Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М-Си-Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанканд холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны энэ сарын 9-нд хянан хэлэлцлээ.
“М-Си-Эс холдинг” ХХК нь нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл шүүхэд гаргасан талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх харин уг хэргийг энэ оны есдүгээр сарын 12-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.