Элчин сайд асан, хатагтай Ш.Батцэцэгтэй ярилцлаа. Бүгд Найрамдах Индонез улсад 2014-2017 онд Элчин сайдаар ажилласан, өдгөө Монгол Улсаас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор Засгийн газрын хуралдаанаар дэмжээд буй түүнтэй дипломат харилцаа, улс төрийн талаар гэхээс илүүтэй шинэ үеийн эрч хүчтэй эмэгтэйнх нь хувьд санаа бодлыг нь хуваалцахаар урилаа. Тэрбээр бодлого судалгааны удирдлагын магистр, боловсролын удирдлагын доктор юм.
-Та дахин Элчин сайдаар томилогдох боллоо.
-Элчин сайдад дахин нэр дэвшлээ. Индонез Улсад бол Элчин сайдаар Монгол Улсаа төлөөлж ажилласан. Анхны эмэгтэй Элчин сайдаар суухаар очсон надад бүх талаар сонирхолтой байсан, бүрэн эрхийн хугацааны гурван жил томоохон хэмжээний сорилт байлаа. Үүнтэй адил хэрэв УИХ-аар ёсчлогдвол БНКУ ч гэсэн бас нэгэн өндөр даваа байх болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэл, Төрийн гадаад бодлогын тасралтгүй амжилттай үргэлжлэх хариуцлага, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хичээж ажиллах болно оо.
-Та улс төрд өөрийн гэсэн дуу хоолой, байр суурьтай явж ирсэн. УИХ-д нэг бус удаа нэр дэвшиж байв. Тэр хүртэл ямар амьдрал туулсан, хэний охин, хэрхэн сурч, хүмүүжиж ирэв гэдгийг тань уншигчид сонирхож байгаа болов уу. Энэ талаар ярих уу?
-Би Төв аймгийн хүн. Тухайн үеийн Зуунмод хотод төрж, өссөн, нутагтаа хайртай. Аав, ээж маань энгийн албан хаагчид. Аав санхүүч. Аймгийн захиргаанд олон жил ажилласан. Ээж минь холбооны залгагч. Хоёр мянгаад хэрэглэгчийнхээ нэр, утасны дугаарыг цээжээр мэддэг, “Хороо, хороо” гэж суудаг, олонтойгоо хүн байлаа. Аав их шударга. Тэр ч зан, чанараараа олонд танигдсан хүн байлаа. Ээж минь маш нямбай. Амбаараа хүртэл яг гэр шигээ цэвэрхэн байлгадаг, эмх цэгцтэй байхыг хүүхдүүддээ ойлгуулдаг, чухалчилдаг хүн байлаа. Манайх “Соёлч айл” байлаа шүү дээ. Бид аав, ээжээсээ тавуул. Ах, эгч нар маань биднийг, харин бид тэднийхээ хүүхдүүдийг өсгөлцөж ирсэн амь нэгтэй, баяр баясгалан дүүрэн гэр бүл дээ, манайх. Эцэг, эхээ одоо илүү сайн ойлгож байна. Хүүхдүүдээ зөв, шударга, хоорондоо эвтэй хүмүүс болгож өсгөхийн төлөө хичээж, өөрсдөө үлгэрлэдэг байжээ. Хүүхдүүд бидэндээ гэр бүлийн үнэ цэнтэй, юутай ч зүйрлүүлшгүй өв үлдээжээ. Бид бизнес хийж, ашиг орлого олох эрдмээр маруухан. Хурааж, хуримтлуулсан зүйл гэх юмгүй. Төрийн албанд голдуу ажиллаж ирсэн. Эцэг, эхийн уламжлуулан өвлүүлсэн хүн байхын ухааны хүчээр, тэр баялгийн ачаар дор бүрнээ амьдрал, ахуйгаа аятайхан авч явдаг. Тухайлбал, би олон нийтийн ажилд зүтгэхдээ миний үнэ цэн хаана байдаг вэ гэдгийг ойлгож, мэдэж байдаг.
-Өөрийнхөө үнэ цэнийг гэр бүлээсээ олж харах болсон гэж ойлгож байна.
-Тийм ээ. Гэр бүл маань өсөж, өндийх, үр ач олон байх, тэд маань эрүүл байж, зөв төлөвшин, мэдлэг, боловсролтой хүмүүс болох ёстой. Гэр бүлийн үнэ цэн бол улсын маань үндэс суурь. Ингээд аваад үзэхээр аав, ээжийн өвлүүлсэн хүн байхын ухаан бидний амьдралдаа баримталдаг зарчим болж байх юм. Тэгэхээр эцэг, эх гэдэг ийм эрхэм,нандин.
-Дунд сургуульд онц сурдаг байсан уу?
