Гэр бүлийн хүчирхийлэл Улаанбаатар хотод ямар хэмжээнд байгааг сурвалжлахаар өнгөрсөн баасан гарагт нийслэлийн Цагдаагийн газрынхантай хамт зарим дүүргээр явлаа. “Нөхөр нь эхнэрээ алах гээд байна” гэсэн дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн II хорооны нутаг дахь нэгэн айлыг зорив. Биднийг очиход гэрийн эзэгтэйн нүд хавдаж, хүүхдүүд нь хөнжилдөө шурган бүлтэлзэж байв. Сав суулга, шүүгээний хаалга эвдэрч, сандал нь хугарчээ.
Хохирогч эмэгтэй “Нөхөр минь гэртээ найзуудтайгаа нийлж архи уусан юм. Хүүхдээ уйлуулаад байхаар нь “Одоо боль, унтаж амаръя” гэхэд учиргүй уурлан, элдэв хараал урсгаж, заазуур авч хүүхэд рүүгээ дайрсан. Над руу сандал авч шидээд, мөнгө нэхсэн. Гараад явсан хойгуур нь эгчийгээ дуудаж хамт байхыг гуйсан. Явсныхаа дараа утсаар дарамталж, гэртэй чинь хамт шатаана гэж сүрдүүллээ” хэмээн хоолойгоо зангируулан арайхийн ярилаа. Энэ эмэгтэй нөхрөөсөө салсан ч хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэндээ буцаад нийлжээ.
Гэвч удалгүй дахиад л гарынх нь шүүсийг амссан байна. “Эхэндээ зоддог байсан, сүүлийн үед гайгүй болсон юм. Өнөөдөр л...” гэж хэлснийг нь бодвол өөрийг нь гомдоосон эрийг тэр эмэгтэй тийм ч их үзэн ядахгүй байгаа бололтой. Хүүхдээ өнчрүүлэхгүйг хичээж, түүн шиг олон эмэгтэй хүчирхийлэлд өртсөн ч тэвчсээр байдаг. Энэ мэтээр зодуулсныхаа дараа л цагдаагийн байгууллагад мэдээлж байгаа нь буруу гэдгийг цагдаа нар ахин дахин сануулсаар.
Хохирогчийн эгч “Дүүгээ залгахаар нь ум хумгүй гүйж ирлээ. Манайх замын цаана ойрхон байдаг юм. Тэр залууг өмнө нь зургаан сарын хугацаатай баривчлуулж байсан. Энэ удаа баривчлуулбал гурав дахь удаагийн тохиолдол болно. Тэр хүн хүүхдэдээ гар хүрээд зогсохгүй, гэрээ шатаахаас ч сийхгүй. Анх нийлж байхад нь барьж өгсөн гэрийг шатаах гэж тооно, хаалгыг нь галдаж байсан юм шүү дээ” гэв. Өмнө нь тэр айлд хэрүүл маргаан, зодоон цохион болж байхад хөршүүд нь огт дуудлага өгч байгаагүй аж.
Дээрх эмэгтэйг ямар аюул дунд байгааг мэдэхийн тулд тус хорооны цагдаа нар аюулын зэргийн үнэлгээ хийв. Энэ нь “Байнга зодож, дарамталдаг уу, хүчирхийллээс болоод амиа хорлоё гэж бодож байсан уу” зэргээр тийм, үгүй гэж хариулах боломжтой асуулт асууна гэсэн үг. 20 оноо авбал түүнийг Түр хамгаалах байр луу аваачих ёстой гэсэн үг. Эмэгтэйн хариулсан хариултыг 13 оноогоор дүгнэжээ. Энэ нь дундаас дээш үзүүлэлт тул цагдаа нар түүнийг Түр хамгаалах байр луу авч явахаар болсон юм. Гэвч хохирогч “Гэрээ шатаалгачихвал орох оронгүй болно. Эгч, ах хоёртойгоо хамт хонох тул одоо зүгээр” гээд хамгаалах байранд очсонгүй.
Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн “Гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн байгууллагад мэдээлээгүйгээс олон гэмт хэрэг гардаг. Хүний амь эрсэдсэн тохиолдол Чингэлтэй дүүргийн VIII хороонд өнгөрсөн дөрөвдүгээр сард бүртгэгдлээ. Иргэн И хамтран амьдрагч Б-гийн гарт амиа алдахаасаа өмнө хүчирхийлэлд өртдөг гэдгээ цагдаагийн байгууллагад нэг ч удаа мэдээлээгүй. Хөршүүд нь ч мэддэг хэрнээ нэг ч удаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй нь шалгалтаар тодорхой болсон. Хэрэв энэ тухай мэдээлсэн бол хохирогчийг хамгаалалтад авч, тухайн этгээдэд хариуцлага тооцож, хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой байв.
