Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, түүний далайн чанад дахь эзэмшил нутгууд хийгээд Хамтын нөхөрлөлийн Төрийн тэргүүн, Итгэл үнэмшлийг сахин хамгаалагч эрхэм дээдэс хатан хаан хоёрдугаар Элизабет 1952 онд эцгийнхээ орыг залгаж, хааны титэм залахдаа 25-хан настай байлаа. Тэрбээр 1066 онд бүх Английн эзэн сууж, орчин цагийн Британийн хаан төрийн үндсийг тавьсан Эзлэн түрэмгийлэгч анхдугаар Уильямын 22 дугаар үеийн, түүнээс хоёр зууны өмнө буюу нийтийн тооллын 871 онд дайсагнагч англо-саксон бага хаадыг хүчлэн дарж, өөрийгөө нэгдсэн Английн анхны хаанаар өргөмжилсөн Аугаа хэмээгдэх Альфред хааны 32 дугаар үеийн ач охин билээ. Тэрбээр Их Британийн түүхэн дэх хамгийн олон жил титэм зүүсэн төрийн тэргүүн, эдүгээ амьд сэрүүн буй хамгийн өндөр настай хаан/хатан, дэлхийн түүхэнд хамгийн олон жил засаг барьж буй эмэгтэй удирдагч юм.
Элизабет хатны тухай “Elizabeth R” нэртэй нэгэн баримтат кино 1992 оны хоёрдугаар сарын 6-нд буюу хатан хааны сэнтийд заларсны 40 жилийн ойн өдрөөр олны хүртээл болсон нь амьдралдаа нэг ч удаа ярилцлага өгч байгаагүй, үзэл бодлоо илэрхийлэх нь Үндсэн хуулиар хориотой байдаг эрхэм дээдсийн цорын ганц “яриа” гэгдэн үлджээ. 1990 оны намраас 1991 оны намрын хооронд зургийг нь авсан уг киноноос хатан хааны үгсийг түүвэрлэн орчууллаа.
Аав минь 50 гаруйхан насандаа, дэндүү эрт өөд болсон. Тиймээс би орыг нь залгахдаа бараг бэлтгэгдээгүй шахам байв. Юм бүхэн их хурдан болж өнгөрсөн дөө. Гэлээ ч үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, аль байдгаараа хичээхээс өөр сонголт байгаагүй. Төрийн тэргүүн байна гэдэг ажилдаа дасаж, дадахын хамт гэнэтхэн л нас, биед хүрэхийн нэр. Өөрөөр бол хувь заяатайгаа эвлэрнэ гэсэн үг. Ёс уламжлал гэдэг маш үнэ цэнтэй. Түүнийг хадгалж хамгаална гэдэг бүр ч эрхэм дээд зүйл. Ингэж үзвэл хаант төрийн хууль цаазыг сахин хамгаална гэдэг насан туршийн ажил юм.
Лондонд байнга сууна гэдэг нь утга учиргүйн дээр огтоос боломжгүй зүйл. Нутаг орныхоо бусад хэсэгт юу болж байгааг мэдэхийн тулд, үгүйдээ л Лондонд ирж чадахгүй хүмүүстэй уулзаж, үгийг нь сонсохын тулд тэдэн дээр очих хэрэгтэй болдог. Ажилгүйдэл, үйлдвэрлэл гээд өч төчнөөн асуудал, үүнээс гадна олон хүнтэй уулзах боломж, бусдад хүрч үйлчлэх хэрэгцээ гээд олон шалтгаанаар жилийн нэлээд хугацааг замд өнгөрүүлэх хэрэг гардаг юм.
Өвөө, аав хоёрын маань өөд болсон, аавын минь ихэд хайрлаж дурладаг байсан Сандринхемд би ч бас үнэн сэтгэлээсээ хайртай. Энэ газар Төрийн тэргүүний хувийн сууц болохоор нэг талаар олны хөлөөс зайдуу амралтын газар мөн боловч нөгөө талаар бас ажлын газар юм. Хувийн гурван туслахын минь нэг энд цаг үргэлж надтай байх ёстой. Миний ажил нэг ч өдрийн амралтгүй алба юм даа. Сандринхем бүр VII Эдуард хааны үеэс өвлөгдөж ирсэн болохоор манай гэр бүлийнхэн бүгд энэ газартай онцгой харилцаатай байдаг. Энэ газрыг түшиж амьдардаг хүмүүсийн өмнө бид бас хариуцлага хүлээдэг юм шүү дээ. Энд л Английн хөдөө нутгийн амьдралыг мэдрэх боломжтой. Би газар тариалангийн ажилд маш дуртай. Одоо цагт газар тариалан эрхлэх их амархан болжээ. Би бас амьтанд хайртай.