-Дунд сургууль Төв аймагтаа төгссөн. Бусад хүүхдийн адил хичээлдээ идэвхтэй, онц, сайн дүн авдаг сурагч байлаа. МУИС-ийн Орос хэлний багшийн дээд, Москва хотын Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуульд суралцаж төгссөн. Дараа нь өөрийн орны болон гадаадын хэд хэдэн их, дээд сургуульд суралцаж, эрдмийн цол зэрэг хамгаалсан. Хүн болох, аливааг дүгнэж, цэгнэх гараа анх элсэн орсон дээд сургуулиас эхтэй юм уу гэж боддог.
-1984 оноос 2013 он хүртэл дунд сургуульд орос хэлний багшаар ажиллахаас эхлээд “Эй Би Ай” бодлого, судалгааны хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Дэлхийн банкны үндэсний зөвлөх хүртэл ажил, албан тушаалын шатаар амжилттай авирч иржээ. Энэ бүхнээс хамгийн чухал нь хэзээ хийж байсан, аль ажил бол?
-“Зуунмод” коллежийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажилласан он жилүүд юм болов уу. Бүхнийг цоо шинээр эхэлж, нүдээ нээсэн үе минь.
-Индонез улсад суух Элчин сайдаар томилогдоод хамгийн түрүүн юу гэж бодсон бэ?
-Шашин ондоо, тэс өөр ертөнцийн улс орон эмэгтэй Элчин сайдыг яаж хүлээж авах бол гэж бодсон. Гэсэн ч ердөө жилийн дараа Индонез улсад гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд, тус улсын улс төр, бизнесийн салбарын хүмүүс тойрон хүрээлж, дэмжиж ажилласан даа. Намайг бүгд л Баагий сайд гэдэг болсон.
-Тус улсад таны санаачлан байгуулсан Монголын соёлын төв сонирхол татдаг. Энэ төвийг байгуулсан түүхээ сонирхуулж ярих уу?
-Элчин сайдаар ажиллах гуравхан жилийн хугацаанд Монгол-Индонез улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд бодитой, хоёр талын харилцаанд түлхэц болох ямар ажил хийж болох вэ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа гэдэг бол юуны өмнө глобалчлагдаж байгаа дэлхий ертөнцөд иргэд хоорондын чин сэтгэлийн ойлголцол юм гэж үзээд, үндэснийхээ өв, соёлыг урдаа барья, тус улсын иргэдийн анхаарлыг ЭСЯ-ны байнгын оролцоогүйгээр татаж байх хөлийн газар, төв байгуулах нь оновчтой юм гэж үзсэн. Соёлын арга хэмжээнд зориулсан төсөв байхгүй учраас хэрхэн хэрэгжүүлэх тухайд бодож эхэлсэн дээ. Хоёр орны амьдралын ижил төстэй болон ялгаатай талуудын тухай их бодож, төлөвлөгөө боловсруулсан.
Индонезчууд албан ёсны бахаса хэлтэй, латинаар бичдэг, 350 аялга бүхий хэлээр хоорондоо ярьдаг. Гэсэн ч үндэсний өв, уламжлал, соёлоороо нэгдэж чаддаг ард түмэн. Үндэсний хувцас, өв соёл сайтай, түүгээрээ бахархдаг. Тэр ард түмэнд Монголоо таниулах ажлаа үндэсний хувцсаа танилцуулахаас эхэлье гэж шийдсэн юм. Очсоноос хойш жил орчмын дараа Б.Сувдаа захиралтай “Монгол костюмс” компанийн 27 хүний бүрэлдэхүүнтэй багийг авч очсон. Энэ олон хүний ирж, очих зардал гэж чамгүй юм болсон.
Очоод эхэн үедээ улс оронтой танилцахын зэрэгцээ хүмүүстэй уулзах ажил хийж байлаа. Индонез улсад баячууд ч бий, ядуус ч олон. Зүрх сэтгэлээ зориулсан зүйлдээ үнэнч олон хүнтэй таарсан. Индонезчүүдтэй уулзаад суухад Монголын тухай яриулах их дуртай. Нэгэн уулзалтын үеэр санаачилгаа дэмжүүлэх хүн оллоо. Би “Энэ олон сая хүн амтай танай оронд Монголоо өв, соёлоороо дамжуулж таниулахыг хүсэж байна.
