Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, нүүрс болон газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоосон шийдвэрийг цааш үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцжээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Тэрбээр "гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргасан. Тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисоор хангах, сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах байрыг бэлдэх гэх мэт асуудлыг холбогдох албаныханд даалгалаа" гэв.
Мөн коронавирусийн халдвар гарсан улс орнууд руу аялал зохион байгуулахгүй байхыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад үүрэг болгожээ.