ГХЯ-ны Консулын газар, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны яриа хэлэлцээрийн үр дүнд БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орж байгаа юм байна. Энэ талаар БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийж байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийсэн. Уг айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсч буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан бөгөөд уулзалтаар хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх чиглэлээр, ялангуяа визний шаардлагыг хөнгөвчлөх, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Үүнд:
- Санхүүгийн бодит чадавхыг тодорхойлох системийг нэвтрүүлнэ.
- БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий 2 консул ажиллаж байгаа бол энэ сарын сүүлээр орон тоог нэгээр нэмж, ирэх сарын эхээр дахин нэгээр нэмж, нийт 4 ажилтантай болгоно.
- 2012 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг хүчингүй болгоно. Оронд нь сүүлийн зургаан сарын санхүүгийн хуулгаар санхүүгийн чадавхыг нотолно.
- БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гэрээт ажилчдын эр бүл /эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхэд/ 5 сая төгрөгийн барьцаа байршуулахгүй, сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд виз олгоно.
- Солонгос улсад хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэдийн визний хариуг шуурхай шалгах тогтолцоог нэвтрүүлнэ.
- ХУР системийг хамтран хэрэгжүүлнэ. Хэрэв амжилттай болвол виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж хоёр долоо хоногийн дотор шийдвэрлэж, визний хариуг 14 хоногийн дотор өгнө.
Эдгээр журам 2019 оны есдүгээр сарын 16-наас шууд хэрэгжиж эхэлнэ.