Танай үндэсний хувцасны өв, соёлын амин сүнс нь батик буюу уламжлалт даавуу үйлдвэрлэлд тулгуурладаг шиг манайх бас үндэсний хувцасны баялаг соёл, уламжлалтай. Монголчууд үндэсний хувцсаа эрхэмлэн дээдэлдэг” гэж тайлбарлаад, үзүүлэх арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг хэрэгтэй байна гэсэн юм. Тэр хүн ихэд сонирхон сонсож, хүлээж аваад, эцэст нь дэмжихээр болсон. Ингэж эхний ажил маань амжилттай болсон юм. Сүүлд нь өнөөх дэмжигч маань ярилцаж суусан хүмүүст “Тэр үед Батцэцэг сайд саналаа хэлээд, үгүй гэж хэлэхийн аргагүйгээр цоо ширтсэн” гэж хэлээд хөхөрч байлаа. Индонезэд нэртэй бизнес эрхлэгч энэ хүн манай улсын өргөмжит консул байсан.
-Монголын соёлын төв байгуулахаар сэтгэл шулууджээ. Бүтээх хүртлээ ямар зам туулсан бол?
-Индонез бол аялал жуулчлал дээд цэгтээ хөгжсөн орон. Би Аялал жуулчлалын үндэсний холбооны ерөнхийлөгчтэй нь танилцсан юм. Тэр хүн манай улсад нэг удаа ирсэн юм билээ. “Та зах хязгааргүй тал нутагт хонин сүрэг зоргоор бэлчсэн сайхан орны төлөөлөл юм байна. Танаас Чингис хааны хатны, эсвэл ээжийнх нь юм шиг эрч хүч мэдрэгдээд байна” гэж ирээд л намайг дөвийлгөнө өө. Түүнд монгол гэрт хонох маш их таалагдаж гэнэ.
Хоёул дахиж уулзах үедээ би санаж бодож явдгаа хэллээ. Таны Монголд очихдоо үзсэн тэр сайхан орчныг энд бүрдүүлье, индонезчүүд эх орондоо Монголтой танилцаг. Та дэмжээч, ямар арга зам байна вэ” гэхэд “Та үүнийг үнэхээр хиймээр байна уу” гэж байна. Үнэхээр монгол гэр барьж, Монголын тухай мэдээлэл түгээдэг, ёс заншил, уламжлалын талаар ойлголт өгч, монгол хоол, ундаар дайлдаг, тоглоом наадгай сонирхуулдаг төв байгуулмаар байгаагаа хэлэхэд “За, тэгвэл би танд газар өгье” гэсэн. Ингээд санаснаас хурдан газартай болов. Ява арлын баруун эрэгт, нийслэл Жакартагаас гурван цаг явж очдог газарт нов ногоон, будааны нойтон талбайд 100 га газар зааж өгдөг юм байна.
“За, та энд “Монголоо босгож чадах уу. Чадна гэвэл, бас монгол гэр авчирна гэх юм бол мөнгө босгож өгье” гэлээ. Ийм л юм хэрэгтэй байсан юм чинь, “Чадна” гэлгүй яах вэ. Үүнээс хойш жил, зургаан сар “нүдэж” байж гэр барих хуурай газартай болсон. Би будааны талбайд хөл нүцгэн явж, шаварт зоогдон байж цай, хадаг барьж соёлын төвийнхөө шавыг тавьж байлаа (инээв).
-Соёлын төвөө яг санаснаараа байгуулсан уу?
-Тэгсэн. Залуучуудтай сууж ярилцан, төвийнхөө ерөнхий зургийг гаргасан. Том, 12 ханатай гэр нэг, жижиг гурван гэртэй байя гэж төлөвлөсөн. Жижиг гэрүүдийн нэг нь монгол өв, соёлын өргөө бөгөөд тоглоом наадгай голдуу байхаар, нөгөөх нь монгол хоолоор үйлчлэх, гурав дахь нь хүмүүсийг унтуулж, амраах зорилготой гэр байх ёстой гэж үзсэн. Том гэрээ зочид хүлээж авдаг, аялал жуулчлалын хөтөлбөрүүд болон соёл урлагаа танилцуулдаг их өргөө байхаар ярилцлаа.
-Элчин сайдын яамны ажил гэхээс илүүтэй соёлын төвийн ажил хийж эхэлжээ.
-Тийм. Хагас, бүтэн сайнгүй явж ажилладаг байлаа. Будаа тариалж байсан нойтон талбайн хөрсийг эргүүлж хатаалаа. Жил гаруйн дараа газар хатсан. Монголтой зүйрлэхэд агь, гангын үнэр ханхалсан сэргэлэн ногоон дэнж гэж хэлж болохоор нов ногоон талбайд соёлын төвөө байгуулаад, 2016 онд улс тунхагласны баяраар нээсэн.
Нээлт угтуулаад “Batik” гэдэг номоо гаргасан. Монголын соёлын төв нээхдээ Индонез улсын тухай мэдээллийг бас их эвтэйхэн өгөхийг хичээсэн юм. Батик гэдэг нь тус улсын, ард түмний соёлын үнэт өв. Гар аргаар, уламжлалт технологи буюу суурь даавуун дээр зэсээр цэгүүд хатгаж, хээ урлан бий болгодог даавуу юм. Индонез улсыг гадаад ертөнцөд хамгийн түрүүн батик даавуугаар төлөөлүүлдэг.
