Америкийн баруун өмнөд нутгийн Белен гэдэг жижигхэн хотод 19 настай Тара Ли Калико гэдэг охин 1988 оны есдүгээр сарын 20-нд алга болжээ.
Тэрбээр алга болохдоо Нью-Мексико их сургуулийн II курсийн оюутан байв. Сурлага сайтай байсан бөгөөд төгсөөд сэтгэл судлаач, сэтгэцийн эмч болох зорилготой байж. Хариуцлагатай, эрч хүчтэй, спорт сонирхдог, ажлаа төлөвлөх дуртай нэгэн гэж нөхөд нь түүний талаар хэлдэг аж.
1988 оны есдүгээр сарын 20-ны тэр өглөө Тара байнга явдаг замаараа унадаг дугуйгаар явж, үдийн хэрд ирнэ гэж ээждээ хэлээд гарсан ч цаг яс баримталдаг, хэлсэндээ хүрдэг охин нь 12.05 цаг болсон ч ирээгүй тул ээж нь эрэлд гарч олж чадалгүй цагдаад хандав.
Тараг 11.45 цагийн үед гэрээсээ хоёр миль зайд байхыг хүмүүс харсан байлаа. Түүний ард 1953 оны загварын, тэвшний нь дээд талыг сольсон бүгээн өнгийн “Форд” явсан гэнэ. Тэгэхдээ охин алга болсон агшныг хэн ч хараагүй болохоор уг явдалд энэ “Форд” холбоотой, эсэх нь одоо хэр тодорхойгүй. Чихэвч хийчихээд хөгжим сонсож явсан Тара өөрт нь машин дөхөж ирэхийг сонсоогүй ч байж мэднэ. Гэрээсээ Тарагийн авч гарсан хуурцгийг маргааш нь зам дээрээс олжээ. Тарагийн өөр бас бус юм ч олдсон учраас ийм аргаар хаашаа явснаа, олзолсон хүмүүс аль чигт авч явсныг хүмүүст мэдэгдэх гэж хичээсэн байх гэж ээж нь үзэж байв.
Ийм тохиолдолд байдагчлан Тара Калико алга болсон тухай мэдээлэл олны сонорт хүрсний дараа өмнөд нутгийн янз бүрийн газарт түүнийг харсан гэх гэрч олон гарч ирсэн ч нэгээс бусад нь цагдаа нарын анхаарлыг татсангүй.
Таратай төстэй залуу охин 1989 оны зургадугаар сарын 15-нд Порт-Сент-Жо (Флорида) хотын наран шарлагын газар цагаан арьст хэдэн эрэгтэй хүнтэй байсныг хүмүүс анзаарчээ. Хөндлөнгөөс ажиглахад охин эрчүүдийн эрхшээлд орсон гэмээр байв. Яг энэ өдөр тус хотын машины зогсоолд байсан бүхээгтэй тэргэн дотор наранд шарах газар хүмүүсийн хараанд өртсөн охин, 12 орчим насны эрэгтэй хүүхэд хоёрын амыг нь боосныг хальсанд буулгасан зураг олдсон байна. Хажууд нь Тарагийн унших дуртай “Миний энхрий Одрина” гэдэг ном байж. Зургийг 1989 оны тавдугаар сараас худалдаанд гаргасан Polaroid хальсанд буулгасан байв. Зураг олдсон газар тэр өдөр цагаан өнгийн, цонхгүй “Тоёота” загварын бүхээгтэй машин зогсож байсан бөгөөд түүнийг сахалтай, дунд зэргийн насны эр жолоодож байсан аж. Энэ машиныг олж чадсангүй.
Шинжээчид зураг дээрх бүсгүйг Тара мөн ч гэнэ, биш ч гэнэ. Харин эрэгтэй хүүхэд нь 1988 оны дөрөвдүгээр сарын 21-нд Тара алга болсон газраас 75 миль зайд байх Зуни ууланд сураггүй болсон есөн настай Майкл Хенли мөн гэж эхлээд үзсэн байна. Сүүлдээ аль алиных нь насны хувьд эргэлзээ төржээ. Зураг дээрх охин яавч 15-16 наснаас хэтрэхгүй. Гэтэл Тара 20 хүрч байв. Тэгээд ч 1990 онд Хенлигийн цогцос олдсоноос эхний таамаглал ташаа болох нь илт болов.
