Английн рашаан амралтын Богнор цогцолборын элсэрхэг эргээр гурван залуу гүйж явав. Эхнийхийг нь Махмуд Сали гэдэг. Ойрхи Дорнодоос Британид ирж их сургуулийн оюутан болжээ. Түүний найз Аким Адебайо нигери хүн, коллеж төгсөөд Лондон хотын захын нэгэн дэлгүүрт ажиллах болж. Тэд хоёул Лондоны гэмт хэргийн бүлгийн мансууруулах бодисыг наймаална. Энэ бүлэг эндхийн захыг хяналтдаа авахыг хичээдэг. Сали, Адебайо нар литва гаралтай Димитрийс Семелистэй өрсөлдөнө. Семелис энэ Богнорт амьдардаг аж.
Хүүхдүүдтэйгээ амарч буй хүмүүсийн нүдэн дээр Семелис ч гүйж яваа харагдав. Орох хаалганы дэргэд түүнийг Сали, Адебайо нар гүйцэж очлоо. Тэгснээ нигери залуу литва эрийг газар унагаад “Үүнийг хэрч” гэж хашхирахад Сали 5-6 удаа хутгалчихаад зугтаж одов.
Залуурынх нь ард уруу дорой харагдах хөгшин эр суусан ногоон өнгийн “Ситроен” машин Салийг хүлээж байсан аж. Цусанд будагдсан алуурчин этгээд уг машинд үсрэн орж хаалгыг нь хаагаад арын суудалд нуугдав. Цааш юу хийхээ жолооч өвгөн мэдэж байжээ. Тэрбээр машинаа огцом 180 хэм эргүүлээд засмал замд орж давхиж гарлаа.
Сали онгоцны буудал хүрч Бахрейн улс руу нисэх онгоцонд сууж тун удалгүй Британийн цагдаа нарын мэдлээс бултав. Нөгөө Адебайо нь нуугдаж чадалгүй баригдан шоронд хүргэгдлээ. Жолооч, 81 настай Иэн Хемменсийг ч баривчилжээ. Энэ өвгөн Богнороос 11 километр зайд байх Чичестер хотод амьдардаг, дэргэдээ нохойноос өөр амьд амьтангүй нэгэн аж. Өнгөц харвал тэтгэврийн энэ англи өвгөнд Лондоны хар арьст дээрэмчидтэй адилтгах юм ер байхгүй. Түүнийг гэмт хэргийн оролцогч гэхээсээ хоморгод өртсөн амьтан гэлтэй. Богнор мэтийн жижиг хотын хар тамхины наймаачдын хэрэглэх дуртай тактикийг “хөхөөчлөх” гэж хэлдэг. Тэд эндхийн өөрийгөө хамгаалах чадваргүй ядарсан хүмүүсийн гэрт дайран орж эзэмшээд, түр штаб маягийн газар болгож ашигладаг байна. “Би хаалгаа яах гэж тайлж өгснөө мэдэхгүй, ямар ч байсан онгойлгож л орхисон байсан. Намайг хажуу тийш нь түлхээд шууд л зодож, өрөө рүү яваад орцгоосон” гэж “хөхөөчдийн” халдлагад өртсөн нэгэн хүн сэтгүүлчдэд ярьсан байдаг. Хар тамхины наймаачид орогнуулах зөвшөөрөл гэрийн эздээс хүсэхгүй, татгалзахыг хүлцэхгүй, харин төвөг учруулсныхаа хөлсийг төлөхийг амлана. “Би унтлагынхаа өрөөнд хоёр өдөр суусан, намайг жорлонд орохыг л зөвшөөрсөн. Их аймаар”. Мөнөөх гэрийн эзний яриа энэ.
“Хөхөөчдийн” түрэмгийлэлд ганц бие хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өрх толгойлсон эхчүүд ихэвчлэн өртөнө. Наймаачдыг гэртээ хэд хоног байлгахыг тэсэж тэвчиж өнгөрөөсөн нь өлзийтэй. Аягүй бол нөгөө “барааг” нь захиалагчдад тарааж өгөх үүрэг ч ногдож мэднэ.
