“Өнөөдөр” сонин өнгөрсөн зургадугаар сарын 12-ны дугаартаа “Б.Өнөрбат: Би хүссэнээрээ л амьдардаг” гарчигтай ярилцлага нийтэлж, цахим хуудсандаа байршуулсан юм. Багадаа зам тээврийн ослын улмаас нэг хөлөө алдаж, насаараа тэргэцэртэй амьдрах болсон түүнд туслах үүднээс С.Нямсүрэн хэмээх бүсгүй Америкт амьдарч, ажилладаг найзынхаа хамт мөнгөн хандив цуглуулснаа Б.Өнөрбатад өчигдөр өглөө. Ингэхдээ зүгээр л “Буян болж байна” гэсэн сэтгэлээр хандаагүй юм. Манай нийтлэлийн гол баатар залуу иргэний үнэмлэхгүй байжээ. Монгол Улсын иргэн болохыг нь гэрчлэх баримт бичиггүй байх нь аливаа тусламж, үйлчилгээ хүртэхээс эхлээд олон зүйлд тээгтэй. Тиймээс С.Нямсүрэн болон “Өнөөдөр” сониныхон энэ талаар түүнд ухуулснаар иргэний үнэмлэхтэй болсон юм. Үүний тулд цугласан хандиваасаа эхний ээлжид тодорхой хувийг нь залууд өгч, иргэний үнэмлэхээ авсных нь дараа үлдсэнийг нь шилжүүлжээ. С.Нямсүрэн энэ мэтээр буяны үйлсэд байнга оролцдог аж.
Үүнээс гадна манай нийтлэлийг уншсан нэг иргэн Б.Өнөрбатыг барилга угсралт, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Б.Ганхуяг захиралтай НБИК компанид долоо хоногийн хоёр өдөр ажиллуулах хуваарьтайгаар ажилд авсан байна.
Мөн Дарханы хотын уугуул Базарсадын Мөнхсүх Б.Өнөрбатад зориулалтын тэргэнцэр, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөвчтэй сандал зэргийг бэлэглэлээ. Буянтай үйлс хийж буй нэр бүхий иргэд, байгууллагад талархсанаа илэрхийлье.
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