Шошны төрлийн шар буурцаг нь нэг наст ургамлын үр бөгөөд хүн төрөлхтөн МЭӨ үеэс өргөн хэрэглэж иржээ. Өдгөө бие даасан хоолны соёл болтлоо өргөжсөн байна. 100 грамм шар буурцгийн илчлэг 147 кКал бөгөөд уураг 13, тос 6.8, нүүрсус 11 гр агуулагдахаас гадна А, В1, В2, В5, В6, В9, С, РР аминдэмээр баялаг. Мөн кали, кальци, магни, натри, фосфор, төмөр, цинк, зэс, марганец өндөр тунгаар агуулагддаг байна. Тиймээс зүрх, судасны үйл ажиллагааг дэмжихээс гадна эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэргийг шар буурцагтай хоол, хүнсээр засах боломжтой гэж Азийн олон орныхон үздэг гэсэн. Мөн цэвэршилтийн үед тогтмол хэрэглэснээр зохицуулах үүрэгтэй элдэв эм, бэлдмэл хэрэггүй аж. Өөрөөр хэлбэл, дааврын өөрчлөлтийн үед ашиг тустай гэсэн үг. Цусан дахь чихэр, өөх тосны тэнцвэрийг зохицуулах “чадал” ч шар буурцагт бий. Гэхдээ олон улсын зарим судлаач шар буурцгийг байнга хэрэглэх нь хөгшрөлтийн явцыг хурдасгадаг гэж үздэг юм байна. Мөн жирэмсэн эхчүүд тогтмол хэрэглэхийг хориглодог. Учир нь зулбах аюултай гэнэ. Эл ургамлын тосыг өсвөр насныханд их хэмжээгээр тогтмол хэрэглүүлэх нь бэлгийн бойжилтыг хурдасгаж, наснаасаа эрт хүүхэн, хархүү шиг харагдахад хүргэхээс гадна бамбай булчирхайд нь өөрчлөлт оруулах нигууртай.
Дүпү буюу шар буурцгийн бяслаг уургаар баялаг учраас махнаас дутахгүй шимтэй болохыг олон улсын судлаач нар хэдийн тогтоосон. Махны үнэ “тэнгэрээс буугаагүй” байгаа энэ өдрүүдэд дүпүгээр төрөл бүрийн хоол хийх нь таны эдийн засагт хэрэгтэй. Нөгөөтэйгүүр халууны улиралд бие махбодоо “илжрүүлэхгүй” буюу эрүүл мэндэд тустай. Эл хоолыг хийхэд цаг бага зарцуулахын зэрэгцээ элдэв төрлийн бүтээгдэхүүн шаардахгүй. Энэ бүхнээс үзэхэд аль ч талаараа тун ашигтай хоол.
ОРЦ:
- Дүпү-1 уут
- Ногоон сонгино-10 гр
- Шар буурцгийн цуу-хоолны халбагаар 2
- Төмсний гурил-хоолны халбагаар 1
- Гүнждийн тос-цайны халбагаар 2
- Алимны цуу- цайны халбагаар 1
ХИЙХ АРГА:
Шар буурцгийн болон алимны цуу, гүнждийн тосыг нэг саванд хийж хутгаад, хэрчсэн дүпүг нэмээд зөөлөн хутгаарай. Эс бөгөөс шар буурцгийн бяслаг үйрч мэднэ. Ингээд 15-30 минут амраах бөгөөд энэ хугацаанд амтлагчууд дүпүнд шингэх учиртай. Шарахын өмнө дүпүн дээр төмсний гурил хийгээд мөн л зөөлөн хутгаарай. Бага зэрэг ургамлын тос хийсэн хайруулын тавгийг 150 хэмд халаагаад, бэлтгэсэн бүтээгдэхүүнээ хийж дөрвөн талаас нь шарж, болгоно. Хэрэв та тосгүй шарахыг хүсвэл ёроол нь наалддаггүй сав сонгохоо мартуузай. Мөн шаржигнуур болтол нь шарахыг хүсвэл галаа бага зэрэг нэмэх учиртай. Ингэж бэлтгэсэн хоолыг хэрчсэн ногоон сонгино, гүнждийн үрээр амталбал янзтай.