Тэтгэврийн өвгөн Хемменс уйдаж ганцаардахдаа тэнгисийн эргээр зугаалж байхыг бодож Богнорт иржээ. Түүний ярьснаар бол Сали, Адебайо нарыг огт танихгүй байхдаа нүүр учирсан гэнэ. “Тэд хэн нэгэн ирж аваад явахыг хүлээгээд замын хажууд зогсож байсан, тэгээд л машиндаа суулгасан” гэж өгүүлжээ. Богнорт бол нэг танихгүй хүн Чичестерт хүргэж өгөхийг хүссэн, түүний гар нь цустай байснаас айгаад үг хэлж чадаагүй аж.
Өвгөний ярьсан нь өөр гэрчүүдийн мэдүүлгээс зөрж байв. Түүнээс гадна Салийг өвгөн урьд нь унаагаараа зөөж байжээ. “Тухайн өдөр тэнд тохиолдлоор тааралдсан биш, биенээ танихгүй хүмүүс ч байгаагүй. Сали, Адебайо нарыг Хемменс авчирчихаад буцааж хүргэж өгөхөөр холгүй газар хүлээж байсан” гэж шүүх хурал дээр прокурор хэлжээ. 81 настай өвгөний ярьсанд үнэний хувь бас байв. Үнэндээ түүнд үг солих хүн байсангүй. Байдлаас үзэхэд уйдаж, ганцаардсанаас л Хемменс дээрэмчидтэй холбогджээ. Хар тамхины наймаачдад хөл залгуулна гэдэг амь насанд аюултай ажил нь мэдээж. Сали, Адебайо нарын хувьд дуулгавартай хөгшин хүн жинхэнэ олз байж таараа. Өвгөн чадах ажлаа ягштал хийхээс гадна хэнд ч сэжиг төрүүлэхгүй.
Гэлээ ч гадаад байдал хуурамч байдгийг 80 гарсан настай америк өвгөн Самуэль Сабатиногийн үйлдэл бас харуулна. Тэрбээр бага зэрэг алмай ч амгалан аятайхан төрхтэй. Үнэн хэрэгтээ мэргэжлийн хулгайч, олон арван мянган ам.доллароор үнэлэгдэх эд зүйл байсхийгээд аваад алга болно.
Есдүгээр сард, Америкийн хөдөлмөрийн баярын өдөр Сабатино Нью-Йоркт ирэв. Чухам ийм баяр болж буй, хүмүүс түүнд сатаарсан үеийг мань өвгөн зориуд сонгоод, Манхэттен хэмээх тансаг дүүргийн олон сууцтай хорооллыг итгэл төгс зорьжээ. Тэгээд тэндхийн нэг оршин суугчийн дүрээр уг байранд нэвтрэв. Сонин хэвлэл нь овоорсон айлуудыг анхааралдаа авсан нь уг айлынхан удаан хугацаагаар эзгүй байгааг тооцоолсных. Хаалга нь түгжээгүй биш байвал ороод үнэ цэнтэй зүйлээр нь халаасаа дүүргэн гарахад ядах юм байхгүй. Цагдаагийн байгууллагын баримтаар бол өвгөн хулгайч ийм аргыг 12-оос доошгүй удаа хэрэглэж, 400 мянган ам.долларын эд зүйл хулгайлжээ.
Сүүлчийн тохиолдолд сэрэмж болгоомжтой нэгэн харуул түүнд саад болсон аж. Түүний асуултад Сабатино хариулахдаа “Суарес гэдэг үеэлийндээ ирсэн юм” хэмээн бусдын толгойг эргүүлсээр ирсэн аргаа хэрэглэтэл уг байранд суугчдаа нэр, овгоор нь анддаггүй тэр харуул “Ийм хүн энд амьдардаггүй тул та эндээс явна уу” гэх нь тэр. Сабатиног аль Флоридагаас л ажигласан цагдаа нар түүнийг гарч ирэхэд нь баривчлав.
Сали, Адебайо нартай тааралдахаасаа өмнө нам гүм амьдарч байсан Хемменсээс ялгаатай нь Сабатино бүр 1960-аад оноос хулгай хийх болсон аж. 2001 онд баригдсан ч мөнгө төлөөд зугтаж орхиж. Флоридад шилжин ирж бараг 20 жил энд өөр нэрээр аж төрөв. Аавынхаа явдлыг охин нь ер гадарладаггүй байж. Эцгийг нь баривчилсныг “The New York times” сонины сурвалжлагчаас сонсоод охин “Үгүй байлгүй дээ, аав минь 81-тэй шүү дээ” гэж дуу алдсан гэдэг.
