Баруун гар талаас: хоёр дахь эгнээний эхэнд зогсож буй нь В.К.Радченко. НАХЯ-ны удирдах бүрэлдэхүүний хамт. 1984 он
“Миний хамгийн их харамсдаг зүйл бол намайг НАХЯ-ны сайд байх үед Ю.Цэдэнбал дарга ажлаасаа чөлөөлөгдсөн явдал” гэж хурандаа генерал С.Лувсангомбо харуусан өгүүлсэн.
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн уран бүтээлчид энэ удаа ХХ зуунд учир битүүлэг өрнөсөн нэгэн үйл явдлыг хөндөхөөр зоригложээ. Тэд зочноо сонгохдоо онцгой мэдрэмжтэй ханддаг агаад ерөөсөө нэвтрүүлэг болбоос мэдрэмжийн урлаг гэдгийг ахин дахин нотлох ажгуу. Энэ удаагийн дугаартаа олон нийтэд төдийлөн танил бус гурван эрхмээс анх удаа дэлгэрэнгүй ярилцлага авчээ. Гол зочин нь хурандаа генерал С.Лувсангомбо гуай. Тэрбээр ХХ зууны Монголын бодит гэрч.
Өнгөрсөн зууны эхэн үеийн говийн эгэл амьдрал дунд өсөн торниж, хоёр дайны үед офицер болж, 1950-1960-аад оны бүтээн байгуулалтын жилүүдэд барилгын салбарыг толгойлж, 1970-1980-аад онд БНХАУ Вьетнамд довтолж, хүйтэн дайн Азид эрчимжихэд Батлан хамгаалах салбарыг удирдаж, 1980-аад онд тусгай албадыг тэргүүлж, эдүгээ 100 нас шүргэж яваа эрхэм.
Нэвтрүүлэг С.Лувсангомбо гэдэг хувь хүний үзэж туулсан нэгэн зууны үйл явдлыг хүүрнэх агаад хамгийн гол цэг нь 1984 онд Ю.Цэдэнбалыг тэтгэвэрт гаргасан үйл явдлын тухай байлаа. Улс даяар дуулиан тарьсан хэдий ч учир шалтгаан нь оньсого хэвээр хоцорсон энэ хэрэг явдал яагаад үүсэж, хэрхэн хэрэгжив, чухам юу болсон юм бэ. Энэ асуултад үнэн зөв хариулт олж чадвал зөвхөн хувь хүмүүсийн замнал төдий биш, харин 1980-аад оны улс төрийн нөхцөл байдал, улмаар үр дагавар нь өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа эгзэгтэй түүхэн сонголтуудыг хийхэд хүргэсэн уг сурвалж хийгээд хөрс суурийг тодруулах учиртай билээ. “Херо энтертаймент”-ын уран бүтээлчид 1984 оны үйл явдлын хамгийн гол гэрчүүдийг олж, тэдний үгийг үлдээж чадсан болохоор, ард түмэнд хүргэж чадсан учраас “100 эрхэм” нэвтрүүлэг үнэ цэнтэй байгаа юм. Түүх нууцлагддаг, гэхдээ цаг нь ирэхээр үнэн тодордог.
1984 онд БНМАУ-ын НАХЯ-ны сайд, өөрөөр хэлбэл, хүчний бүх байгууллагыг нэгтгэн удирдаж байсан С.Лувсангомбо генерал түүхэн гэрчийн хувьд мэдэх бүхнээ ярьж, яг тэр үед НАХЯ-ны дэргэдэх КГБ-гийн төлөөлөгчийн газрын тэргүүн байсан, Европт алдаршсан чадварлаг тагнуулчдын нэг, хошууч генерал, 93 настай В.К.Радченко, МАХН-ын Төв хорооны хэлтсийн эрхлэгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 96 нас хүрч яваа Ц.Дагвасүрэн нар үйл явдлаараа холбогдон, ярилцлага өгчээ.
...Ю.Цэдэнбалыг огцруулах төлөвлөгөөг баталсан Кремлийн шийдвэр гарч, онц нууцын зэрэглэлд оруулсан уг ажилд тэрбээр голлон оролцсон юм байна. Уг ажиллагааг гүйцэтгэх ерөнхий тоймыг гаргахдаа, Ю.Цэдэнбал огцрох хүсэлтээ өөрөө, сайн дураараа өгөх ёстой бөгөөд ноцтой дордсон эрүүл мэнд нь түүнийг ийм хүсэлт гаргах шалтаг болно. Тэрбээр зөвхөн Москвад эмнэлэгт хэвтэж, шинжилгээ хийлгэдэг учир эмч нарт түүнийг ажил эрхлэх чадваргүй болсныг батлах эмнэлгийн баримт хангалттай бий...
В.К.Радченкогийн ярьснаар, бүх юм ингэж эхэлжээ. Тэрбээр ЮНЕСКО-д ажиллаж байхдаа “онцгой” даалгавар гүйцэтгэхээр Монголд томилогдсон байна. Түүний цүнхэнд “Цэдэнбалыг халах зохист хувилбарыг судалж илтгэх” албан тоот байв. Энэ үүргийг түүнд ЗСБНХУ-ын Гадаад явдлын яамны сайд А.А.Громыко, Батлан хамгаалах яамны сайд Д.Ф.Устинов, ЗХУКН-ын Төв хороонд олон улсын асуудал эрхэлдэг К.Русаков, КГБ-гийн дарга В.М.Чебриков (дээд удирдлага дахь хамгийн эрх дархтай дөрвөн хүн) өгчээ.