Надад таатай санагддаг өөр нэг зүйл бол захидал бичих, унших юм. Ирсэн бүх захидал шууданг шалгаж, тэр бүхнийг уншихаас Букинхемийн ордон дахь ажлын өдөр маань эхэлдэг. Өдөрт дунджаар 200-300 захидал хүлээж авах тохиолдол ч бий. Хажуугаар нь бас тэмдэглэл хөтлөх хэрэгтэй болно. Хатан хаан Виктория шиг дэлгэрэнгүй биш ч би өдөр болгон тэмдэглэл хөтөлдөг. Харин гараараа бичихээс өөрөөр бичиж сурсангүй дээ. Хүмүүс зөвхөн надад хаяглаж захидал бичдэг болохоор, тэр нь ихэвчлэн хувийн шинжтэй байдаг учраас би ирсэн бүх захидлыг өөрөө уншихыг хичээдэг. Даанч нэг бүрчлэн танилцаж, хариу бичих цаг үнэхээр олддоггүй. Тиймээс туслах авхай нар маань энэ ажилд тусгайлан цаг гаргаж надад тусалдаг. Энэ олон захидлыг унших нь хүмүүсийн юу хүсэж, юунд санаа зовниж байгааг ойлгож мэдэхэд их дөхөм болдог юм. Би тэр болгон хүмүүст шууд тусалж чадахгүй ч зарим тохиолдолд шийдэж чадах юм таарвал зохих албаныханд нь, эсвэл холбогдох байгууллагад нь уламжилж өгдөг. Хүмүүсийн элгэмсэг, дулаан үгтэй захидлууд үргэлжид сайхан сэтгэгдэл төрүүлдэг шүү. Өнөө өглөө гэхэд л “Би өчнөөн газарт хандлаа. Дуусашгүй хэцүү тойрогт орчихжээ. Энэ тойргийг та л сэтэлж чадна” гэсэн үгтэй захиа хүлээж авсан. Сайхан л санагддаг юм байна. Надад янз бүрийн захидал ирдэг. Чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсэж ерөөсөн, хүүхдүүдийн хүслээ бичсэн, бүр корги нохой хаанаас худалдаж авах тухай асуусан захидал хүртэл ирнэ гээч.
Долоо хоног бүрийн албан уулзалт миний хувьд хөндлөнгийн улсын нүднээс далд хүмүүсийг таньж мэдэх, шинэ хүмүүстэй танилцах, улс орныхоо нөхцөл байдлыг мэдэх боломж юм. Дэргэд өөр хүмүүс байхгүй үед зочид маань чөлөөтэй, нээлттэй байж хэлэхийг хүссэн бүхнээ надтай илэн далангүй хуваалцдаг.
Букинхемийн ордонд жилд хоёр удаа гадаад орны Төрийн тэргүүнийг хүлээж авах ёслол болдог журамтай. Нэг хүн алба хаших хугацаандаа нэг л удаа энэ урилгыг хүлээж авдаг юм. Төрийн дээд хэмжээний ийм хүлээн авалтын үеэр бид аль чадахаараа ёс уламжлалаа таниулж, уламжлалт зан үйлээ дагаж мөрдөхийг хичээдэг. Үүнд хэдэн зууны настай сүйх тэргээр зорчих ч багтана. Хүмүүс биднийг цаг үргэлж л үнэтэй, чамин зүйлс хэрэглэдэг гэж боддог байх. Үнэн хэрэгтээ зөвхөн иймэрхүү төрийн ёслол, хүлээн авалтын үеэр л бид орд өргөө дотроо байдаг хамаг сайхан юмаа ил гаргадаг юм. Зочид гийчид хүлээж авч байгаа гэрийн эздийн хувиар бид бүх хүнийг дэгжин, цэмцгэр харагдаасай, бүх зүйл өөгүй сайхан байгаасай гэж хүсдэг.
