Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Цэнд өнгөрсөн намар эр цэргийн албанд мордсон билээ. Тэрбээр Дорнод аймгийн Халх гол сумын хилийн заставт алба хааж байгаа бөгөөд өдийд хал цэрэг болжээ.
Тэгвэл хил дээр алба хааж буй хүүгээ эргэсэн талаар Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр “Сайн байцгаана уу. Хилчин дайчид болон хүүтэйгээ уулзав. Хил амгалан, залуус албаа сайн хааж байна” хэмээн нийтэлсэн байна.
Түүний бага хүү Э.Цэндээс гадна дунд хүү Э.Эрдэнэ нь мөн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлсэн гэдэг. Бэлтгэл ахмад цолтой Э.Эрдэнэ 2013 онд Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйлсэд оролцож, UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж явжээ.
Ийнхүү хоёр хүүгээ цэргийн албанд мордуулж, эх оронч сэтгэлээр хүмүүжүүлж буй экс Ерөнхийлөгчийн хандлагыг олон хүн сайшааж байна.