ЭЦА-нд Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг 2017 оны зургадугаар сард байгуулсан. Тус тасгийнхнаас авсан мэдээллээр Вьетнам, Филлипин, БНХАУ, Умард Солонгос зэрэг орны иргэд хүний наймааны хохирогчболж манай улсад ирдэг аж. Харин манайхан БНХАУ, БНСУ, Турк, Аргентин зэрэг улс руу нэгнийгээ наймаалдаг. Жишээлбэл, Монгол Улсын иргэн Б гэгч 2016 оны долдугаар сард С, насанд хүрээгүй Б нарыг БНХАУ-ын Эрээн хотод угаагчаар ажилд оруулна хэмээн хуурч, хил давуулан худалдсан байна. Ер нь гэмт хэрэгтнүүд гадаадынхантай бүлэглэж, элэг нэгтнээ худалддаг гэх.
Өдгөө ЭЦА-ныхан манай улсын иргэн Б нэр бүхий загварын агентлагуудын загвар өмсөгч А, Б, Х, Б, Н болон насанд хүрээгүй Х, Б нарын 10 охиныг БНХАУ-ын Хөх хотод байрлах “Шангри-Ла” зочид буудлын караокед биеийг нь үнэлүүлэхээр гадаадын иргэнд зуучилсан хэргийг шалгаж байна. Загвар өмсөгчид өмнө нь ч цөөнгүй удаа бэлгийн мөлжлөгт өртөж байсан. Өөр бас нэг иргэн элэг нэгтэн М-ыг байнга зодож, дарамтлан БНХАУ-ын Эрээн, Бээжин, Шинжинь зэрэг хотоор дагуулан явж, биеийг нь хүчээр үнэлүүлж, худалдсан хэргийг шалгаж буй. Түүнчлэн Камбож, Хонконг, Макао, Хайнань арал, Малайз, БНХАУ-ын Шанхай хот, Сэхэ болон Цагаан хадны боомтод монгол охидын биеийг үнэлүүлдэг талаар ЭЦА-ныхан мэдээлсэн. Жишээлбэл, Бээжинд Монголын 160 орчим эмэгтэй биеэ үнэлдэг гэх мэдээлэл бий. Тэд ихэвчлэн бусдад хууртан, хилийн дээс алхаж, бэлгийн мөлжлөгт өртсөн гэх. Үүнээс гадна гэр бүл зуучлал нэрээр хөдөлмөрийн мөлжлөг хийж, манай иргэдийг худалддаг болжээ. Харамсалтай нь, хил дамнан худалдагдсан хохирогчдоос цөөн хэдийг нь авчирч чаддаг аж. Тухайлбал, 2018 онд БНХАУ-аас 14 иргэн авчирчээ. Мөн Малайзаас хоёр, Мьянмараас гурав, Камбож улсаас дөрвөн иргэн нутагтаа ирсэн байна. Энэ жил Киргиз, Филлипин, БНХАУ-аас тус бүр нэг л хохирогчийг авчирч чаджээ.
2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар ЭЦА-наас Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 36 холбогдогчтой, 82 хохирогчтой (үүнээс 29 нь насанд хүрээгүй) 19 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Эдгээрээс долоогийнх нь хэргийг прокурор, шүүхэд шилжүүлсэн. Хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь 4-5 удаа ял шийтгэл эдэлж байсныг цагдаагийнхан онцолсон. Өнгөрсөн онд хүн худалдах 26, энэ жил 65 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Монгол хүнийг худалдсан анхны тохиолдол 1999 онд илэрч байсан гэдэг. Тодруулбал, манай улсын хоёр эмэгтэйг Югославт хуурч аваачин, худалдсан хэргийг уншигч Та санаж байж магадгүй. Тэднийг хоёр жилийн дараа эх оронд нь авчирч байв. Өдгөө асуудал ямар ноцтой хэмжээнд хүрснийг дээрх тоонууд илтгэх болов уу.