Мансууруулах бодис дамлан худалдах хэрэгт залуу охид, бүсгүйчүүдийг ашиглах нь цөөнгүй. Гэхдээ Английн Бромли хотод суудаг 71 настай Сью Кларк, түүний нөхөр, 72 настай Рожер Кларк нарын үйлдэл хар тамхины наймаачдын дотор ч тэтгэврийнхэн явж л байдгийг харуулна. 2018 оны арванхоёрдугаар сард ээлжит аяллаасаа тэдний буцах унаа нь болсон хөлөг онгоц Лисбонд зангуугаа буулгав. Дамын наймаачид яваа гэх мэдээлэл авсан Португалын цагдаа нар тэдний өрөөг шалгажээ. Рожерын дөрвөн чемоданаас есөн килограмм кокаин олов. Ийм хэмжээний мансууруулах бодис хар зах дээр нэг сая орчим фунт стерлинг (80 сая гаруй рубль)-ийн үнэ хүрнэ.
Испанид уулзсан, Ямайк гаралтай Ли хэмээх учрыг нь олоход бэрх бизнесмен л үүнд буруутай гэж хөгшид шууд хэлсэн байна. Карибын тэнгисээс аялсан бүх зардал болох бараг 7000 фунт стерлингийг Ли төлсөн аж. Тэгээд Сент-Люси арал дээр зогсох үедээ нэг түншээс нь хэдэн чемодан аваад явахыг гуйжээ. Дотор нь “ер бусын жимс” байгаа, түүнийг зарвал асар их мөнгө олно гэж Ли хэлсэн байна. Энэ ачааг хүргэсний шанд 800 фунт стерлинг (75 мянга орчим рубль) өгөхөөр Ли амласан гэж Рожер ярьжээ. Тэгэхдээ өгөөмөр танилынхаа утасны дугаар, цахим хаяг, хэлхээ холбоотой ажилладаг фирмийнх нь нэр, ер юуг нь ч мэдэхгүй байв. Түүний ярианд итгэе гэхнээ сэжигтэй юм их байлаа. Түүгээр ч барахгүй Ли гэх хүн байдагт ч Португалын цагдаа нар эргэлзэх болов. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар нэг гэр бүлийн энэ хоёр хүн хар тамхи зөөгчийн хувьд мэргэшсэн улс байлаа. 2017 оноос тэд гурван удаа аялсан, тэдний явсан зам Европ руу орж ирдэг кокаины ихээхэн хэсгийг дамжуулдаг Өмнөд Америкийн орнуудыг дайрчээ. Тэдний албан ёсны орлого нь сарын 885 фунт ч гэлээ ийнхүү аялснаар 18 мянган фунт стерлинг (1.5 сая рубль) олдог байна. Үнэндээ ч тансаг өрөөнд байрлаж, хол замын аялал хийхэд тэдний тэтгэврийн мөнгө яахан хүрэлцэх. Тэгтэл энэ хоёр хөгшин ердөө ч жирийн тэтгэвэртэй улс бус, торны цаана ч анх удаа орж буй биш аж. 2010 онд тэднийг Норвегт 240 кг хар тамхи (каннибас)-тай явж байхад баривчилж байжээ.
Сабатиногийн хэргийг мөрдөн шалгаж дуусаагүй байна. Гэхдээ 2014 оноос хойш 15 жил шоронд хоригдох ял авахад хангалттай хулгай хийжээ. Шоронгоос суллагдахдаа бараг 100 настай байх нь.
Эхнэр, нөхөр Кларкийг есдүгээр сард шүүжээ. Нэг их явдал чирэгдэл болохгүй хийсэн хэрэг нь нотлогдож, хоёул найман жил хорих ял шийтгүүлсэн байна. Рожер Английн Ерөнхий сайдад захидал биччихээд суллагдах, ядаж гэргийнхээ хоригдож буй шоронд ялаа эдлэхийг горьдож суугаа аж.
Хемменсийг шүүх хурал зургаан өдөр үргэлжилжээ. “Гэмт хэрэгтэн хүний амь насанд халдсаныг мэдсэн, түүнийг энд тэнд нь цус байгаа нь эргэлзэх юмгүй атал, хар тамхи наймаалдгийг нь мэдсээр байж хэргийн газраас зайлахад нь тусалсан” хэмээн шүүх үзсэн гэнэ.
Бэлтгэсэн: Р.Жаргалант