Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын гурван офицерт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял шийтгэлээ. Тус газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, хошууч Г.Энхтулга, мөрдөгч, хошууч Д.Бүрэнбаатар, ахмад Б.Батбаяр нар бусдад эрүү шүүлт тулган эрүүл мэндийг нь хохироосон хэрэгт холбогдсон байна. Баянгол дүүргийн Прокурорын газраас ахмад Б.Батбаярт Эрүүгийн хуулийн 21.12-1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл ногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон”, 11.1-1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, харин нөгөө хоёрт нь эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Тэднийг хэрэгт шалгуулж байсан иргэн О-ыг зодож, хөлийг нь хугалсан гэх үйлдэлд буруутгасан аж. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалан уг хэргийг энэ сарын 19-нд хянан хэлэлцээд Б.Батбаяр, Г.Энхтулга, Д.Бүрэнбаатар нарыг бусдад эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцсон байна. Улмаар Г.Энхтулга, Д.Бүрэнбаатар нарт нэг жил зургаан сар хорих ял шийтгэжээ. Харин Б.Батбаярт эрүү шүүлт тулгаснаас гадна хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай нь хангалттай нотлогдсон гэж дүгнэн нийт дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон байна.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид бусдад эрүү шүүлт тулгасан хэргээр ял шийтгүүлсэн тохиолдол ганц энэ биш. Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Чинзориг хэргийн холбогдогчийг зодож, эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох ял шийтгэсэн бол Давж заалдах шатны шүүх нь уг ялыг хэвээр үлдээсэн аж.
Ийнхүү дөрвөн ч алба хаагч нь бусдын эрүүл мэндийг хохироож, эрүү шүүлт тулгасан хэрэгт холбогдон ял шийтгүүлээд байтал Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам сахиулах хэсгийн дарга, хошууч Р.Мөнх-Эрдэнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мөнгө авсан гэм буруутайд тооцов. Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 19-нд Р.Мөнх-Эрдэнэ болон Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт холбогдох авлигын болон мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгсөн үйлдэлд гэм буруутай, эсэхийг хэлэлцээд шүүгдэгч нарт торгох ял оноосноос гадна цагдаагийн алба хаагчийн нийтийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын таван алба хаагч ийнхүү ял шийтгүүлчихээд байхад тус газрын удирдлагад ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна.
Уг нь өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржавын тушаалаар Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл аймгийн болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга нарт сахилгын арга хэмжээ авсан байсан. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нь авлигын хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан тус газрын дарга, дэд хурандаа Д.Болдсайханы цолыг нэг шат буулгаж хошууч, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатарын цолыг мөн нэг шат бууруулан дэд хурандаа болгосон байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах, Хөх хотын ерөнхий консул Ж.Баатарчулуун тус аймгийн нутагт осолд орох үед орон нутагтаа байгаагүй шалтгаанаар ийн цолыг нь бууруулсан байна. Мөн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ц.Адъяацэрэнг ажлаас нь чөлөөлсөн гэнэ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн дүү түүнийг ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар хэлэх хүн гарсангүй. Харин Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийнямд цалин бууруулах арга хэмжээ авсан байна. Удирдлагад нь ажиллаж буй алба хаагч нар иргэн Ц.Пүрэвдоржид үндэслэлгүй хэрэг нээж, албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдсон учраас ийнхүү хариуцлага тооцжээ. Тэгвэл таван алба хаагч нь ял шийтгүүлээд байгаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргад ЦЕГ-ын удирдлага ямар хариуцлага тооцох бол.
Бэлтгэсэн: Б.Чинбаатар