Фэйсбүүкт сүүлийн үед олны танил хүмүүс, хамтлаг, дуучдын пэйж хуудас ажиллуулж байр, машин, гар утас өгөхөөр амлалаа гэсэн утгатай пост оруулж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн хүмүүсийн шуналыг хөдөлгөн залилдаг гурван залууг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна. Сэлэнгэ аймгийн харьяат М.Б, Улаанбаатар хотын иргэн О.Э, Г.Н нар 2000-2001 онд төрсөн, 18- 19 настай гурван залууг цахим орчныг дээрх байдлаар ашиглан 150 гаруй удаагийн үйлдлээр иргэдийг хохироосон хэрэгт буруутгаад буй аж.
Хэрэгт холбогдогчид энэ оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарын 6-ны хооронд “Жүжигчин З...” гэх пэйж хуудас үүсгэн “Самсунг 10”, “iPhone X” гар утасны азтан тодруулахаар боллоо” хэмээн мэдээлэл тавьж, сонирхсон иргэдтэй чаат бичдэг гэнэ. Улмаар “Гар утасны үнийн дүнгийн тодорхой хувийг энэ данс руу шилжүүл. Урьдчилж шилжүүлсний дараа утсыг чинь үнэгүй хүргэж өгнө” хэмээн ХААН банкны данс өгч иргэдийн мөнгийг аваад хаягийг нь устгадаг байжээ. Иргэд үүнийх нь дагуу хамгийн багадаа 50 000, их нь 90 000 төгрөг шилжүүлсэн байх юм. ХААН банкны уг данс нь хэргийн холбогдогч М.Б-ынх бөгөөд уг данс руу орж ирсэн мөнгийг Г.Н нь бэлнээр авдаг аж. Дээрх гурван залуугийн нэг нь БНХАУ-д сурч байгаад ирсэн бол нөгөө нь МУИС-ийн оюутан юм.