Өөрт нь хандсан хэнд ч болов хийлгэх гэсэн зүйлийг нь сэтгэлд нь хүртэл урлаж өгдөг Т.Төмөрсүх хэмээх дархан бий. Түүний урланг зорих олны хөл тасардаггүй. Шөнө дүл болтол урландаа сууж, бүтээлийнхээ санааг олж, ур хийцээ баяжуулах нь түүнд жаргалтай санагддаг биз. Тэрбээр уран дархны ертөнцөд хөл тавиад 30 гаруй жил болжээ. Монгол дархны урлалын өвөрмөц онцлог, сэтгэхүй, зохиомж, уламжлал, торгон мэдрэмж түүний урлалаас тод харагддаг. Хэний хийц вэ гэдгийг дархчууд хараад л мэднэ. Т.Төмөрсүхийн хийц алт, мөнгөн аяганаас харагддаг гэж урчууд ярьдаг нь оргүй биш ажээ. Мөнгөн аяганы хэрэглээ нэг хэсэг багасаж, хүмүүсийн дунд “Манай дархчууд аяга ч урлаж чадахаа больсон” гэх ойлголт бий болсон үед тэрбээр хуучныг хуулбарлаж дуурайлгүй, бүтээлдээ шинэлэг хийц, загвар оруулж, дархчуудын нэр төрийг сэргээсэн гэдэг. Утсан сүлжмэл оруулж, эрдэнийн чулуу шигтгэж урласан аяга түүний ур, ухаанаас төрж, олны нүдийг хужирлах болсон аж. Ур чадвараа шавхаж, ухаанаа шингээх тусам шинэ хийц гарсаар байдаг гэнэ лээ. Түүнийг “Хүмүүс” буландаа зочноор урилаа.
ЭД ЭЗНЭЭ ОЛОХ Л ХАМГИЙН САЙХАН
Т.Төмөрсүхийг удам угсаа гэхээсээ илүү мэргэжлийн сургууль дархан болгожээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямхүү, Төрийн дархан Д.Энхдаваа нарын шавь болж, 1985 онд Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэсэн аж. Сайн багш нараар эрдэм заалгасандаа баярлаж явдаг тэрбээр анх Дүрслэх урлагийн дунд сургуульд очоод ямар ангид орох вэ гээд шийдэж ядан зогсож байтал багш нь “Чи уран дархны ангид ор” гэж зөвлөснөөр дархан болох гараагаа эхэлсэн гэдэг. Тэр цагаас хойш урлах ажлаасаа сэтгэл урваагүй явна. Тэрбээр “Дархан хүнд урлах тусам шинэ санаа төрж, дараагийн бүтээл хийтлээ суралцсаар байдаг. Товчхон хэлбэл, өөрийгөө байнга хөгжүүлж, авьяасаа нээн, ураа гаргадаг гэсэн үг. Шавь нь багшийнхаа нэг үгийг тогтоон, ухаандаа задлан бодвол захиж хэлсэн нь үнэлж баршгүй эрдэнэ болдог” хэмээн өгүүлсэн юм. Т.Төмөрсүх сургуулиа дүүргэчихээд Монголын урчуудын эвлэлийн харьяа Гар урлалын үйлдвэрт 1991 он хүртэл ажиллахдаа тэр үеийн дарга нарын гадаад руу авч явах бэлэг, мөн Монгол Улсын нэр нүүрийг харуулах дурсгалын томоохон зүйлсийг зэс, гуулиар хийдэг байжээ. Хэдийгээр нийгмийн амьдрал ороо бусгаа байсан ч хүмүүс “Урт цагаан”-ы дархчуудад ээмэг, бөгж хийлгэхээр шөнөжин дугаарладаг байсан гэдэг.
Тэр үед “Хорол” хувиараа эрхлэх аж ахуй байгуулж, дархны ажлаа эхлүүлжээ. Хэдэн жилийн дараа хэсэг дархны хамт үйлдвэр байгуулсан аж. Тэр үед өөрийн дэлгүүр байгаагүй тул хийсэн бүтээлүүд нь ченжээр дамжиж, тэдний таашаалд нийцэж байж хэрэглэгчдэд очдог байв. Ченжид бүтээлээ үнэлүүлж, зах зээлд гаргахаас илүү өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж бүтээлээ урлахыг тэрбээр чухалчилсан гэдэг. Т.Төмөрсүх гуай “Бүтээлээ хэн нэгнээр дамжуулан үнэлүүлж суух надад утгагүй санагдсан. Өдгөө өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй боллоо. Тэр үед үйлдвэрлэгчид Турк, Солонгосын бүтээгдэхүүний загварыг хуулж байхад би монгол загвартай бүтээл урлахыг хичээдэг байлаа. Ур чадвар, ухаан, авьяаст бүтээлийн үнэ цэн байдаг. Магтагдахын тулд бүтээл урладаггүй юм. Урлаач хүн хэдэн төгрөг олохдоо бус, бүтээлээ төгс хийхийг боддог байх ёстой. Дархан хүн бурхан ухаантай гэж ярьдаг. Энэ нь ухаан, мэлмий, гарын ур, сэтгэлийн торгон мэдрэмжээр урлахыг хэлж буй юм. Дархчууд нэг үеэ бодвол эртний бүтээлүүдийг маш сайн хуулбарлаж чаддаг болсон. Тэр ч хэрээрээ гарын дүй, ажиллах чадвар нь сайжирлаа. Одоо ухааныхаа чадварыг сайжруулж, монгол бэлгэдэл, шинэ санаа бүтээлдээ шингээж өгвөл бид гадаадынхнаас дутахгүй. Сайхан эд хэрэглэж байгаа хүн эд таних ухаантай, гоо зүйн мэдрэмжтэй байдаг. Эд, эзэн хоёр нэгнээ олох л хамгийн сайхан” гэж хэлсэн.
