ОХУ-ын Владивосток хотод олон улсын Дорнын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалт тус улсын Алс Дорнодын бүс нутгийн хөгжилд Азийн орнуудаас хөрөнгө оруулалт татах, Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Энэ удаагийн уулзалтад 65 орны 8000 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байгаа аж. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо энэхүү чуулга уулзалтад дөрөв дахь жилдээ оролцож байгаа бол БНХАУ болон БНАСАУ-ын Шадар сайд нар мөн чуулганд оролцож, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ОХУ-тай хэлэлцэх ажээ. Үүний зэрэгцээ энэхүү чуулга уулзалтад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди анх удаа оролцох аж. Тэрбээр энэ тухайгаа өөрийн Твиттер хуудсандаа орос хэлээр бичиж нийтэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүн нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөжээ.Чуулга уулзалт гурван өдөр үргэлжилнэ.