Ийм нэр хүндтэй, хүчтэй урлал, урлагийнх нь тухай монголчууддаа мэдүүлэх, улмаар Индонез улсад гадаад орнуудаас суугаа Элчин сайд нарт ч гэсэн нарийн ойлголт өгөх зорилгоор уг урлагийн талаар сайтар судалж, ном бичсэн юм. Ингэж Монголын соёлын төвийн нээлтээрээ хоёр туулай зэрэг буудсан. Гадаад хүн монголчуудын өв, соёлд тийм хүндэтгэлтэй хандаж, хичээж зүтгэн босгож өгсөн 30-аад мянган ам долларыг үр ашигтай зарцуулах нь миний үүрэг байлаа. Монголын соёлын төвийн ажил одоо ч их сайн явж байгаад баяртай байдаг.
-Удахгүй та Куба улсыг зорино. Тэнд Монголын соёлын төв байгуулах уу?
-Монгол Улсын Элчин сайдын яам бүхий улс орон бүрт Монголын соёлын төв байгуулах нь Монгол болон тухайн улс хоорондын харилцаа найрсаг, хамтын ажиллагаа өгөөжтэй байхад тустай юм гэж харсан. Эцсийн дүнд улс орнуудын сайн харилцаа гэдэг нь иргэд хоорондын нөхөрсөг харилцаа юм.
Улс орнуудад ийм төв байгуулснаар тухайн улс орны иргэд Монголын тухай мэдээллийг жилийн турш авч байснаар Монголыг гэх сонирхол төрж, наашаа аялах жуулчдын тоо өснө. Гадаад харилцааг эдийн засагжуулах тухай бодлого бий. Үүний гол шугамуудын нэг нь аялал жуулчлал гэж ойлгодог. Тиймээс анх удаа Элчин сайдаар ажилласан орондоо Монголынхоо соёлын төвийг байгуулж чадсандаа баяртай байдаг. Үр өгөөж нь аяндаа харагдах байх.
Бидний ярилцлага өндөрлөх тийшээ хандаж байхад Америк дахь Монгол нийгэмлэгийн тэргүүн, монгол судлаач Алиша Кэмп орчуулагчийн хамт ирсэн юм. Тэрбээр Элчин сайд Ш.Батцэцэгтэй танил, 1990-ээд оноос хойш хийсэн ажил, хэрэгжүүлсэн төслүүдийг нь сайн мэднэ гэж ярихад нь олзуурхаж, найзынхаа талаар сэтгэгдлээ хэлэхийг хүслээ.
Монгол судлаач Алиша “Батцэцэг бол их бүтээлч эмэгтэй. Бусдын төлөө, залуусыг дэмжихийн тулд ямар ч ажил хийхэд бэлэн явдаг хүн. Улс төрд хөл тавьж байгаа залуучуудыг ардчилсан Америкт аваачиж сургадаг, энэ чиглэлийн оюутан солилцооны хөтөлбөр олныг хэрэгжүүлсэн. Америкт түүнийг төрийн бус байгууллагууд, Америк, Азийн хүрээлэн, Бүгд найрамдахчуудын хүрээлэн, тэр бүү хэл, Сенатын түвшинд ч сайн мэддэг болсон. Бас их дэмждэг. Зарим боловсорсон, туршлагатай хүмүүс залууст зааж сургаж, мэдлэг, чадвараа өвлүүлж чаддаггүй. Учир нь тэд өөрийгөө завгүй хүмүүс гэж ойлгодог. Харин Батцэцэг эсрэгээрээ “Миний мэдэх бүхнийг ав, заалгах юм байвал хэлээд өгье” гэж суудаг өгөөмөр сэтгэлтэн. Монголчууд уламжлалт өв, соёлоо байнга авч явах ёстой. Хуучны өв, соёлыг залуучууд яаж өөрчлөлт болгож, орчинжуулах вэ гэдэгт хариу өгөх, ойлгуулах шаардлага тулгарч байна. Энэ үйлсэд хувь нэмэр оруулж, гүүр болж чадах хүмүүсийн нэг нь Батцэцэг юм. Миний мэдэх Батцэцэг бол 1990-ээд оноос хойш маш олон манлайлагч эмэгтэйчүүдийг улс төрд суралцахад өөрийн мэдлэг, арга туршлагаа зориулсан, дээр нь дипломат харилцааг жинхэнэ амьд харилцаа болгож чаддаг ийм л туршлагатай, мэдлэгтэй, түшигтэй эмэгтэй” гэнэ билээ.