XX зууны хоёрдугаар хагаст Европоос цолгорон гарсан хамгийн аугаа улстөрч гэгддэг, Германыг эргэн нэг улс болоход голлох үүрэг гүйцэтгэсэн нэрт удирдагч, бүх Европыг дундын нэг мөнгөн тэмдэгттэй болгохыг санаачлан хэрэгжүүлэгчдийн нэг Хельмут Колийн (1930-2017) Германы Канцлераар 16 жил ажилласан амжилт нь тус улсын түүхэнд зөвхөн Отто вон Бисмаркийн дараа бичигдэнэ. Тэрбээр бүх Европын эв нэгдлийг эрхэмлэхийн хамт Франц-Германы хамтын ажиллагааг өргөжүүлж, Францын Ерөнхийлөгч Франсуа Миттерандын хамт Европын холбооны үндсийг тавьсан Маастрихтийн гэрээг боловсруулан баталж, шинээр тусгаар тогтносон Хорват, Словен, Босни ба Херцеговина зэрэг улсыг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэх олон улсын улстөрч, нийгмийн зүтгэлтнүүдийг тэргүүлж байлаа. Коль мөн Боснийн дайныг эцэслэх, Германы эдийн засгийн тогтолцоог шинэчлэх, холбооны нийслэлийг Бонноос Берлин рүү шилжүүлэх, Германы урлаг, соёлд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэгт голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм. Намынхаа дотоод зөрчил, хандив мөнгөтэй холбоотой дуулиан шуугианаас болж нэр хүндээ алдсан үе бий ч тэрбээр залгамжлагчдаа бэлтгэсээр байсны дотор Ангела Меркель хожим Германы Канцлераар сонгогдсон билээ.
Колийн дараах ярилцлага 2001 онд Израилын “Хаарец” сонинд нийтлэгджээ. Сэтгүүлч Адаар Приморийн буулгасан эл яриа анх “Хоёр нэгдлийн хаан” гарчигтайгаар хэвлэгдсэн байна.
Ноён Хельмут Коль сүүлийн үед сэтгэл хангалуун буйгаа хэнээс ч нууж хаахаа больжээ. Европыг нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болгох их ажлын голыг нугалсан тэрбээр хэдхэн өдрийн дараа еврог хэрэглээнд нэвтэрнэ гэхээс байж суух газраа олж ядан байна. “Энэ бол урьд хожид байгаагүй том өөрчлөлт юм шүү. Берлин, Дублин, Мадрид, Ром, Хельсинкийн таван настай жаалууд бүгд адилхан зоосоор амттан авч иднэ гэж бод доо” хэмээн хэлэхэд нь түүний нүд гэрэлтэн байлаа.
Хельмут хүү дэлхийн II дайн дуусахад 15 настай байжээ. Гуравдугаар Рейхийн нуран унасан явдал хожмын Канцлерт чухам л цагаа олсон хэрэг байв. Хэрэв дайн дахиад хэдхэн сар л сунжирсан бол түүнийг бусад 16 настны хамт фронт руу ачих байж. Дайны жилүүдээс түүнд хамгийн хүнд хэцүү нь сүүлийн жил буюу 1945 он байсан гэнэ. Мөн онд Хельмут Колийн 18 настай ах Уолтер Вестфалияд амь эрсэджээ. “Миний хүүхэд нас 1942 онд дууссан. Харин дайн дуусах үед, ахыгаа алдсаны дараа би эгэл жирийн нэгэн байхаа больсон санагддаг. Дайны үеийн хүүхдүүд бүгд л над шиг байсан даа” хэмээн ноён Коль ярилаа.
Дэлхийн их дайн дууссанаас хагас зуун жилийн дараа ч он цагийн уртад үлдсэн тэртээх сар, жилүүд түүний үзэл бодол, аливаад хандах хандлагад нөлөөлсөөр буйг харж болно. Бидний уулзаж ярилцсан түүний ажлын байр Берлиний Елисейн өргөн чөлөө гэж болох Унтер-ден-Линден гудамжинд байх агаад хажууханд нь түүхт Бранденбургийн хаалга, Их Британийн Элчин сайдын яам, харин замын эсрэг талд нь Зүүн Германыг коммунист засагтай болгосон Зөвлөлтийнхний гол байр Оросын Элчин сайдын яам харагдана. Энэ мэт ойролцоох хэдхэн барилга нь л дангаараа улс гүрний түүх хүүрнэх ийм онцгой содон газарт бид Хельмут Колийн Европын эв нэгдэлд оруулсан хувь нэмэр хийгээд түүний Канцлераар ажилласан 16 жилийнх нь талаар ярилцсан юм. 1998 оны Германы парламентын сонгуулийн өмнөхөн Францын “Le Monde” сонин түүнийг “Амьд домог”, “Улс төрийн үлэмж биет”, “Шинэ үеийн Бисмарк” гэхчлэн тодорхойлсон байдаг.