Төрийн айлчлал, хүлээн авалт, уулзалт хэлэлцээр, Хамтын нөхөрлөлийн чуулганы хажуугаар Букинхемийн ордонд жилд дунджаар 16-17 удаа шагнал, өргөмжлөл гардуулах ёслол болдог нь бидний хувьд бас нэг том ажил юм. Шагнал гардаж байгаа хүнтэй ойр зуурын үг солихдоо би аль болох сонсохыг хүссэн хариултдаа тааруулж асуулт тавьдаг. Надад салбар салбартаа тэргүүлсэн, хийж бүтээсэн зүйлтэй хүмүүстэй уулзах үргэлж сайхан байдаг юм. Бидэнд шагнал, урамшууллын ийм тогтолцоо байгаа нь сайн хэрэг. Хүмүүст урам хайрлаж, хийж бүтээснийг нь үнэлнэ гэдэг маш чухал.
Хүмүүс ажлаа дуусгачихаад гэртээ харьдаг бол миний төрөхөөс хүлээсэн энэ ажил алба, үүрэг хариуцлага хувийн амьдралтай минь зэрэгцэн, хослон байдаг онцлогтой. Миний амьдралд улсын, хувийн гэсэн өчүүхэн боловч хил зааг байхгүй. Орчин цагт харилцаа холбоо маш хурдтай хөгжиж байгаа болохоор миний уншиж танилцах шаардлагатай бичиг цаас ч барагдахгүй их болж. Аз болоход би маш хурдан уншдаг. Бас мэдээллээс хоцрох дургүй. Чөлөөт цаг гарсан ч заавал зурагтын мэдээ үзэж өөртөө орчин тойрон, олон улсад юу болж байгааг мэдэх даалгавар өгдөг. Зурагтаар гарах ихэнх хүнтэй би уулзсан байдаг нь хачин юм шүү.
Байнга ийш тийш явж байдаг над шиг хүнд зуны хэдэн сар Шотландад байх шиг сайхан зүйл хаа ч үгүй. Бүтэн зургаан долоо хоног нэг орон дээр унтаж амарна гэдэг ямархан тансаглал болохыг ихэнх хүн ойлгохгүй байх. Гэхдээ энд, Балмарол шилтгээнд хүртэл төрийн ажил урагшилж байх учиртай. Ерөнхий сайдтай хийх тогтмол уулзалтыг тасалдуулахгүйн тулд Ерөнхий сайд энд долоо хоног бүр тогтсон цагт ирдэг. Надтай ийм уулзалт хийсэн анхны Ерөнхий сайд маань Уинстон Черчилль байлаа. Ихэс дээдсийн эрх мэдэл Засгийн газарт шилжээд хэдэн зуун жил болсон ч Төрийн тэргүүн Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох, шаардлагатай бол үйл хэргийг нь дэмжих, үгүй бол болж бүтэхгүй зүйл дээр анхааруулах үүрэг хүлээдэг юм. Өөрөөр хэлбэл, засаг төрийн хүчир албанаас нь бага ч гэсэн үүрэлцдэг гэх үү дээ.
Зуны амралт дуусахад парламентын чуулганыг нээх дараагийн ажил угтана. Ингээд л ажил ар араасаа ундарна даа. Над шиг амьдралтай хүн мэдээж ховор. Минийх шиг ийм амьдралд ёс уламжлал, үргэлжлэл, залгамж халаа гэдэг хамгийн чухал. Би насан туршдаа хоёр сарын дараа юу болох, бүр жилийн дараа юу хийх гээд бүх зүйлээ урьдаас мэдэж, төлөвлөж иржээ. Харин залууст, олон зүйл туршиж үзэх хүсэлтэй хүмүүст зан заншлыг ягштал дагана, дэг ёсыг сахин хамгаална гэдэг хүнд хэцүү санагддаг байх. Би уулзаж учрах бүх хүнээсээ суралцахыг хичээдэг. Өнөө өглөөхөн л гэхэд нэг цэргийг эр зоригийн одонгоор шагнахдаа түүнийг үнэхээр эрэлхэг зоригтой юм гэхэд тэр “Энэ бүхэн ердөө л цэрэг хүний бэлтгэл сургуулилалт шүү дээ” гэсэн нь санаанаас гарахгүй байна. Үнэхээр ч ямар нэг ажил албыг гүйцэтгэхэд бэлтгэл л хамгийн чухал юм. Би өөрийгөө Төрийн тэргүүний албанд сайтар бэлтгэгдсэн гэж л найдаж байна даа.
Бэлтгэсэн: Г.Дулам