Сонгууль хариу нэхсэн олон асуулт үлдээгээд “нам жим” болов. Сурталчилгааны хэд хоногт ах дүүсээ, анд нөхдөө ч таних аргагүй өдрүүд байлаа. Дансны дугаараа явуул даа, хэдэн төгрөг ч гэсэн яах вэ авчих, хоёр, гурван өдөр ажилласан болоход л болно гэнэ. Регистрийн дугаараа өгчих, арав болгоод шагнал бичүүлэх гэсэн юм ч гэж байх шиг. Эмээ, зээ хүү хоёрыг муудалцуулав. Санал авах өдөр юм. Нэгэн намын нэр барьсан нөхөр хүү рүү нь залгаж “Тэр намаас ярьж байна. Та саналаа өгөөгүй байна. Яагаад очихгүй байгаа юм бэ” гэхэд нь залуу гайхаж утасны дугаар хаанаас авсныг асуухад эмээгийнх нь нэрийг хэлж гэнэ. Эмээгээ зэмлэхэд настан уурлан, гомдож. Энэ мэтчилэн хувь хүний мэдээллийн нууцад халдсан, түрэмгийлсэн зөрчил олон гарсан.
...Хөгжингүй орнууд хөгжлийн чиг баримжаагаа болгодог улс төрийн онол, “номлол”-д сайн засаглалын үндэс нь төр энэрэнгүй, улстөрчид хүмүүнлэг байх хэмээн заасан байдаг юм билээ. Энэ үүднээс авч үзэхэд манайд байдал эсрэгээрээ...
Хуулийн байгууллагад чухам өргөдөл, гомдол өгсөн нь хэд байдаг юм бол. Ер нь иймэрхүү асуудлыг зөрчил хэмээн тэмдэглэж, арга хэмжээ авсан түүх бий юү. Сонгууль болох бүрийд иргэдийн мэдээлэл дуртай хүний халаасанд явж байх нь хувь хүмүүсийн аюулгүй байдал талаас аваад үзэхэд ямар вэ. Уг нь хувь хүний мэдээллийн нууц, бүрэн бүтэн байдал нь төр иргэнээ хамгаалах ёстой гэдэг ойлголт, үүргийн магнайд баймаар.
Энэ жилийн сонгуулийн онцлогтой холбоотой ч байх сонгогчид төөрч гүйцсэн. Намын гишүүд бол арай өөр. Өөрсдийн намаа дэмжээд хэдийн сонголтоо хийчихсэн байсан биз ээ. Харин нам бусчууд, залуучууд нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг таньж амждаггүй. Итгэлтэй хүндээ хандаж зөвлөгөө авч, өөрөөр хэлбэл, дугуйлж будах нэр заалгаж, зарим нь цаасан дээр бичиж авч байсан юм. Эгээ л мал нүдлэхтэй адил юм болох шахсан. Эрх баригчдын өөрсдийнхөө эрх ашигт зохицуулж гаргасан хууль нь энэ. Шинээр бүрэлдсэн УИХ удахгүй өөрчлөх байх. Эс бөгөөс шинэчлэл, дэвшлийн тухай ярих эрх гишүүдэд үгүй мэт. Олон түмнийг манан дунд төөрүүлж байгаад, гэнэдүүлэх тактикаар үнэтэй саналыг нь суга татах нь аргагүй л “мэргэшсэн парламентчдын” ажил юм даа гэж бодож байлаа. Санал хураалт болсны дараа хэсгийн хороодод саналын хуудсыг гараар тоолох хооронд олон нийт санал бодлоо солилцсоор байсан юм. Япон судлаач, Япон Улсын эзэн хааны нэрэмжит шагналт Д.Төмөрбаатар “Сонгуулийн зөв тогтолцоо, зөв хууль бий болгох нь улстөрчдийн төдийгүй иргэн бүрийн үргэлж санаа тавьж, бодож явах асуудал юм. Сонгуулийн үеэр хэсэгтээ хэрэлдэж, муудалцаж байгаад мартдаг, наадам, цагаан сар ээлжлэн өнгөрсөөр нэг мэдэхэд дөрвөн жил болчихно. Тэгэхэд иргэд яг өнөөдрийнх шигээ мэдээлэлгүй, мэдлэг ч үгүй сууж байх юм бол бас л үнэтэй саналаа үрэн таран болгоно. Дараагийн УИХ-ын сонгууль болохоос 2-3 жилийн наана Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сонгогчдын санал хаягддаггүй систем бий болгох ёстой. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх оновчтой санаа санаачилгыг нам, эвсэл, иргэд бүгд хамтарч гаргах хэрэгтэй. Энэ тухай ярихаа больё, залхлаа, хөдөө явж амаръя” гээд эхэлжээ. Энэ янзаараа хайнга хандвал нэг мэдэхэд 2024 он болчихсон байна. Сонгуулийн гаж тогтолцоог аль болох хурдан засаж залруулахгүй бол цаашдаа байдал, нийгэм улам хүнд болно” гэсэн юм.