УЛС ТӨРИЙН УРАН БАРИЛГАЧ
Харин Америкийн “Newsweek” сэтгүүл Хельмут Колийг “Өрнөдийн аугаа удирдагчдын сүүлч” гэсэн бол “New York times” сонин “Европын жинхэнэ лидер” хэмээсэн нь бий. 1998 оны сонгууль түүний 16 жилийн засаглалд цэг тавьсан агаад тэр үед олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Германы улс төр дэх бүхэл бүтэн эрин үе шувтарлаа”, “Коль Канцлерын суудлаас ахмад настны байр луу биш, харин шуудхан түүхийн алтан хуудас руу шилжих гавьяатай хүн” гэцгээж байв. Харин эрхэм Канцлер асан биеэ тоохыг мэдэхгүй аж. Тэрбээр “Цаг үеийнхнээс маань илүү хожмын түүх л намайг шүүж тунгаах биз ээ. Миний хийж гүйцэлдүүлсэн бүхэн ямар ч хамаагүй үнээр амар тайван байх сан, дайн дажин л дахиад бүү дэгдээсэй гэсэн чинхүү хүсэлтэй л холбоотой юм” хэмээлээ. Төрсөн нутаг Райнланд-Пфальцынх нь энд тэндгүй Францтай хийсэн удаа дараагийн дайн тулааны ул мөр байдаг нь II дайнаас дутуугүй түүнд гүн сэтгэгдэл үлдээжээ. Дэлхийн I дайнд оролцсон эцэг Ханс Коль нь ч түүний дайныг эсэргүүцэх үзэлд үлэмж нөлөөлсөн байна.
“Би дайн байлдаанд оролцож явсан тэр олон хүнийг биширч өссөн. Тэдний дундаас Европыг нэгтгэхийг хүссэн Жан Монне, Роберт Шуман, Конрад Аденауэр, Шарль де Голль, Уинстон Черчилль, Де Гаспери нарыг бүр тахин шүтдэг байлаа. Тэднийг хий мөрөөдөгчид, олон түмэнд хоосон итгэл найдвар төрүүлэгчид гэдэг байсан ч би дуртай нь аргагүй эгнээнд нь нэгдсэн дээ” хэмээн Коль ярив.
НЭГ ЕВРОП
Ноён Коль намайг асуулт тавих бүрт тэрхэн зуур дуугаа хурааж, бодлогошрох аж. Харин уртхан асуулт тавих юм уу, олон зүйл нэг дор лавлавал “Асуулт биш, роман биш үү” хэмээн хошигноно. Хэд хэдэн асуултын дараа би түүнийг евротой холбоогүй асуултад хариулахаас хэргээр бултаад буйг нь анзаарсан юм. Тэрбээр үүнийгээ ийн тайлбарлалаа.
“Миний улс төрийн амьдралд хоёр асуудал л амин чухал байсан. Нэг нь бүх Европын эв нэгдэл, нөгөө нь нэгдсэн Герман орон. Энэ хоёрыг бодит үйл хэрэг болохыг амьд сэрүүндээ, бүр төрийн жолоо атгалцаж байхдаа харсан хувь заяандаа талархаад баршгүй. Би хувьдаа Германы нэгдэл, Европын холбоо хоёрыг нэг зоосны хоёр тал гэж боддог. Нэг нь нөгөөгөөсөө ямагт хараат байна. Гэхдээ Герман орон Европынх болохоос Европ Германых биш шүү. Эв нэгдэл, бүх Европын хамтралд евро маш чухал. Евро бол ердийн нэг мөнгөн тэмдэгт биш, харин Европын ирээдүй хэр гэрэл гэгээтэй байхыг тодорхойлогч юм”.
