Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн нарийвчлан хянаж шалгадаг. Тэд энэ онд 305 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгажээ.
Үүний 20 гаруй хувийг нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр, үлдсэнийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан нягталсан аж. Шалгалтаар зөрчил гаргасан, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нь илэрсэн 37 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн бөгөөд түүнийх нь дагуу найман албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлсөн байна.
Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлснээс ТӨХК-ийн удирдах албан тушаалтан хоёр, яамны газар, хэлтсийн дарга мөн тооны хүн болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч 17 хүн буй гэнэ.