Зарим хүн улс төр, сонгууль нь хэдхэн улстөрчийн хэрэг гэж боддог, ойлгох гээд байх талтай. Үгүй юм. Энэ бол нийгмийн, цаг үеийн, ирээдүйн амьдралын зүг чиг хаашаа байхыг заах луужин билээ. Өнөөдөр монголчуудын гурван хүн тутмын нэг нь ядуу, яагаад. Эрчүүд архинд живж, эмэгтэйчүүд араас нь дутахгүй хурдаар нэхэж явна, яагаад. Амиа хорлолт жил ирэх тусам нэмэгдэж байна, яагаад. Хүүхэд төрүүлээд гудамжинд орхиж байна, яагаад. Эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл түрүү жилийн мөн үеийнхтэй харьцуулахад бараг 40 хувь нэмэгдлээ. Энэ нь дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлаас үүдсэн өндөржүүлсэн бэлэн байдалтай, өөрөөр хэлбэл, ахуйн хүрээний архидалт нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй ч үнэн хэрэгтээ ажлын байр байхгүйгээс орлогогүй, “завтай” учраас архи олдвол ууж, авгай, хүүхдээ түйвээж суух болсон нь тэр билээ. Энэ хэвийн үзэгдэл үү. Энэ бүхнийг хуулиар зохицуулах ёстой хүмүүсийг сонгох гэхэд нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг мэдэх хугацаа олголгүй саналыг нь хурааж авдаг сонгууль манай улсад л байдаг байх. Бас нэг өнцгөөс авч үзвэл өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн тухай хууль нь эрх баригчид нь иргэд, олон нийтийг өөрсдийн хүслээ гүйцээх хэрэгсэл болгон ашиглаж байхаар санаатай гаргасан эрх зүйн баримт бичиг гэж хэлэхэд ч болохоор. Сонгуулийн сурталчилгааны явцад ингэж харагдаж, бодогдож байлаа. Нэр дэвшигчдийг тэгш гараа, боломжоор огтхон ч хангаагүйн зэрэгцээ иргэдэд сонгох хүнээ таних боломж олгохгүй байх гэсэн санаа, агуулгатай. Энэ талаар улс төр судлаачид хэлдэг, дэмжигддэггүй. Гор нь нийгэм дэх хар бараан толбо жил ирэх тусам нэмэгдэж буйгаар хэмжигдсээр. Япон судлаач Д.Төмөрбаатарын “үглэл”-ийн амин сүнс нь энэ ч байж магад.