САЙН БҮТЭЭЛ ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГУУР ДААДАГ
1994 он түүнд урам зориг хайрласан жил байв. Төр, шашны шүтээн Мэгжид Жанрайсиг бурхны шүншгийн дэр, бумбыг урлаж, улсын баяр наадмын түрүү бөхөд гардуулдаг бай, шагналыг алт, мөнгөөр хийх хүндтэй үүрэг авч, анхны загварыг гаргаж, урласан нь өдгөө Б.Бат-Эрдэнэ аваргын гэрт залаастай байдаг аж. Хэнтийн Батноров, Сүхбаатарын Дарьганга, Өмнөговийн Ноёнсэврээ, Архангайн Далайчойнхорын гээд улс даяар алдаршсан хийц бий. Үүнтэй адил монгол дархчуудын бүтээл өөрийн гэсэн ялгагдах онцлогтой. Тэгвэл Т.Төмөрсүх гуай дархан хүн юу сурсан байх ёстой тэр бүгдийг урлах гэж хичээдэг. Энэ зандаа хөтлөгдөн сэтгэлээ шингээж, ухаан зарцуулж урласан бүтээлүүд нь төрд үнэлэгдэн, эзэндээ Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг энгэрт нь гялалзуулжээ. Тэрбээр өөрийн амжилтыг эрдэм заасан багш, өөрт буй авьяасаа харамгүй заасан ахмадуудын ач тус гэж боддог. Сургуульд сурч байхдаа “Зоос гоёл”, “Урт цагаан”, Гар урлалын үйлдвэрийн мундаг дархчууд шиг болно гэж боддог байсан мөрөөдөл нь өдгөө биелжээ. Дархан хүн өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй. Зорьж ирсэн хүмүүс өөр өөр зүйл урлуулна. Түүний урласан бүтээлүүд хилийн чанадад ч бий. Урлуулсан эзэд нь “Ур хийц сайтай сайхан бүтээл болжээ” хэмээн магтаж, урам хайрлах нь олон.
Тухайлбал, Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал түүний байнгын үйлчлүүлэгчдийн нэг. С.Сигал буддын шашинтан, ренбүчи цолтой учир санал болгосон бүтээлийг нь урлахын тулд тэрбээр багагүй судалгаа хийдэг гэнэ. Дэлхийд гайхалтай урчууд олон ч үйлчлүүлэгч өөрийн хүссэнээр, тохирох бүтээлээ урлуулах боломж ховор. Монгол дархчуудын урласан бүтээл бэлгэдэл, агуулга, амьд, сүнслэг байдлаа хадгалдаг учраас С.Сигал түүнээр урлуулдаг биз ээ. Тэрбээр түүнд “Баярлалаа, Төмөрсүх ээ. Чамаар хийлгэсэн зүүлтээ зүүгээд кинонд тоглож байгаа шүү” хэмээн талархсанаа илэрхийлжээ. “Дэлхийн алдартай жүжигчинд манай дархны урласан бүтээл байна гэж бодохоор бахархах сэтгэл төрж байна шүү” хэмээн түүнтэй ярилцаж суухдаа өгүүлэхэд “Урлаг, хэрэглээ хоёрыг дархчууд хамтад нь бүтээдэг. Ур, авьяасаа ухаандаа хадгалж үлддэг. Бөгжинд хийц, бэлгэдлийг багтаана гэдэг ухаан юм. Тухайлбал, зохиомж загвартаа утсан сүлжмэл хээ, маш нарийн хийц, жижиг үнэт чулуунуудыг шигтгэж, бэлгэдэлт утгыг шингээнэ. Хамгийн гол нь эдгээрийг зөв хослуулж, гүйцэтгэх ёстой. Хэрвээ ингэж урлаж чадвал тухайн бүтээл хүний нүд баясгаж, сэтгэлийг сэргээнэ. Монгол дархны урлалын онцлог бол сэтгэхүйн торгон мэдрэмж, уран хийц юм. Сайн энерги шингэсэн бүтээл эзэндээ эд болдог. Донж нь таарсан урлал сайхан харагддаг. Сайн бүтээл цаг хугацааны шалгуур даадаг юм” гэв. Тиймдээ ч тэрбээр сэтгэлдээ Д.Энхдаваа багшийнхаа “Дархан хүн хэдэн үеийн элээлтийг даах бүтээл урлах хэрэгтэй” гэж захисныг байнга санаж, хэрэгжүүлэхийг зорьдог байна.
