Төсөөл дөө. Өмнө нь нэг ч очиж байгаагүй газарт очтол, эсвэл хэзээ ч таарч байгаагүй хүнтэй уулзахад эчнээ мэддэг мэт санагдах үе байдаг даа. Яг энэ үйл явдал өмнө нь болсон мэт санагдах үе байдаг л биз дээ. Энэ бол хүн бүрт тохиолддог давхар мэдрэмж буюу “Deja vu” юм. Сонирхуулахад, “deja vu” гэдэг нь франц үг бөгөөд “deja” нь аль хэдийн, “vu” нь харах гэсэн утгатай аж. Үүнийг хувь тавилангийн зураг, сүнс биед нь нэвтрэх үзэгдэл, эсвэл урд насандаа үйлдэж байсан үйл гэх мэт олон янзаар тайлбарласан нь бий.
Аливаа киног үзэхээсээ өмнө найруулагч, зохиолч, зураач, зураглаач, гол дүрд тоглосон жүжигчдийн нэрсийг эхлээд заавал сонирхдог юм. Энэ зангаараа өвөрмөц нэртэй эл уран бүтээлд ажилласан багийг сонирхтол хамтарч ажиллаад хэдийн дадсан, кино урлагт нэлээдгүй олон жилийг өнгөрүүлсэн уран бүтээлчдийн зэрэгцээ өмнө нь огт сонсож байгаагүй жүжигчдийн нэрс харагдав. Найруулагч Б.Чингүүний энэ сарын 7-ноос үзэгчдэд хүргэсэн “Deja vu” киноны тухай ярих гэж буйг уншигч та одоо ойлгосон байх.
“Deja vu” киног “Могул” пикчерс Хонконгийн “Лесмода” кино компанитай хамтран бүтээснийг сонсоод нэлээд найдлага тавьж эхлүүлсэн. Талаар болсонгүй. “Дуудлага”, “Хайр”, “Бумеранг” гэхчлэн киног олны хүртээл болгосон найруулагч Б.Чингүүний ес дэх уран бүтээл нь энэ аж. Гол нь энэ удаа тэрбээр хүмүүсийн мэддэг хэрнээ тайлбарлаж чаддаггүй тэр л мэдрэмжийг сонирхолтойгоор үзүүлэхийн тулд доторх нандин бүхнээ “ухаж” гаргасан байв.
Солонго бол бүтэн өнчин өссөн, 27 настай бүсгүй. Эмч мэргэжилтэй, эрдмийн зэрэг горилж буй судлаач. Түүнд гэр бүлийнхээ тухай аз жаргалтай авхуулсан гэрэл зургаас өөр мэдэх зүйл юу ч үгүй. Эцэг, эх, хоёр эгч нь яагаад ганцааранг нь үлдээгээд “явсныг” үргэлж мэдэхийг хүсдэг ч хаанаас, хэнээс асуухаа мэдэхгүй. Нэгэн удаа тэрбээр амьд хулгана дээр эрдэмтдийн гаргасан тусгай шингэн ашиглан, үхүүлээд, буцаан амьдруулах туршилтад оролцлоо.
Энэ гайхалтай үзэгдлийг хараад түүнд нэгэн адын бодол төрснөөр киноны өрнөл эхэлнэ. Солонго өмнө нь “Хүн үхсэний дараа сүнс нь хамгийн сүүлд бодсон газарт нь очдог” гэж дуулжээ. Ингээд тэрбээр туршилтаар гарган авсан шингэнийг ашиглан, зүрхээ зогсоож, эцэг, эхийнхээ амьд ахуй үеийг харахаар шийддэг.
Уг кино нь триллер төрлийн боловч уянгын, адал явдалт өнгө аясыг алдаагүй байна. Кинонд хүний мөн чанар, гэр бүл, өс хонзон, үйлийн үрийн тухай харуулжээ. Хурц өрнөлтэй, утга санааны огцом эргэлттэй үйл явдлууд нь үзэгчдийг дэлгэцэд “уяж”, дараа нь өрнөх үйл явдлыг таамаглах боломжгүй байв. Кино үргэлжлэх тусам цааш хэрхэх нь сонирхол татна. Тухайлбал, Солонгын сүнс шоронгоос оргосон гэмт хэрэгтний биед шилжих хэсэг, эцгийнхээ биед “шургаж” гэр бүлийнхнийхээ амиа алдаж буйг хардаг хэсгийг энд дурдаж болно.