Бидний өгүүлж буй хэрэг явдлаас хойш 20 жилийн дараа Тойргийн цагдаагийн газрын дарга Рена Ривера өөрийн таамаглалыг дэвшүүлжээ. Түүний үзэж буйгаар бол Тараг өсвөр насны хоёр банди дагаж яваад санамсаргүй дайрч амийг нь хөнөөчихөөд цогцсыг нь нуусан болж таарав. Түүгээр ч барахгүй энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийн нэрийг хэлэхэд бэлэн байгаа ч Тарагийн цогцос олдоогүй байхад ингэж задалж болохгүй гэсэн байна.
Тараг алга болсон шалтгааныг одоо хэр нь олж тогтоогоогүй. Ээж Патти Доэл нь шар махтайгаа хатсаар, охиноо амьд байгаа гэж найдсаар 2006 онд өөд болжээ. Нас барахынхаа өмнө түүний ярьснаар бол, тэр гайт өглөө охин нь гэрээсээ гарахдаа ээжийнхээ хэлснийг үл хайхран биеэ хамгаалах ямар нэг хэрэгсэл аваагүй гэнэ. Тэр жилийн хавар Тарад заналхийлсэн бичиг хэд хэдэн удаа дугуйн дээр нь наасан байснаас тийм хэрэгсэл авч явах болсон байж.
Ташрамд хэлэхэд, манай гараг дээр гурван минут тутамд нэг, жилд хоёр сая орчим хүн сураггүй болж байдаг бөгөөд үл тайлагдах нууцлаг, яаж ч тайлбарлаж үл болох Тара Каликод учирсан шиг тохиолдол багагүй хувийг эзэлдэг аж.
ЖОННИ ГОШ 1982 оны есдүгээр сарын 5-ны ням гаргийн өглөө эрт сонин тараах ажлаа хийхээр гэрээсээ гарчээ. Хүү тэгэхэд 12 настай байв. Ийм ажлыг түүний үеийн олон хүүхэд хийдэг байжээ. Жонни ихэнхдээ энэ ажлаа аавтайгаа хийдэг байсан ч, тэр өглөө ганцаараа явсан аж.
Жонни гэртээ эргэж ирсэнгүй. Эцэг, эх нь эхлээд өөрсдөө хүүгээ эрээд олчих гэж хичээж, сонин тараадаг найз нартай нь холбогдов. Жонни нэг загзгар эртэй ярилцаж байхыг хөршүүдийнх нь нэг Майк унтлагын өрөөнийхөө цонхоор харсан байв. Тэд юу ярьж байсныг сонссонгүй. Майкийн ярьснаар бол Жоннийг гэр лүүгээ явахад нэг хүн араас нь дагажээ. Жоннигийн ээж Норин Гош 2005 онд шуугиан тарьсан мэдэгдэл хийх хүртэл хугацаанд хүүг нь өөрийн дураар гэрээсээ оргосон гэж цагдаа нар үзсээр байв. Норин Гошийн ярьснаас үзвэл 1997 оны гуравдугаар сарын нэгэн шөнө 02.30 цагт хаалгыг нь хүн цохисон байна. Хаалгаа нээтэл 27 нас хүрсэн хүү Жонни Гош нь танихгүй нэг хүнтэй хамт зогсож байсан гэнэ. Ээж нь танихгүй байж мэднэ гэж болгоомжлоод хүү нь цамцаа сөхөж цээжин дээрх тод мэнгээ харуулжээ. Тэгсэн тэгээгүй эх нь хүүгээ таньсан аж. “Бид нэг цаг хагас орчим л ярилцсан, хамт яваа хүн нь хэн болохыг бүү мэд. Жонни маань ярихдаа тэр хүн рүү байн байн харж, зөвшөөрөл аваад байсан. Хүү минь хаана байгаа, одоо хаашаа явж байгаагаа хэлээгүй”.
Хүү нь хүүхдийн биеийг үнэлүүлэх “ажил” эрхэлдэг байгууллагын хүмүүсийн гарт орж, насанд хүрсэн хойноо тэндээс суллагдсан. Цаашдаа амь насаа алдахаас эмээн гэр лүүгээ буцах тухай бодохоо байж өөр хүний нэрээр аж төрж байгаа гэж ярьсан байна.