Мөн зайлшгүй авч үзэх асуудал байгаа нь сонгогчдын боловсрол юм. Иргэдийн боловсрол гэсэн үг. 2000-2004 оны УИХ-ын үед парламентын сурвалжлагчаар ажиллаж байхад иргэд, сонгогчдын улс төрийн боловсрол сайн биш юм гэхэд жигд дундаж түвшинд байсан гэхээр. Өнөө үед дэлхийн хөгжлийн чиг ханд -лага, технологийн үсрэнгүй дэвшилтэй холбоотойгоор бий болсон мэдээллийн төөрөгдлийн балгаар ялангуяа залуус өөрт нь юу хэрэгтэй, үгүйг ялгахаа, ач холбогдол өгөхөө байж. Үүний хүрээнд улс төрийн, тэр дундаа сонгогчийн боловсрол хамаарна. Тэгэх тусам ухаалаг, хүний төлөөх төр, засаг бол үүнийг тооцоолоод сонгогчдыг мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх ажлыг бодлогоор зохион байгуулмаар. Хөгжингүй орнууд хөгжлийн чиг баримжаагаа болгодог улс төрийн онол, “номлол”-д сайн засаглалын үндэс нь төр энэрэнгүй, улстөрчид хүмүүнлэг байх хэмээн заасан байдаг юм билээ. Энэ үүднээс авч үзэхэд манайд байдал эсрэгээрээ. Иргэд, сонгогчид мэдээлэл, мэдлэггүй, шулуухан хэлэхэд харанхуй байх тусмаа мангартуулахад амар хэмээн дундад зууны үеийн дарангуйлагч сэтгэлгээгээр ард түмэнд хандаад байна уу ч гэхээр. Хэрвээ Сонгуулийн тухай хуулийг даруй өөрчилж, улс төрийн бүхий л хүчинд нийгэмд адил тэгш “шоволзох” боломж олгохын сацуу иргэд, сонгогчдыг боловсруулах тухайд юу хийх, хэрхэх тухайд зүйл, заалт нэмж, өөрчлөхгүй бол нийгмийн байдал улам бүр гаднаа гяланцаг, дотроо паланцаг болох бололтой. Одоогийн залуус улс төр талд боловсролгүй, тиймээс муу арга хэрэглэвэл хөөрцөглөөд босоод ирж магадгүй гэж тооцсон юм болов уу, улс орондоо ардчиллын салхийг сэвэлзүүлсэн анхдагчдын нэгэн сонгуулийн дүнд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлэхийн сацуу “Өнөөгийн залуус эрх чөлөөтэй өсчихөөд тэмцэхгүй, аймхай юм” хэмээснийг олон нийт эрс шүүмжилсэн.
Ер нь саяын сонгуулиас нийгэмд бугшсан олон асуудал голын урсгалаар ил гараад ирэх мэт өнгө, өнгөөрөө ялгарч байлаа. Иргэдийн боловсрол тааруугийн зэрэгцээ улстөрчдийн хэн нь хэн болох нь ч хар, цагаанаараа харагдсан. Хошин шогийнхон сэдэвгүй болоод удсан. Харин өдгөө нэлээд хэдэн цуврал бэлтгэх хэрийн нөөц базаагаа болов уу.
Найруулагчгүй жүжиг мэт, үйл явдлын хаос ч юм шиг сонгуулийг ажиглаж байхад төрсөн санаа бодлоо цухас дэлгэлээ. Шинээр бүрэлдсэн УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг даруй шинэчлэхийг иргэд шаардаж, хариу хүлээж суух болно. Цаашид нэр дэвшсэн субъект бүрийн тоогоор элч төлөөлөгч нь айл бүрийн хаалга тогшиж ад болж явахгүй байх болтугай. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, танилцуулгыг нэгэн хавтгайд ойлгомжтойгоор байршуулаад нэгдсэн ганц материал болгон хэвлэдэг болоосой. Шуудангийн үйлчилгээ болхи гэж үзвэл бэлэн буй хороо, багаар дамжуулж айл бүрт хүргэж болно. Тэд манай, танай намынх гэхгүй хүргэнэ. Яагаад гэхээр бүхий л нам, эвслийн нэр дэвшигчийн мэдээлэл тэр талбарт байх юм чинь. Энэ бол хөгжингүй орнуудын туршлага бөгөөд хуульд тусгаж баримталдаг заалт. Манай улс ч мэдээлэл, сурталчилгааг замбараатай явуулж байсан цаг үе бий. АИХ-д нэр дэвшсэн депутатуудын мэдээллийг энэ маягаар айлуудад засаг, захиргааны нэгжээр нь дамжуулан хүргэдэг байсан юм.
Сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр бүгд харсан байх, байруудын орц бүр нэр дэвшигчдийн танилцуулгаар дүүрсэн. Төрөө хүндэлдэг ахмадууд орцонд хэвтэх цаас бүрийг өөд татаж ханаар нааж байлаа. Хогийн цэгээр дүүрэн өнөө хэдийн зурагтай хатуу, нимгэн гялгар цаасан тараах хуудас. Нийтэд нь аваад үзэхэд бараг арваад тэрбум төгрөгийг ийм “хог”-нд зарцуулжээ гэсэн тооцоо гаргасан байна лээ. Тэгээд ч ийм цаас газрын хөрсөнд шингэхгүй болохоор байгальд ээлгүй “үйлдвэрлэл”.
УИХ-ын сонгуулийн үлдээсэн хариу нэхсэн олон асуултад XXI зууны гуравдугаар арваны эхэнд бүрэлдсэн шинэ УИХ шуурхай хариу өгөх болтугай.