Түүний хувьд гэрэл гэгээтэй ирээдүй гэдэг юуны урьд дайн дажингүй байхыг хэлнэ. Тэрбээр 1998 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Герман орон түүхэндээ анх удаа хаяа нийлдэг есөн улстайгаа бүгдтэй нь найрамдалт харилцаатай байгаа тухай хэлэхдээ хоолой нь зангирч байсан билээ. Хельмут Коль тэр үеийг эргэн дурсахдаа “XXI зуунд эрх чөлөө, энх амгалангаа хамгаалж үлдэнэ гэдэг урьд урьдынхаас илүү чухал боллоо гэдгийг би сануулахыг хүссэн юм. Үндэсний үзэл гажуудахаараа ямар их хор уршиг дагуулдгийг бид бүгдээрээ мэднэ. Германы нэрийг барьж хэчнээн их гэмт хэрэг гарав? Бид бүгд харлаа. Одоо ийм зүйлийг яагаад ч давтаж болохгүй. Манай үеийнхэн нэг Европын үзлийг хадгалж хамгаалахаас гадна түүнийг үр хойчдоо өвлүүлэх гэдэг төрөхөөс хүлээсэн оноолт үүрэгтэй хүмүүс. Би үүнийг л тэр кампанит ажлынхаа үеэр тодотгохыг хүссэн” хэмээсэн юм.
Колийн хэлснээр нэгдсэн мөнгөн тэмдэгтийн арилжааны болоод санхүүгийн давуу талууд еврогийн жинхэнэ үнэ цэн болох бүх Европын эв нэгдлийг бататган бэхжүүлэх хүч нөлөөг нь бүдгэрүүлэн дарж байгаа нь нэн харамсалтай. Германы түүхэн дэх хар бараан үеүдийг ахин давтагдахаас сэргийлэх бүх Европын улс төрийн нэгдмэл байдал гэдэг нэгдсэн нэг мөнгөн тэмдэгтийн хувьд тайз, дэвсгэр нь юм хэмээн тэрбээр онцоллоо.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮН
Үхэл, эсвээс амьдрал, дайн дажин, эсвээс амар амгалан гэх онцгой учиг шалтгаант, хоёр туйлт үйл хэрэгт нь тусалж дэмжиж ирсэн найз нөхөд, эрхэм хүмүүсийнх нь гэрэл зураг ноён Колийн Берлин дэх албан тасалгаанд хүндтэй байр эзэлжээ. Талийгаач эхнэр Ханнелорегийнх нь том, өнгөт зураг тухлан суудаг буланд нь байх бол хажууд нь Ерөнхийлөгч Клинтон, эцэг Буш, Рейган нарын арай жижигхэн зургууд үзэгдэнэ. Америкийн энэ гурван Ерөнхийлөгч “мөнхийн Канцлер”-тай хамгийн ойр хамтран ажиллаж байсан Цагаан ордны тэргүүн нар юм. Америкт элэгтэй Германы цөөхөн улстөрчийн нэг гэгддэг Коль дэлхийн II дайны дараа үзүүлсэн америкчуудын тусламж дэмжлэг, өгөөмөр сэтгэлд үргэлж ач санадаг агаад Засгийн газрын тэргүүний хувиар, олон улсын харилцааны чиглэлээр гаргасан шийдвэр, бодлогуудад нь ихэнх тохиолдолд тэрхүү үзэл санаа нь нөлөөлсөн бололтой байдаг. Төвийг сахих үзлээс татгалзаж, Германы нутагт НАТО-гийн цөмийн пуужин эсэргүүцэгч байрлуулах АНУ-ын шийдвэрийг хүртэл хүлээн авч байсан Колийн Америктай тогтоосон онцгой харилцааг гагцхүү Францтай бэхжүүлсэн нөхөрлөл нь л давж гарна. Америкийн гурван Ерөнхийлөгч, хайрт гэргийнх нь зургийн баруун талд ХБНГУ-ын анхны Канцлер, ноён Колийн багш Конрад Аденауэр, Баруун Германы эдийн засгийн өсөлтийг гайхамшиг болгосон, Аденауэрийн залгамжлагч Людвиг Эрхард, Францын Ерөнхийлөгч Франсуа Миттеранд нарын зураг залаатай харагдана.