МОРЕ МЮРРЕЙ гэдэг бүсгүй 2004 оны хоёрдугаар сард 21 настай болж, төрсөн өдрөө тэмдэглэчихээд Массачусетс-Амхерст их сургуулиасаа гэр лүүгээ явжээ. Ингэхдээ төрөл садангийнхнаас нь нэг хүн нас барсан гэж багш нартаа хэлсэн байна. Замдаа машин нь цасанд
Тара Калико алга болох үедээ ийм байвсууж, араас нь ирсэн хүн туслах гэхэд эвтэйхэн татгалзсан аж. Үүнээс хойш түүнийг хэн ч харсангүй. Сүүлд цагдаа нар машиныг нь олоход дотор нь архи, дарс их байсан гэнэ. Түүнээс гадна төрөл садангийнх нь хэн нэгэн нас бараагүй, гэр рүүгээ явахдаа банкан дахь мөнгөө бүгдийг авсан байв.
ЗЕБ КУИНН найз РОБЕРТ ОУЭНСТЭЙГЭЭ худалдаж авах машин үзэхээр 2000 оны нэгдүгээр сард явж байснаа яаралтай буцах хэрэг гарлаа гээд давхижээ. 18 настай энэ залууг үүнээс хойш хэн ч харсангүй. Хоёр хоногийн дараа Куинн ажил руугаа утасдаж, бие муу байна гэсэн аж. Хоёр долоо хоногийн дараа Куиннийн машиныг олов. Оуэнс нь 15 жилийн дараа нэг гэр бүлийн хоёр хүний амь хөнөөсний улмаас Куиннийг ч тэр алсан гэж сэрдэгдсэн ч ямар нэг баримт, ул мөр олсонгүй.
17 настай РЕЙЧЕЛ ТРЛИЦА охин 1974 оны арванхоёрдугаар сарын 23-нд найзтайгаа худалдааны төв рүү яваад эргэж ирээгүй аж. Маргааш нь Рейчелийн найз Томмид захидал иржээ. Түүнд “Бид ажил гараад Хьюстон руу явлаа. Долоо хоног орчим болоод ирнэ. Машин маань тэнд (үлдээсэн газрын нэрийг хэлсэн байна) байгаа” гэсэн байв. Гэхдээ бичгийн хэлбэр нь Рейчелийнх биш байжээ.
16 настай ЛОРИЯ, ЭШЛИ хоёр 1999 онд төрсөн өдрөө тэмдэглээд Лория нь явалгүй Эшлигийнд хонохоор үлдэв. Гэтэл өглөө үүрээр тэднийд түймэр гарав гэнэ. Байшин юу ч үлдэлгүй шатаж, Эшлигийн аав, ээжийн цогцос олдсон ч хоёр охиных олдоогүй аж. Эшлигийн гэр бүлийнхэн хууль бус юм нэлээд хийдэг, эцэг нь мансууруулах бодис наймаалдаг, ах нь хагас жилийн өмнө цагдаа нараас зугтаж яваад буудуулж амиа алдсан байв.
АМЕЛИЯ ЭРХАРТ ганцаараа Атлантын далай дээгүүр ниссэн анхны эмэгтэй нисгэгч байжээ. Тэрбээр 1937 онд дэлхий тойрон нисэх оролдлого хийж явах үедээ Номхон далайн төв хэсэгт Хоуленд арлын орчимд радарын дэлгэцэнд харагдахаа больсон байна. Түүнийг далайд унасан гэж олонх нь үздэг бол Эрхарт нислэгийн үедээ бусад улсыг тагнах ажиллагаа хийсэн, магадгүй япончууд олзолж авсан байж болзошгүй гэж үзэх нь ч бий.
MARY CELESTE гэдэг хөлөг онгоцыг 1872 онд Атлантын далайн Азорын арлуудын ойролцоогоос олоход хүнгүй хоосон байсан гэдэг. Онгоцны ахмад сүүлчийн тэмдэглэлээ арван өдрийн өмнө хийсэн байв. Баримтаас үзвэл хөлөг Нью-Йоркоос Генуя руу явж байж.
Хөлгийн ахмад, гэргий, хоёр настай хүү нь, багийн долоон гишүүн ор сураггүй болж, тэд өөрсдийн хувийн эд зүйлийг бүгдийг онгоцондоо орхисон байв.
Бэлтгэсэн: Р.Жаргалант