Өөр хоорондоо ямар ч холбоосгүй олон үйл явдлыг хэлхэх цор ганц зүйл нь Солонго. Солонго ахин дахин үхэж, амилж, өөр биед шилжсээр, цаг хугацаатай уралдсаар нэг л мэдэхэд эцсийн амьсгалаа хураах нь хүмүүний амьдралыг кино урлагаар дамжуулан харуулсан ч байж болох. Гол дүр Солонгод СУИС-ийн оюутан Н.Нархажидыг тоглуулсан нь нүдээ олсон байв. Сэтгэл хөдлөл илүүтэй гаргаж, “дотогшоо” тоглохыг, дотоод сэтгэлийн зөрчил, хүний мөн чанарыг илэрхийлэхийг шаардсан энэ дүрд тэрбээр чадварлаг тогложээ.
Жүжигчин Э.Батнямбууг дурдалгүй өнгөрч боломгүй санагдсан. “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” кинонд тоглосноос нь хойш түүнийг уран бүтээлчид болоод үзэгчид эсрэг дүрийн шинэ үеийн мастер гэж үнэлээд буй. Тэрбээр энэ удаа мөн л “дайсны” талын дүрийг “урлав”. Бүр ямар чамин “урласан” гээч. Гол дүрийг улам тодотгодог туслах дүрүүдэд Ш.Батбаяр, Б.Хунцэнгүүн, О.Самданпүрэв, М.Золжаргал нар тогложээ. Тэд найруулагчийн оноосон үүргийг сайн биелүүлсэн байна лээ.
“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш “Онц сонирхолтой кино байлаа. Цааш яах бол гэж хөтлөгдөж, шар үс босож үзлээ. Үзэн ядалт, өс хонзон, үйлийн үрийн тухай бодол төрүүлсэн. Жүжигчид ажлаа сайн хийжээ. Тэдний ажиллагаа, тоглосон байдал их таалагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. ОХУ-ын кино судлаач Сергей Анашкин монгол киноны талаар “Гадаад хүн монгол кино үзээд уярамтгай, гэнэн байдлыг нь гайхдаг. Харин Монголын үзэгчид хоёрдмол байдалд дургүй. Тодруулбал, үзэл бодлын тодорхой байр суурь хүсдэг. Үл ойлгогдох байдал тэднийг тавгүйтүүлж, аль нь муу, аль нь сайн бэ гэдгийг тодорхой зааж өгөхийг илүүд үздэг. Үзэгчдийн энэ хандлага жүжигчдийн тоглолтод нөлөөлж байгааг ажигласан. Тод илэрхийлэх сэтгэл хөдлөл нь нарийн тоглолтыг үгүй хийж, жүжигчид дүрээ маазрах маягийн, ситком (телевизийн цуврал нэг хэлбэр)-ын хөнгөн хэлбэрээр шийдээд байгаа нь харамсалтай” гэсэн нь бий. Түүнд “Deja vu”-г үзүүлж, монгол киноны хийц, уран бүтээлчдийн чадвар өөрчлөгдөж буйг харуулмаар санагдав.
Уран бүтээлийн гараагаа “Найзууд” нэгдлийн “Амьдралын амт” уран сайхны, UBS телевизийн “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл киног найруулан эхэлсэн Б.Чингүүн “Квентин Трантино, Акира Курасава, Стивен Спилберг гэхчлэн алдартай найруулагчийн уран бүтээлийг харахад л андашгүй, хэний кино вэ гэдэг нь мэдэгддэг. Ажилласан уран бүтээл бүрээсээ шинэ зүйл сурч, алдаагаа засаж, өөрийнхөө арга барилыг олохоор хичээж явна. Би кино зохиолынхоо синопсис буюу ерөнхий санаа, хураангуйг өөрөө гаргадаг. Харин зохиолын задаргааг кино багийнхаа хамт олонтой ярилцаж, олон хүний санаа бодлыг сонсож байж гаргах дуртай. Аль болох өмнө нь оролдож үзээгүй төрлөөр уран бүтээл хийж, өөрийгөө сорихыг хүсдэг” гэсэн. Тэгэхээр энэ удаа триллер төрлийг барьсан нь түүний эл хүслээс улбаатай аж.