Гэртээ архидан согтуурах, агсам тавих зэрэг нь байдаг л үзэгдэл гэж нийтээрээ ойлгодог. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхээрээ хүчирхийлэл болдгийг дээрх жишээнээс харж болно. Иргэний үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээх ёстой. Энэ оны эхний зургаан сарын байдлаар хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрсөн 60 гаруй хүн 250 мянган төгрөгөөр торгуулсан. Зөрчил гаргасан этгээд ч өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна. Тиймээс хүчирхийлэл үйлдсэн 12 000 иргэнд ухуулга хийж, ухамсар зан үйлд нь эергээр нөлөөлөхүйц ажил зохион байгуулж байгаа. Он гарсаар 30 000 гаруй хүн эрүүлжүүлэв.
Баривчлах шийтгэл ногдуулсан 2536 хүний 20.2 хувь нь удаа дараа буюу 2-36 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Зөрчил гаргасан 51 195 хүнийг хоёр тэрбум 690 сая төгрөгөөр торгож, 2536 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлахаар болсон. Тэдний 2107 буюу 88 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Зөрчил үйлдэхэд нөлөөлж буй шалтгааны нэг нь архи тул энэ оны эхний таван сарын байдлаар 412 иргэнийг архины албадан эмчилгээнд явуулсан” гэв.
Дээрх дуудлагаас гараад Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсээр ороход гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дөрвөн дуудлага иржээ. Бага тоо мэт боловч хохирогчид нь мөн л цагдаад нэг бус удаа хандаж байсан иргэд байв. Харин Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст 16 дуудлага иржээ. Тус хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгч, ахмад Б.Ариунболд “Манай хэлтэст өнөөдөр 106 дуудлага ирсний 16 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байна. Бүх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, материалжуулан, архидан согтуурсан иргэдийг Эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Дуудлага байнга өгдөг хүмүүс ч олширсон.
Сонгинохайрхан дүүргийн V хорооны иргэн гэхэд 2017 оноос хойш “Нөхөр агсам тавиад, мөнгө нэхээд байна” гэсэн дуудлага 12 удаа өгчээ. Зөрчил байнга үйлдэгчийг эрүүлжүүлээд Эрүүгийн хуулийн 12.7-д заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг ч иргэдийн хандлага өөрчлөгдөхгүй байна” гэлээ.
Цагдаагийн байгууллагын хүн хүч, техник хэрэгсэл ч дутмаг аж. Давхардсан дуудлага хэд хэд ирэв. Ирсэн дуудлагын дагуу явж байтал “50 орчим насны эмэгтэй ухаангүй хэвтэж байна” гэсэн мэдээлэл ирж, цагдаа нар замаасаа хазайж, Сонгинохайрхан дүүргийн V хороонд очиход Яаралтай тусламжийн эмч ч ирсэн байв. Тэр эмэгтэйн амин үзүүлэлтүүд хэвийн байна гэж эмч нар дүгнэсэн тул Түр саатуулах байр луу түүнийг аваачихаар болов. Автомашин хүрэлцээгүй тул архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тэр эмэгтэйг өөр хороо руу дуудлагаар явж байсан цагдаа нарт дайв.
Нийслэлийн нэг хороонд ойролцоогоор 12 000 хүн амьдардаг. 4000 хүн тутамд нэг хэсгийн байцаагч байх ёстойг Засгийн газрын 153 дугаар тогтоолд тусгасан ч уг тогтоол одоо болтол хэрэгжээгүй байгаа юм. Хэрэв хэрэгжвэл Улаанбаатар хотод хэсгийн байцаагч 170-180, эргүүлийн цагдаагийн тоо 300 гаруйгаар өснө. Хүн хүч нэмэгдвэл гэмт хэргийн тоо ч буурахыг үгүйсгэхгүй.
Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар 197 000 дуудлага ирсний 27 300 нь буюу 30 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой. Энэ нь хоногт 1500 -1700 дуудлага цагдаагийн байгууллагад ирдэг гэсэн үг. Үүнийг өмнөх жилийнхтэй харьцуулбал 21 хувиар буурсан үзүүлэлт. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэргийн тоо 12 хувиар өсжээ. Гэмт хэрэг өссөн шалтгаан нь давтан гэмт хэрэг үйлдэгчид олширсонтой холбоотой гэж цагдаа нар тайлбарлав. Байнга буюу гурваас дээш удаа дарамталсан, эд хөрөнгөө зарах, ашиглан зарцуулах эрхэд халдсан, сэтгэл санааны дарамтад оруулсан бол Зөрчлийн хуулийн 17.1-т заасны дагуу хариуцлага хүлээлгэж, 6-12 сар хорих эсвэл, зорчих эрхийг нь хязгаарлах заалттай.
Гэвч шүүхийн шийдвэрээр баривчлуулсан иргэдийн 40 орчим хувь нь суллагдсаныхаа дараа гэр бүлийн хүчирхийлэл дахин үйлдсээр байгаа аж. Гэр бүлийн хүчирхийллийн явцад хүүхэд хохирдгийг албаныхан онцолсон. Тиймээс хүүхдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт суулгаж, хүчирхийллийг нуун дарагдуулалгүй, яаралтай мэдээлэх нь аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал гэдгийг цагдаа нар хэлж байлаа.
Г.Жавхлан