“ДЦС-2” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Даваадулам, “Цагаан давс” компанийн захирал Д.Баатар нарт холбогдох хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шуурхай шалгаж, НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү эрх мэдлээ урвуулан тус компанийн агуулахад байсан, санхүүгийн бүртгэлд оруулаагүй 24.5 тн мазутыг “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатар нар 24.2 сая гаруй төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг нь хувьдаа завшсан гэх хэрэгт холбогджээ. Ингэхдээ ерөнхий нягтлан бодогч Б.Даваадуламыг оролцуулан уг хууль бус гэрээг байгуулсан хэмээн буруутгаж буй аж. Шалгалтын явцад “Цагаан давс” ХХК-ийн 2016 онд нийлүүлсэн 60 тн мазутын баримтыг 2018 оны есдүгээр сард 24.5 тн-ыг худалдан авсан мэтээр санхүү, бүртгэлийн программдаа оруулж бүртгэсэн, улмаар “ДЦС-4” ТӨХК-д худалдсан баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэж мөрдөн шалгах байгууллагынхан үзэж яллагдагчаар татаад байгаа гэнэ.
С.Бямбаахүү, Б.Даваадулам, Д.Баатар нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 23.2-1-ийн “Хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Уг нь тэдний холбогдсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт товлосон ч С.Бямбаахүүгийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан шалтгаанаар хойшлуулжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа