлбөртэй байна.
С.ЭНХТӨР (Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга)
Бэлтгэсэн Г.ДАМДИНСҮРЭН, Э.НАМУУНЦЭЦЭГ, Б.НАМУУН