Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрч, аюулын харанга дэлдэж буй. Судлаачдын хэлж байгаагаар нийслэл дэх агаарын бахирдлын 10 хувийг автомашины хорт утаа эзэлдэг. Тиймээс утаа бууруулах ажлын хүрээнд цахилгаан хөдөлгүүрт автомашиныг татваргүй болгох саналыг хоёр жилийн өмнө Засгийн газрын гишүүд дуу нэгтэй дэмжсэн. 2017 оны есдүгээр сарын 1-нээс цахилгаан хөдөлгүүрт автомашиныг татвараас чөлөөлсөн билээ. Түүнчлэн энэ оны долдугаар сараас цахилгаан хөдөлгүүрт автомашинд ногоон дэвсгэртэй дугаар олгож эхэлснээр байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүд хязгаарлалтад орохгүй зорчих боломж бүрдсэн юм. Ингээд манай улсад цөөхөн байгаа цахилгаан хөдөлгүүрт автомашины нэг болох “Tesla model X” загварыг онцлон хүргэе.
“Tesla motors” компани “Model X” загвараа 2015 онд танилцуулжээ. Тухайн үед АНУ-ын Үндэсний зам, тээврийн аюулгүй байдлын удирдлагын газраас таван од үнэлгээ авч, хамгийн аюулгүй, хурдан, “ухаалаг” машинаар тодорсон. Манай улсад тус компанийн албан ёсны худалдааны төв байхгүй ч машин сонирхогчдын нүдийг булаасан ганц “Tesla model X” явж байхтай таарав. Тэр бол “Tesla model X 75D” загвар юм.
ӨНГӨРСӨН НЭГДҮГЭЭР САРД МАНАЙ УЛСАД ОРУУЛЖ ИРЖЭЭ
Манай улсад одоогоор ганцхан байгаа “Tes¬la model X”-ийг эзэмшигч нь АНУ-д амьдарч байхдаа тус хөлгөө худалдан авсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард Монголд оруулж иржээ.
Авчирсан даруйдаа машинаа цэнэглэж чадахгүй хоёр сар болсон тухайгаа тэрбээр хэлсэн. Учир нь АНУ-д цахилгаан автомашин цэнэглэх цэг олон. Харин манай улсад цахилгаан автомашины тоо цөөн, цэнэглэх цэг ч нүдний гэм. Тиймээс хувийн гараашдаа цэнэглэх шаардлага тулгарчээ. Асуудал үүгээр дууссангүй. Уг машиныг өндөр хүчдэлийн цахилгаанаар цэнэглэдэг тул байшингийнхаа доогуур газардуулга хийх шаардлага тулгарсан гэнэ. Газардуулга суурилуулсны дараа автомашинаа цэнэглэж, Улаанбаатарт унаж эхэлжээ.
Урьд нь хоёр цаг залгахад л бүрэн цэнэг авдаг байсан бол Улаанбаатарын цахилгааны хэлбэлзэл, хүчин чадлаас шалтгаалан өдгөө 10 гаруй цаг цэнэглэж байж дүүрч буй аж. Гэхдээ уг хэрэглэгч нь нийслэлд суурилуулсан, цахилгаан машин цэнэглэх дөрвөн цэгээр үйлчлүүлж амжаагүй байгааг сануулах нь зүйтэй болов уу.
“TESLA” ГАР УТАС Л ГЭСЭН ҮГ”
Тэрбээр автомашинаа гар утастай зүйрлэв. Учир нь гар утсандаа “Tesla motors” компанийн аппликэйшнийг суулгаснаар зайнаас унтраахаас гадна машиныхаа бүх төрлийн мэдээллийг харж, халаах, хөргөх, явуулах зэрэг үйлдэл хийх боломжтой гэнэ. Мөн түлхүүргүй байсан ч гар утсаараа асааж болно. Түүнчлэн 17 инчийн дэлгэц бүхий хянах самбартай бөгөөд интернэтэд холбогдож, бүх төрлийн мэдээлэл авахын зэрэгцээ, машины төхөөрөмжүүдээ шинэчилж (update) болно. Ганц сул тал нь хүйтэнд цэнэгээ хурдан алддаг гэж “Tesla model X”-ийн эзэмшигч хэлсэн юм. Энэ ч гар утсыг (iPhone) санагдуулав.
ГАДААД ТОНОГЛОЛ
Таван хаалгатай. Хойд талын хоёр хаалга нь дээшээ сөхөгддөгөөрөө хүмүүсийн сонирхлыг татдаг. “Шонхрын далавч” хэмээн нэрлэгддэг тус хаалгыг хянах дэлгэц ашиглан автоматаар хаах боломжтой.
Дунджаар 140 мянган ам.долларын үнэтэй энэхүү машиныг танилцуулснаас хойш энэ оны зургадугаар сар хүртэл АНУ-д 9000 ширхгийг борлуулсан байна.
ДОТООД ТОНОГЛОЛ
Долоон суудалтай. Арын суудалд зорчигчдод зориулж зөөврийн төхөөрөмж цэнэглэгч суурилуулсан байна.
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨЖ, БУУРАХАД БУХИМДАЖ, БАЯРЛАХ ШААРДЛАГАГҮЙ
“Tesla model X”цахилгаан хөдөлгүүртэй учир шатахууны үнэд санаа зовохгүй байх нь мэдээж. Харин хэчнээн төгрөгийн цахилгаан зарцуулж буйг сонирхох хүн олон байх.
“Tesla model X”-ийг эзэмшигч өнгөрсөн гуравдугаар сараас уг машинаа зөвхөн нийслэлд унажээ. Тодруулбал, ажил, гэрийн хооронд. Түүний ажил, гэр нь 3-4 км зайтай бөгөөд хааяа хүүхдүүдээ хүргэж өгөх зорилгоор төдий хэмжээний зайг туулдаг гэнэ. Ийм тохиолдолд 14 хоногт нэг удаа дүүртэл цэнэглэдэг. Гэхдээ автомашиндаа хэчнээн төгрөгийн цахилгаан зарцуулж буйг тооцоолж үзээгүй юм байна. Дүүртэл гэдэг нь 80 хувь хүртэл цэнэглэхийг хэлж байгаа хэрэг. Худалдан авахад үйлдвэрлэгч компаниас ийм заавар өгсөн бөгөөд зай хураагуурын насыг богиносгохгүй байх давуу талтай аж. Харин хол зам туулах бол 100 хувь цэнэглэхэд буруудах зүйлгүй. Тэрбээр 80 хувь хүртэл цэнэглэсэн автомашинаараа 330 км зам туулжээ.