“Засгийн газрын тэргүүнээр томилогдмогцоо Миттеранд Ерөнхийлөгчтэй гар нийлэн ажиллах завшаан олдсоноо би их хувь заяа гэж боддог. Бидэнд санал нийлдэггүй, бүр дайсагнаж зөрчилдөх зүйл өчнөөн байсан. Тэр надаас 15 ах, төрөлхийн социалист үзэлтэй нэгэн бол би хэзээнээсээ л Христийн ардчилсан хүчний хүн байлаа. Бид хоёулаа дайн дажныг биеэр үзсэн. Энэ л дундын туршлага, дурсамжийнхаа нөлөөгөөр бид хуучны маягийн үндэстэн-улсын загвараас татгалзахыг хүссэн. Ингэж л Европын эвслийг Европын холбоо болгосон юм даа”. Коль ийн яриад үргэлжид өөрийнх нь хүчтэй эсэргүүцэгч байсан нам нэгт Франц Жозеф Штрауссыг дурслаа. Миттерандыг гоц ухаантан гэж боддог байсан мань эр Колийг харин жинхэнэ улстөрч, удирдагч болох чадваргүй, тийм ч хувьгүй, 90 насандаа гаргах дурсамж ном нь “Канцлер болох гэж хичээсэн миний 40 жил” нэртэй байна хэмээн басдаг байжээ. Гэтэл эдүгээ XX зууны дэлхийн түүхэнд ардчилсан зарчмаар сонгогдон хамгийн олон жил төр барьсан гэх амжилтыг ганц Хельмут Коль эзэмшиж байна.
ЭРСДЭЛТЭЙ БООЦОО
Нэгдсэн мөнгөн тэмдэгтийн асуудалд эдийн засгийн хүрээллийнхээс нэг шүүмж хамгийн их ирж байсан нь ардаа нэг удирдах байгууллага, засаг захиргааны нэгжгүй шинэ валют нэгдмэл мөнгөн тэмдэгт болж, санхүүгийн эргэлтэд орох ямар ч боломжгүй гэх хандлага байжээ. Өөрөөр хэлбэл, ам.долларын ард байх АНУ-ын Холбооны нөөцийн сантай ижил байгууллага, хүчнийг ажиглагчид шаардаад байж. Ноён Колийн хэлснээр түүний “өөрийнх” нь хоёр нэгтгэх ажил энэ талаараа адил төстэй байлаа. Хоёр Германыг нэгтгэхэд нэг мөнгөн тэмдэгтийн асуудал хамгийн түрүүнд сөхөгджээ. Берлиний хана нурах үед Зүүн Германы мөнгөн тэмдэгт Баруун Германыхаа мөнгөн тэмдэгтийн ердөө дөрөвний нэгтэй тэнцэхүйц үнэ ханштай байв. Харин Хельмут Коль эдийн засгийн эрсдэлээс айлгүй мөнгөн тэмдэгтийн ижилслийн ардах урт удаан хугацааны улс төрийн эв нэгдлийг илүүтэй чухалчилжээ. “Хэрэв тухайн үед профессор, нарийн мэргэжилтнүүдийг нэг өрөөнд оруулаад хэрхэх талаар зөвшилцсөн бол олонх нь эсрэг саналтай байх байсан биз. Гэтэл түүх сөхвөл бид энэ замаар хэдийн явж ирсэн шүү дээ. 1948 онд дойч маркийг гүйлгээнд оруулах үед бидэнд Төрийн дуулал ч, далбаа ч байгаагүй. Бүрэн эрхт улсын хувиар ч бид бүрэлдэн тогтоогүй байсан. Харин мөнгөн тэмдэгт болоод эдийн засгийн тогтвортой суурь баазын ачаар ХБНГУ байгуулагдаж байлаа” хэмээн тэрбээр ярив.
Герман марк яваандаа герман үндэстний гол өнгө төрх, гол ижилсэл, ерөөс герман үзэл суртлын гол тулгуур баганын нэг болсон билээ. 1920-иод онд зургаан оронтой тоонд хүрсэн, Гитлерийн засгийн эрхэнд гарахад дам нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг болох инфляцын өсөлтийн дараах хамаг бүхэн, түүний дотор улс үндэстэн, зэвсэгт хүчин, яс үндэс, Пруссын сүр хүч, герман өв уламжлал бүгд мөхөж сүйдсэн мэт мэдрэмжийн ард зөвхөн герман марк л аюулгүйн баталгаа болж байв. Тиймээс ч мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг мэддэг зүүн германчууд 50 жилийн дараа маркийг нэгтгэхээс илүүтэй еврог сайшаан дэмжсэн нь гайхахаар зүйл биш хэмээн ноён Коль онцолсон юм.
