-Түүнийг эд хөрөнгө завшиж, мөнгө угаасан, хахууль авсан үйлдэлд яллагдагчаар татсан юм-
Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүс төрийн өмчит хэд хэдэн компани, тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг өөрийн болгосон, тэгэхдээ улсын мөнгөөр, татвар төлөгчдийн хөрөнгөөр авсан гэх хэрэг олны анхаарлын төвд байсан ч өдгөө сураг алдраад буй билээ. Тэдний холбогдсон үйлдэлд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир зэрэг салбар компанийнх нь удирдлагыг яллагдагчаар тооцоод буй бол улс төрд нөлөө бүхий, төрийн өндөр албан тушаал хашиж байсан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Зам, тээврийн сайдын алба хашсан Д.Ганбат нарыг албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн үйлдэлд яллагдагчаар тооцсон юм. Тэгвэл Зам, тээврийн сайд асан Д.Ганбатыг зөвхөн тэдэнтэй холбоотой хэргээс гадна онц их хэмжээгээр мөнгө угаасан хэрэгт буруутгаад буй. Төрийн сайд асан, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байгаад хүүтэйгээ хамт Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэрэгт хамжигчаар оролцсон түүний холбогдсон нэг үйлдлийг хууль сахиулагчид шалгаж дуусаад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн ч өнөөг болтол хэрхсэн нь тодорхойгүй байна. Чухам ямар үйлдлүүдэд Дангаагийн Ганбатыг яллагдагчаар татаад буй доор хүргэе.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫГ УДИРДАЖ БАЙХДАА “КЬЮ ЭС СИ” ХХК-Д КОНЦЕССЫН МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН
Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагыг саатуулсан энэ оны гуравдугаар сарын 5-ны баривчилгааны үдэш “Канетик” компанийн захирал Ганбатын Хүрэлбаатар гэх эрхмийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн. Зам, тээврийн сайд асан Д.Ганбатын хүүг чухам ямар хэрэгт холбогдуулсныг тухайн үед хүмүүс төдийлөн анхаарч үзээгүй, үл ойшоож өнгөрөөсөн юм. “Монголын зэс корпорац”-ынхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ мөнгөө Худалдааны хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой эргэн тойрны хүмүүсийн байгуулсан компаниудад тус банкнаас зээл өгөх замаар “Монголын зэс”-ийг санхүүжүүлсэн байдаг.
Тухайлбал, “Кью Эс Си” гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй компаниас 62.9, “Ривер стоун”, “Юнайтед энержи систем” компаниас тус бүр 70, “Канетик” компаниас 68 сая ам.доллар зээлсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр компанид зээл өгөх замаар “Монголын зэс” мөнгө босгосон түүхтэй. “Монголын зэс”-ийг анх “Жумейра” нэртэйгээр Д.Эрдэнэбилэг нар байгуулахад Зам, тээврийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатар тус компанийн захирал, үүсгэн байгуулагчаар нь ажиллаж байжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.долларын зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс худалдан авах зэсийн баяжмалыг барьцаалсан зээлийн гэрээнд “Жумейра” компанийг үүсгэн байгуулсан Г.Хүрэлбаатар гарын үсэг зурж, авсан зээлээ “Монголын зэс”-д шилжүүлсэн” гэдэг. Сингапурт бүртгэлтэй “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатарын оролцоо ийм.
Харин сайд асан Д.Ганбатыг чухам ямар үйлдлийнх нь төлөө Д.Эрдэнэбилэг нарт хамаатуулан яллагдагчаар тооцов гэдгийг сийрүүлье. Д.Ганбат, Д.Эрдэнэбилэгтэй эртний найз. Түүний дэмжлэг туслалцаа, нөлөөгөөр сайд, төрийн өмчит компанийн захирал зэрэг өндөр албан тушаал хашиж байсныг учир мэдэх хүмүүс ярьдаг. Д.Ганбатын Худалдаа хөгжлийн болон “Улаанбаатар” банкныханд үйлчилсэн буюу эрх мэдэл, албан урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэл нь дээр өгүүлэн буй “Кью Эс Си” гэх компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшлийн төмрийн хүдрийн ордуудаас ачаа тээвэрлэх төмөр зам тавьсан хөрөнгөтэй холбоотой хэрэгт яллагдагчаар татсан юм.
Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн эзэмшлийн, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн орд газраас тус аймгийн Ерөө сум дахь Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам концессоор барьж 2015 онд ашиглалтад оруулсан. Ингэхдээ “Кью Эс Си” компанийнхан туслан гүйцэтгэгчээр өөрсдийн хамаарал бүхий “Монголиан рэйлвэй корпорэйшн” ХХК-ийг сонгож, гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хэт өндрөөр гаргаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн гэдэг. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхнээр далангаа тавиулж, Мардайн орчимд байсан төмөр замын зам (рейлс) төмрийг авчирч, Хятадаас бетон дэр оруулж ирэн бариулсан нь шинжээчдийн дүгнэлтээр батлагдсан байдаг. “Кью Эс Си” компанийнхан уг төмөр замаа төрд 183 тэрбум төгрөгөөр зарсан бөгөөд эдийн засгийн шинжээчдийн тооцоолол, дүгнэлтээр ердөө 50 гаруй тэрбум төгрөгөөр уг замыг тавьсан гэж үнэлсэн юм билээ.
Энэ төмөр замд Засгийн газраас векселээр 90.1 сая ам.доллар гаргасан бөгөөд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхны шалгалт, шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болсон аж. “Кью Эс Си” компанийн гүйцэтгэсэн Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр замын ажлын үнийн дүнтэй холбоотой баталгаажуулсан акт, дүгнэлт гараагүй, Сангийн, Зам тээврийн яам, ТӨБЗГ, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад ажлын гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн баримт, тооцоо өгөөгүй байхад улсад хүлээж авчээ. Гэхдээ төрийн өмчид бүртгэж аваагүйг учир мэдэх хүмүүс хэлэв. Тухайн үед Зам, тээврийн сайд нь яамнаасаа комисс томилсон бөгөөд тэд дутуу ажлуудыг нь онцолж, 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг, чиглэл өгчээ. Эл хугацаанд дутуу ажлаа хийж гүйцээхгүй бол тухайн актыг хүчингүй болгох хуультай аж. Жишээ нь “Кью Эс Си” компанийн гүйцэтгэсэн төмөр замын урт гэхэд бичиг баримтууд дээрээ хэд хэдэн янзаар бичигдсэн байдгийг мэргэжлийн байгууллагын хүмүүс хэлсэн.
Тухайлбал, 33.4, 22.9, 36.56 км гэх байдлаар бичсэн байдаг бөгөөд 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлын актад уг замын уртыг нарийвчлан тогтоож, нэг мөр болгохыг шаардсан байж. Мөн санхүүгийн анхан шатны бичиг баримтыг нь хүлээн авагч талынхан шаардаж байсан ч огт өгөөгүй гэсэн. Улмаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн тодорхой хувийг эзэмшихээр болсон “Монголын зэс”-ийг удирдаж буй (49 хувийн хувьцааг худалдан авсан) Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар болон “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир нар Үндэсний хөгжлийн газрын албан тушаалтнуудад “Бид дээгүүр чинь ярьчихсан, хурдан гэрээ хий” гэх мэтээр шахаж, дээрэнгүй харилцдаг байсан гэдгийг нь гэрчүүд мэдүүлсэн байдаг юм билээ.
Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар, Э.Шижир нарын дээгүүр ярьсан нь гэдэг нь үнэний ортой байж. Төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой анхан шатны ямар ч бичиг баримт Сангийн болон Зам, тээврийн яам, ТӨБЗГ, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад хүргүүлээгүй байхад “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижирийн гуйлтаар “Монголын төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ганбат 2016 оны нэгдүгээр сарын 17-нд 01/164 дугаартай “Төмөр замын ажлын төсөв, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг бичиг баримтуудад үндэслэн 112.66 сая ам.доллароор тооцон хүлээн авч байгаа болно” гэсэн утгатай албан бичиг Сангийн сайд Б.Болорт хүргүүлж, төлбөрийг векселээр төлүүлсэн аж. Ингэснээр Д.Ганбат эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байна. Тиймээс Д.Ганбатыг Эрүүгийн хуулийн 22.1-2-т зааснаар яллагдагчаар татжээ.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ МӨНГИЙГ УГААСАН УУ
Д.Ганбат “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа найзуудынхаа компаниар дамжуулж үйлдвэрээс мөнгө гаргаж (албан бус эх сурвалжуудын хэлснээр 32 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй гэх), улмаар орон сууцны хотхонууд бариулан борлуулж мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийг нь ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж буй.
Тодруулбал, “Өндөр буянт холдинг” гэх барилгын компанийн хувийг 500 сая төгрөгөөр худалдан авч, дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн тухай тус компанийг эзэмшигч Н.Төмөрхүү цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байдаг. Ингээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн юм. Улмаар МУБИС-ийн замын урд байрлах UBH төвийн 16-17 дугаар давхарт байрлах “Өндөр буянт холдинг” компанийн төв байранд нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан билээ. Д.Ганбатыг “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө завшиж, хөвгүүдийнхээ байгуулсан “Хатанболор”, “Дэвшилт” гэх компаниар дамжуулан угаасан хэмээн буруутгаж байгаа. Тус үйлдвэрийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй ам.доллар, төгрөгөөрөө өмнөд хөршөөс арматур их хэмжээгээр оруулж ирэн дээрх компаниар дамжуулан борлуулсан гэж үздэг.
Ийнхүү “Өндөр буянт холдинг”-ийн удирдлага нэгнээ хууль сахиулах байгууллагуудаар шалгуулаад багагүй хугацаа өнгөрч буй бөгөөд Д.Ганбатад холбогдох үйлдлийг нь удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлэхээр бэлтгэж буй сурагтай. Харин Д.Ганбат хууль сахиулах байгууллагынханд хандаж Н.Төмөрхүүгээ шалгуулахаар хандсаны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа юм билээ.
ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ НЬ НПГ-Т ШИЛЖҮҮЛСЭН Ч МАРТАГДАВ
Дээрх үйлдлүүдээс гадна шинэ нисэхийн хурдны зам, Баянхонгор чиглэлийн автозамын ажлыг бизнесийн эртний хамтрагч аж ахуйн нэгжүүдэд өгсөн гэх хардлага яригдаж байсан. Харин өнгөрсөн аравдугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн цагдан хорьсон юм. Гэвч төд удалгүй батлан даалтад гаргасан. Уг албан тушаалыг хашиж байхдаа түүнийг Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулсан юм. Улмаар тус компанийн захирлыг хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй гэсэн. Тэдэнтэй хамт ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржхандыг хамтатган шалгасан билээ. Түүний мэдүүлэгтэй холбоотойгоор Д.Ганбатыг шалгаж эхэлсэн талаар тухайн үед эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Энэ оны ес, аравдугаар сард шалгаж эхэлсэн энэ хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч бөгөөд нэгдүгээр албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох манай сонинд ярилцлага өгөхдөө “АТГ-аас нэг сар гаруйн өмнө дайчлан баривчилсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд нарын хэргийг шалгаж дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүллээ” хэмээж байв. Гэвч түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөхөд хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй мартагдлаа. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4-1 дэх хэсэгт “Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан. Тэгэхээр нэг сар гаруйн хугацаа өнгөрөхөд прокурор ямар нэг шийдвэр гаргаагүй байгааг юу гэж үзэх вэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа