Өчигдөр /2019.08.28/ Их Британийн хатан хаан II Элизабет Ерөнхий сайд Борис Жонсоны тус улсын парламентын үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг дэмжжээ. Тэр өдөртөө Ерөнхий сайд парламентын үйл ажиллагааг аравдугаар сарын 14 хүртэл зогсоож байгаагаа мэдэгдсэн аж. Ингэхдээ тэрбээр өөрийг нь эл шийдвэрээр Их Британи улсыг Европын холбооноос ямар нэгэн хэлцэлгүй гарахад хориг тавих депутатуудад саад болох гэж байна гэсэн мэдээллийг няцаажээ. Сөрөг хүчний Хөдөлмөрийн намын парламентын гишүүд болон бусад нам, тэр дундаа Консерватив фракцийнхан Ерөнхий сайдын энэ алхмыг хурцаар шүүмжилсэн байна. Ирэх сарын 3-нд ажилдаа орох парламент Жонсоны уг шийдвэрт ямар нэгэн хариу үйлдэл хийхэд хэдхэн хоног л үлджээ. Өмнө нь Лейборист намын тэргүүн Жереми Корбин тус намынхан Ерөнхий сайдын дээрх төлөвлөгөөг болиулах хуулийг санаачлан парламентат өргөн барьж, дараа нь “тодорхой үед” засгийн газарт үл итгэх асуудлыг дэвшүүлнэ гэж ам гарсан аж. Үүний зэрэгцээ Лхагва гарагт Их Британийн парламентын вэб сайтад нийтлэгдсэн тус байгууллагын ажлыг түдгэлзүүлэх шийдвэрийг зогсоохыг шаардсан өргөн барих бичиг өнөөдрийн байдлаар нэг сая гаруй хүний гарын үсгийг цуглуулаад байна. Тиймээс Их Британийн Засгийн газар эл хамтын өргөн барих бичигт хариу өгөх үүрэгтэй (өргөн барих бичиг 10 мянган санал авсны дараа) болж байна. Дараа нь парламент ч мөн ялгаагүй (100 мянган санал)уг асуудлыг авч хэлэлцэх ёстой аж. Их Британи ЕХ-оос энэ оны гуравдугаар сарын 29-нд гарах ёстой байсан авч тус улсын парламент Тереза Мэйн засгийн газрын Брюссельтэй хийсэн "Brexit"-ын гэрээг гурван удаа буцаасан билээ. Эцэст нь ЕХ “Brexi”-ийг эхлээд дөрөвдүгээр эсвэл тавдуугар сар хүртэл, дараа аравдугаар сарын 31 болгож хойшлуулсан юм.