Кино сонирхогчид Канн, Цезарь болон Европын кино наадмын шагналт, Хонконгийн найруулагч Вон Кар Вайг андахгүй. Мөнхийн сэдэв болох хайр дурлалыг тэр бүр хөндөөгүй өнцгөөс, тэгэхдээ дээд зэргийн таашаал, мэдрэмж өгөхүйцээр харуулдгаараа онцлог тэр найруулагчийн “Days of being wild”, “In the mood for love”, “2046” трилоги байдаг. Яагаад ч юм “Deja vu” киноноос тэдгээр бүтээлийн өнгө аяс “үнэртэх” шиг болсон. Гэхдээ “Энэ хуулах биш, түүнийг биширдэг учраас албаар түүн шиг аястай хийхийг оролдсон” гэж Б.Чингүүн найруулагч тайлбарлана лээ.
Бас адал явдалт төрлийн кино түлхүү найруулдаг Японы найруулагч Такэши Китоног биширдэг гэсэн. 2019 он гарснаас хойш Монголын уран бүтээлчид үзэгчдэд 10 гаруй кино хүргэжээ. Гэхдээ триллер төрлөөр бүтээсэн нь байгаагүй. Жүжигчин, найруулагч Ө.Мөнгөнтулга эл киноны талаар “Найруулга болон зураг авах ажил, хийц үнэхээр шинэлэг болсон байсан. Уламжлалт арга барилаас татгалзаж, шинийг эрэлхийлсэн” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Deja vu”-гийн ерөнхий продюсероор Коллин Лао, зураачаар Ц.Хүрэлбаатар, зураглаачаар Э.Очгэрэл ажилласан байна. Киноны зургийг авах ажил их сонирхол татсан. Удаан үргэлжлэх үйл явдлыг эвлүүлэггүйгээр авсан нь, мөн үзэгчдэд яг л тухайн дүрийн харж буй өнцгөөс харах боломж олгосон нь сонирхолтой. Энэ талаар тус киноны найруулагч “Би аль болох техник, технологийн дэвшлээр “зодохгүй” байхыг хичээдэг. Энгийн аргаар яаж сонирхолтой хийж болох вэ гэж эрэлхийлдэг” гэсэн юм. Б.Чингүүн анхны уран бүтээлээсээ авхуулаад л зураглаач Д.Ангарагтай ажилласан. Түүнийг АНУ руу явснаас хойш Э.Очгэрэлтэй гар сайн нийлдэг болжээ. Мөн зураач Ц.Хүрэлбаатартай ажиллаад дадчихаж. Бас түүний бүх киноны гэрэлтүүлэгчээр Ш.Батбаяр ажилладаг.
“Deja vu” киноны пост продакшн буюу өнгө шүүлт, дууны найруулгыг дэлхийн жишигт нийцүүлж, 4к дүрсний чанар, 5.1 дууны дуугаралттай бүтээсэн байна. Арилжааны олон кино шил даран, долоо хоног бүр нээж буй энэ үед өөр нэгэн содон бүтээл хүргэхээр зорьж, болоогүй бас үзэгчдээр “таавар” таалгасан нь олзуурхууштай. Ташрамд сонирхуулахад, “Могул” пикчерсийн уран бүтээлчид “Inlighting” хэмээх киног ирэх намар үзэгчдэд хүргэнэ. Тус киноны зургийг өнгөрсөн жил Хөвсгөл аймаг, Хонконгод авчээ. Энэ зун дахин үргэлжлүүлж, ирэх есдүгээр сард бүрэн дуусгах гэнэ. Уянгын төрлийн энэ кинондоо найруулагч Б.Чингүүн монгол ахуйг Барууны соёлтой зэрэгцүүлж харуулахыг хичээсэн аж.