Нэвтрүүлэгт оролцогч В.К.Радченкогийн өгүүлснээр, А.А.Громыко удирдаж, КГБ-гийн дарга болон дээд зиндааны цөөн дипломатч оролцсон хаалттай хурлын үеэр тэрбээр Монголд очиж, байдлыг судалсан талаараа “Цэдэнбалыг солих асуудлыг бүр энэ онд авч үзэж болох юм” гэж итгэлтэй хэлсэн юм байна. Хуралд оролцогчид Ю.Цэдэнбал огцрох ёстой гэж санал нэгдэв.
Түүний дурссанаар, 68 настай Ю.Цэдэнбалын ой санамж доройтож, төрийн хэргээс хөндийрөх тусам зоргоороо авирладаг гэргий А.Филатова нь энэ хоосорсон орон зайг нөхөж, засаг, төрийн хэрэгт хутгалдах болов. Халаа сэлгээ гаарч, хэт дэврэхэд А.Филатова гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй уг зохисгүй явдлыг Зөвлөлтийн заавраар хийж буй мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээж буй нь Монгол дахь ЗХУ-ын эрх ашигт огт нийцэхгүй. Монголын удирдагчдын зөрчил хурцдаж, хойшид хэрхэх нь ойлгомжгүй, түгшүүрт уур амьсгал бүрэлдэн тогтсон энэ төвөгтэй байдлаас гарах цорын ганц арга бол “Ю.Цэдэнбал огцрох” гэж нотолжээ.
Гэхдээ сайтар тунгааж үзвэл, Монголын дотоод улс төрийг “засах” зорилтын цаана Кремлийн ямар далд зорилго халхлагдсаныг В.К.Радченко “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхэнд ярихаас татгалзсанд гайхах зүйлгүй.
Ю.Цэдэнбал С.Лувсангомбод шагнал гардруулж буй нь. 1983 он
Ю.Цэдэнбалыг огцруулах төлөвлөгөөг баталсан Кремлийн шийдвэр гарч, онц нууцын зэрэглэлд оруулсан уг ажилд тэрбээр голлон оролцсон юм байна. Уг ажиллагааг гүйцэтгэх ерөнхий тоймыг гаргахдаа, Ю.Цэдэнбал огцрох хүсэлтээ өөрөө, сайн дураараа өгөх ёстой бөгөөд ноцтой дордсон эрүүл мэнд нь түүнийг ийм хүсэлт гаргах шалтаг болно. Тэрбээр зөвхөн Москвад эмнэлэгт хэвтэж, шинжилгээ хийлгэдэг учир эмч нарт түүнийг ажил эрхлэх чадваргүй болсныг батлах эмнэлгийн баримт хангалттай бий. Энэ нотолгоонд үндэслэн огцруулах үйл явцыг монголчуудаар гүйцэтгүүлэх боловч өөрсдөө биечлэн залж, зааварлах ёстой. Тэгээд ажиллагааг “манай оролцоотой, гэвч тэр нь үл анзаарагдах” хэмээн томьёолжээ.
Монголд удирдагч гэнэт солигдож, түүнийг сэдсэн Кремль “ажиллагаа”-г хурдан төгсгөхийг шавдуулж, харин Улаанбаатарт Саарал ордны албан тасалгаанд чухам тэр хүний ивээлд багтан өндөрлөгт дэвшсэн С.Лувсангомбо удирдагчаа аварч чадахгүйдээ сэтгэл зовон шаналж суусан түгшүүрт өдөр, хоногууд түүний амьдралын хамгийн хэцүү үе байсныг өвгөн генерал ярьж байна.
Тэгэхэд эмнэлэгт хэвтэж байсан Ю.Цэдэнбал болон гэр бүл нь горьдлого нэгэнт тасраад өөрсдийнх нь хувьд цоо шинэ эгэл амьдралд дасаж ядан эвлэрч байсан билээ. Ю.Цэдэнбалын хамтран зүтгэгч, 1970-аад онд МАХН-ын гадаад харилцааг удирдаж байсан Ц.Дагвасүрэн гуай Ю.Цэдэнбалын өвчний дүгнэлтийг Монголын удирдлагад танилцуулсан академич Е.И.Чазовын тухай “Тэр бол эмч биш, улстөрч байсан” гэж маш товч дүгнэн хэлжээ. Увс аймгийн уугуул тэрбээр 1984 оноос хойш Москвад амьдарч буй бөгөөд өнгөрсөн 45 жилийн хугацаанд эх орондоо эргэн ирээгүй “мартагдсан” нэгэн.
Нэвтрүүлгийн төгсгөлд С.Лувсангомбо генерал Ю.Цэдэнбал даргынхаа хөшөөнд ёслож буй хэсэг тэр хоёр хүний дотоод сэтгэлийн уулзалт мэт санагдсан. Агуу хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын зохиосон Чилүгэний аязаар хөглөгдсөн шторк түүний сэтгэлийн үнэн өчлийг үнэхээр илэрхийлэх ажээ.
Хүн бол цаг үеийнхээ бүтээл, бас золиос нь. Ю.Цэдэнбалын байрны гадаах шторкны дүрс ба өгүүлэмж нь энэ нэвтрүүлгийн баатруудын хувь заяаг бүхэлд нь илэрхийлэх аж.
-Будант Москвад цас бударч байна. Урьдны хүчирхэг үе улирах цагийн эргүүлэгт будрах цас мэт хоромхон зуурт замхрах юм. Сэлүүн тал, сэвшээ салхи минь санагдаад, санчиг нь бууралтсан ижий минь, сааль ханхалсан гэр минь зүүдлэгдэхэд ханхай байшин давчдаад Их Мандлын сүмийн цэцэрлэгт салхилж суулаа. Өндөр байшин, өргөн хашаагаар хүрээлэгдсэн энэ бүүдгэр хотод эх байгалийг санагдуулах юм энэ модноос өөр даанч байсангүй...
Бэлтгэсэн: А.Амар