“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчдод туслалцаа, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний бага хурал өнгөрсөн амралтын өдөр болсон билээ. ХНХЯ болон ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (ГХУСАЗЗ), “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-аас зохион байгуулсан эл хуралд шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөгч, орон нутгийн төр захиргааны байгууллагын төлөөлөл оролцсон юм. Үндэсний бага хурлын үеэр “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаясгах “Энэ жил манай төв хүн худалдах гэмт хэргийн 35 хохирогчид туслалцаа үзүүлсэн. Нэгэнт хохирогчийг илрүүлсэн бол тэдэнд шаардлагатай нийгмийн бүх л туслалцааг үзүүлэх ёстой. Тиймээс 10 эмэгтэйг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж, мэргэшүүлсэн. Дахин хохирогч болохгүйн тулд тэд ажилтай, орлоготой байх нь чухал. Мөн долоон хүнд өмгөөллийн туслалцаа үзүүлж байна. Филлипинээс нэг хохирогч авчирсан. Энэ жил санаа зовоож буй асуудал бол хохирогчдын цөөнгүй нь насанд хүрээгүй байв. Тиймээс бид хүн худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг чадахаараа зохион байгууллаа. Энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам өссөөр байгаа. Тиймээс нийлүүлэлт бий болгодог эрэлтийг хязгаарлах ёстой. Өөрөөр хэлбэл, худалдаж авсан хүнд хариуцлага тооцох механизм сул байна. Мөн “Биеэ үнэлэлт, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэл” суурь судалгааг 710 хүнээс асуулга авч хийлээ. Судалгаанд цагдаа, прокурор, шүүгч, ТББ, иргэдийн төлөөллийг хамруулсан. Үр дүнг нь удахгүй мэдээлнэ” хэмээн ярив. Үүнээс гадна БНСУ-ын Жендерийн тэгш эрх, гэр бүлийн яамныхан ирж, биеэ үнэлэлт, бэлгийн мөлжлөгтэй тэмцэж буй туршлагаасаа хуваалцав. Гэхдээ тэдний туршлагыг бичихээ түр азнаад Монголд хүн худалдах гэмт хэргийн нөхцөл байдал, хууль, эрх зүйн орчин ямар байгааг мэдээлье.
Үндэсний аюулгүй байдалд хүн худалдах гэмт хэрэг тун сөргөөр нөлөөлж мэднэ хэмээн НҮБ-аас манайханд анхааруулсаар буй. Тиймээс төр, засгийнхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.4.2-т “Хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүн худалдах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгож энэ чиглэлд бэхжүүлнэ” хэмээн тусгажээ. Түүгээр зогсохгүй олон улсын болон бүс нутгийн хэмжээний баримт бичгийг соёрхон батлахаас авхуулаад, Хүн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай НҮБ-ын протоколд гарын үсэг зурж, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн байдаг. Дээрээс нь, манай цагдаагийнхан БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаогийн Засгийн газартай Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх, хамтран ажиллах хэлэлцээр хийсэн. Энэ мэтээр БНХАУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтрах дөрвөн хэлэлцээртэй. Үүнээс гадна Засгийн газрын 2017 оны тавдугаар сарын 24-ний 48 дугаар тогтоолоор Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр баталжээ. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд цагдаагийн байгууллагаас жил бүр илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж буй. Мөн хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүн, хүн худалдах гэмт хэргийн нөхцөл байдалд АНУ-ын Төрийн департамент, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагаас жил бүр үнэлэлт, дүгнэлт өгч, Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг аж. Улмаар ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ- өөс тодорхой ажлууд хийсэн гэнэ. 2019 онд эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ЗТЯ, БОАЖЯ, БСШУСЯ, ГХЯ, ХНХЯ, ЭМЯ, харьяа агентлагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд нэгдсэн сурагтай.