ТҮҮХИЙН ҮР ЖИМС
“Хүмүүс одоо төсөөлж ч чадахгүй биз. 1990 онд Лайпциг, Дрезден зэрэг том хотод хувийн машинтай болъё гэвэл бүтэн 14 жил хүлээх шаардлагатай байлаа. Зүүн германчууд барууныхнаас дутахгүй ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийнхөө үр шимийг гэмт хэргийн бүлэглэл шиг болсон засаг төрдөө л шимүүлдэг байлаа шүү дээ. Харин энэ бүхэн хоёр Герман нэгдсэний дараа өөрчлөгдөж, тогтвортой мөнгөн тэмдэгттэй болоод байтал энэ галзуу Коль гэж нөхөр ахиад шинэ мөнгөн тэмдэгтийн талаар яриад эхэллээ гэцгээх болсон”. Ингэж ярьсныхаа дараа ноён Коль германчуудыг ятгахын зэрэгцээ европчуудыг шинэ мөнгөн тэмдэгтийн нэрийн асуудлаар санал нэгтэй болгох гэж хэчнээн мэрийсэн тухайгаа дурслаа. Тухайн цагийн Европын эрх баригчид тивийн нэгдсэн шинэ мөнгөн тэмдэгтийг эртний Францын алтан зоос экюгийн нэрээр нэрлэх саналтай байжээ. Харин Хельмут Коль орон орны ард нийтийн санаа сэтгэлд эв эеийг сануулах, төвийг сахьсан, Пан-Европын нэр санал болгосон нь бусад улс илүү хүч нөлөөтэй байхгүй гэдгийг германчуудад итгүүлэх, түүнчлэн нэгдсэн нэг мөнгөн тэмдэгтийн бэлгэдлийн давуу талыг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх зорилготой байв. Тэр нь ч биеллээ олж, гайхмаар амжилтад хүрсэн билээ.
ИХ УРСГАЛ
1996 онд хэвлэгдсэн “Би Германыг нэгтгэхийг хүссэн” (Ich Wollte Deutschelands Einheit) номдоо Коль 1998 онд Михаил Горбачёвтой нүүр тулсан түүхэн уулзалтаа дурдсан нь бий. Тэд Бонн хот дахь Канцлерын албан сууцын гадаах цэцэрлэг тийш хандсан цонхтой өрөөнд тухлан, сарны гэрэлд бидэртэх Райн мөрнийг ажиж суужээ. Коль их мөрнийг заагаад Зөвлөлтийн сүүлийн удирдагчид “Энэ урсгалыг хар даа. Яг л түүхийн урсгал шиг байгаа биз? Гол мөрний дээгүүр аварга том далан бариад ч их ус эргээсээ хальж, далай тэнгист хүрэх замаа олчихно. Энэ урсгалыг хэн ч зогсоож хүчрэхгүй. Хоёр Германы нэгдэл чухам үүнтэй ижил юм” хэмээн хэлсэн гэдэг.
Бүх Европын тухайд ч ноён Коль ийм үзэлтэй байна. Их мөрөн гагцхүү нэгэн чигт урсах агаад тэр нь хэний ч саатуулж эс чадах эвлэрэл, нэгдэл юм. “Миний одоо хэлэх зөгнөлийг сайн тэмдэглээд аваарай. Одоогоос тавхан жилийн дараа гэхэд Лондонд, арван жилийн дараа гэхэд Цюрихт еврогоор гүйлгээ хийхэд ямар ч саадгүй болно. Дойч маркийг таван жилийн дараа хэн ч санахгүй. Харин 10-15 жилийн дараа евро өөдрөг, шинэ Европын бэлгэдэл болсон байна. Үүнд хувь нэмэр оруулсандаа би үргэлж бахархах болно” хэмээн тэрбээр ярилаа.
Хельмут Коль еврог дэлхийн хамгийн үнэ цэнтэй хоёр дахь мөнгөн тэмдэгт болно, өөрөөр хэлбэл ам.долларын дараа, харин иений өмнө бичигдэхээр нэн чухаг валют болно гэдэгт итгэлтэй байна. Харин нэгдсэн Европын төлөө, нэг мөнгөн тэмдэгтийн төлөө яаж тэмцсэнийг нь хүмүүс аль хэдийнээ мартаж эхэлснийг ялсан хүний жоготой инээвхийлэл тодруулан цухалзуулсан тэрбээр “Манай одоогийн Канцлер, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд гурав еврог маш хүчтэй эсэргүүцэж байсан. Гэтэл одоо өөрсдөө еврог санаачлан ажил хэрэг болгосон аятай ярьцгаах болж. Ганц, хоёр жилийн дараа бүр өөрсдийгөө дөвийлгөхдөө намайг анхнаасаа еврогийн эсрэг байсан гэхээсээ ч сийхгүй улс. Түүхийн даажин гэдэг энэ дээ” хэмээн хэлэв.
Бэлтгэсэн: Г.Дулам