МУЗЕЙГЭЭС ХАРСАН ЗҮЙЛ БҮТЭЭЛ УРЛАХ ОЛЗ БОЛОХ НЬ БИЙ
Дархан хүнд баримталж явах зарчим, ёс зүй гэж бий. Тэрбээр хэнд ямар бүтээл урлаж өгснөө хүмүүст ярих дургүй. “Дархан хүн жудагтай байна гэдэг ёс зүйтэй байна гэсэн үг. Алт, мөнгөнд шуналын сэтгэлээр хандаж болохгүй. Бусдын захиалсан зүйлийг цаг хугацаанд нь багтааж, хүссэн загварыг нь сэтгэлд нь хүртэл урлах ёстой юм. Миний хувьд уламжлал дээрээ өнөө цагийн зохиомж оруулж, ирээдүйг харж бодолцон урладаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон бүтээл урлахыг хичээж байна” гэлээ. Цаг хугацаа тухайн уран бүтээлчийн ур ухаан, авьяас хэр тэгширснийг бүтээлээр нь шалгадаг. Тэгвэл Т.Төмөрсүх дархны ухааны ур тэгширсэн нь урласан бүтээлүүдээс нь харагддаг. Тэднийх зун гэр бүлээрээ Монголынхоо нутгаар аялж, очсон аймаг, сумынхаа музейг заавал үздэг гэсэн. Уран бүтээлчийн хувьд музейгээс олон зүйл олж хардаг аж. Тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн хувцас, өв соёлын дурсгал, мал болоод газар тариаланд хэрэглэдэг байсан эртний багаж, эд хэрэглэлийг сонирхож үздэг байна.
Тэдгээр эд зүйл нь хэддүгээр зууны бүтээл болох, ямар цаг хугацааг туулж өнөөг хүрсэн түүхээ номноос дутахгүй хэлээд өгдөг аж. “Музейн тайлбарлагч тухайн нутгийнхаа өв соёл, ёс заншил, түүхийг сайн мэддэг байх ёстой. Тайлбарлаж бичсэн зүйлийг хэлж өгөхөөс илүү хорхойг нь хүргэж, судлах зүйлийнх нь талаар өгүүлдэг байвал илүү сонирхолтой” гэж тэрбээр хэлсэн. Түүний ярьж буйгаар монголчууд нутаг нутгийн онцлог, үндэстэн ястны ялгаа, сэтгэлгээ, бэлгэдэл, өнгө, ур хийц, байгаль дэлхийтэйгээ харилцдаг байсан зүйлээ эд хэрэглэлдээ шингээсэн нь харагддаг байна. Тухайлбал, Хөвсгөл төмрийн ордтой тул дархчууд нь төмрийн урлалд сайн, хийцээрээ бусад нутгаас ялгардаг аж. Энэ нутгаас төрсөн Ерэнтэй дархан төмөр, ган хайлуулж бүтээл урладаг байсан гэлцдэг. Дарьганга нутгийнхан Манжийн хааны цөм сүргийг хариулдаг байсан учир цалин пүнлүү нь цагаан мөнгө, шүр, сувдаар үнэлэгддэг байж.
Энэ нутгийн дархчууд гоёл чимэглэлийн эд зүйл, тэр дундаа эмэгтэй хүний толгойн боолт, шүр, сувдан даруулга, ээмэг, бөгж, зүүсгэл, эмээл, хазаарыг гаргууд урладаг нь үүнтэй холбоотой. Хэнтий аймгийн дархчууд мөнгөөр томоохон эд зүйлс, сав суулга, говийнхон заг, хайлаасаар модон эд хэрэглэл, баруун аймгийнхан нарийн ур хийцгүй ч өөрийн нутгийн язгуур урлаг, уламжлалаа урлалдаа шингээдэг байжээ. Монголын дархчууд урландаа тухалж хол ойрын үйлчлүүлэгчдээр тэрүүхэндээ хүрээлүүлж сууснаас дотооддоо төдийгүй хилийн чанадад бүтээлүүдээ таниулан сурталчлахад нэгдсэн холбоо зайлшгүй хэрэгтэй санагдсан. Монголын дархчуудын “Түмэн эрдэнэс” холбоо урчуудаа дэмжиж, хооронд нь танилцуулан, гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцуулах гарцыг нээж өгөхөөр зорьж байгаа гэнэ. Гэхдээ дархчууд нэгдэж чаддаггүйн учир нь “Надад ямар ашигтай юм бэ” хэмээн ханддагт байна уу гэх бодол төрснийг нуух юун. Монголын уран дархчууд олон улсад танигдахын тулд нэгдэх ёстой. Тэгвэл дархчуудад ганц нэгээрээ бус, нийтээрээ үнэлүүлэх цаг ойрхон байна.