Хүн худалдах гэмт хэргийн хохирогчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр манайд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Эрүүгийн хуулийг хэрэгжүүлж ажилладаг. Хохирогчийг хамгаалах нь салбар дундынхны хийх ажил. Харамсалтай нь, холбогдох газрууд хамтардаггүй, энэ ажлаа бүрэн дүүрэн хэрэгжүүлдэггүй. Өдгөө манай улс түр хамгаалах 16 байр, нэг цэгийн үйлчилгээний 11 төв ажиллуулдаг аж. Гэхдээ эдгээр газарт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг л хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг. Товчхондоо, хүн худалдах гэмт хэргийг цагдаагийнхан сайн илрүүлдэг ч хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг бүрэн үзүүлж чадахгүй байна. Улмаар шүүх шийдвэрлэлт хангалтгүйг хүний эрхийн зарим тэмцэгч шүүмжилдэг. Өнөөдрийн байдлаар дээрх төрлийн гэмт хэрэгт өртсөн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх ажлын хүндийг “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ынхан дангаараа шахам үүрч байна гэхэд хилсдэхгүй.
Одоо БНСУ хүн худалдах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж, үр дүнд хүрч буй талаар мэдээлэл хүргэе. Тус улс 2002 оноос хойш хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа эрчимжүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлсэн нь учиртай. 2002 оны есдүгээр сарын 19-нд тус улсын нэгэн хотын томоохон орон сууцын хороололд гал гарч, олон хүний амь сүйдсэн байна. Хохирогчид нь бэлгийн мөлжлөгт өртсөн иргэд байж. Тухайн оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 19-25 хүртэл кампанит ажлыг улс даяар зохион байгуулдаг болжээ. Улмаар биеэ үнэлэхийг хориглож, бэлгийн мөлжлөгт өртсөн иргэдэд туслах хууль баталсан байна. БНСУ-ын Ерөнхий сайдын санаачилгаар хүн худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулжээ. Эл зөвлөлийнхнийг цагдаа, прокурорынхон бодит мэдээллээр хангадаг. Мөн орон нутгийн удирдлагыг хүн худалдах хэрэгтэй тэмцэх ажилд татан оруулж, хойш суусныг нь бангаддаг зохицуулалтыг хуульд тусгажээ. Бас гурван жил тутам энэ хэргийн талаарх судалгаа хийдэг юм байна.
Үүнээс гадна албан байгууллагуудыг хүн худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахыг шаарддаг. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол сонин хэвлэлээр мэдээлж, хариуцлага тооцдог гэнэ. Энэ жилийн тухайд “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ төрлийн хэргийг хэрхэн мэдээлж, урьдчилан сэргийлэх вэ” сэдвээр аян өрнүүлж, хэвлэлийнхнийг хамруулжээ. Мөн БНСУ хохирогчдод үйлчлэх “Наранцэцгийн төв” нэртэй 29 салбар нэгж, мэргэжлийн баримжаа олгох 12 МСҮТ, амьдрах нөхцөлөөр хангах 12, өсвөр насныханд туслах, бусад нийгмийн халамж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний 23 байртай аж. Дээр нь гадаадын хохирогчдыг хамгаалж, үйлчилгээ үзүүлэх нэг төвтэй гэнэ. Дээрх төвүүд нэг хүнд үйлчилгээ үзүүлэхэд гурван сая вон буюу 6.6 орчим сая төгрөг зарцуулдаг гэх. Харин манай улсад хүн худалдах гэмт хэргийн хохирогчдод нэг цэгээс үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Тэр ч бүү хэл, хохирогчдод нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зардлыг хуульд тусгаагүй. Өөрөөр хэлбэл, Монголын төр хүн худалдах гэмт хэргийн золиос болсон хохирогчдод бүрэн туслалцаа үзүүлж чадахгүй байна.
Эцэст нь хэлэхэд, манай улс хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх хуультай, үүнтэй тэмцэх үндэсний хөтөлбөртэй. Гэвч 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж буй Эрүүгийн хуульд бэлгийн мөлжлөгийн хэлбэр болох бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, орон байраар хангах үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй, Зөрчлийн тухай хуульд оруулсан нь энэ төрлийн гэмт хэрэг огцом өсөх шалтгаан болсныг хуульчид онцолж буй.