Монгол Улсын Засгийн газарт Тавантолгойн цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг “Оюутолгой” компани хүргүүлсэн талаар “Turquoise hill resources” цахим хуудсандаа мэдээлэв. Өмнөговь аймгийн Цогтцэций сумд, Тавантолгойн ордыг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихад 924 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж тооцжээ. “Turquoise hill resources” компанийн гүйцэтгэх захирал Улф Күйллмэнн “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтад эрчим хүчний найдвартай нийлүүлэлт чухал. Төслийг эрчим хүчээр тогтвортой хангах шийдлийг олохын тулд бид Монгол Улсын Засгийн газар, “Rio tinto”-той үргэлжлүүлэн хамтран ажиллана” хэмээн тэмдэглэжээ.
Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” компани Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах талаар Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээг 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд байгуулж байв. Уг гэрээнд цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2023 оны зургадугаар сарын 30-нд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна хэмээн тусгаж байв. Гэхдээ Засгийн газар зарим шийдвэрийг гаргаагүй зэрэгтэй холбоотойгоор уг станцыг ашиглалтад оруулах хугацаа дээрхээс өөрчлөгдөж магадгүйг эх сурвалж дуулгав. “Оюутолгой” компани эрчим хүчээ одоогоор ӨМӨЗО-оос хангаж буй.