Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангид хүмүүжиж байсан 47 настай Т.Наранхүү уржигдар зам тээврийн ослоор амиа алджээ.
Уг осол анги руу нь явдаг замд гарсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Баянзүрх дүүргийн нутаг, Улиастай руу салдаг замын уулзварт Эмэгтэйчүүдийн хорих ангийн ачааны “Портер” маркийн 49-36 УБИ улсын дугаартай автомашин эвдэрч зогсчээ. Уг машины жолооч Мөнхгэрэл хүмүүжигч Т.Наранхүүгээр машинаа засуулаад зогсож байтал Баянзүрхийн товчоо талаас ирсэн “ЗИЛ-130” маркийн 09-39 УБН дугаартай автомашин ирж мөргөсөн байна.
Ослын улмаас Эмэгтэйчүүдийн хорих ангийн аж ахуйд ажилладаг хүмүүжигч Т.Наранхүү амиа алдаж, осол гаргасан ачааны автомашины жолооч хэргийн газраас зугтжээ. Бидэнд олдсон мэдээллээр уг автомашин нь “Марк- Улн” гэх компанийн нэр дээр бүртгэлтэй аж. Гэвч уг компани нь гурван жилийн өмнө дампуурч, түүнээс хойш “ЗИЛ-130” автомашиныг гурван хүн дамжуулан худалдсан юм байна.